Америк удирдаач &#34Зулай цагаан алтай&#34-г хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Америк удирдаач &#34Зулай цагаан алтай&#34-г хүргэнэ

Төгөлдөр хуурч С.Саянцэцэгтэй ярилцахаар ангид нь очлоо. Тэрбээр өнгөрсөн намраас ХБК-ийн төгөлдөр хуурын тэнхимд багшаар ажиллаж байгаа билээ. Яваад ороход нэгдүгээр ангийн бяцхан шавиа “Баяртай” гэж гараараа даллан үдэн гаргаж байв. Яг л өөрийнхөө хүүхдийг эрхлүүлж байгаа юм шиг наалинхайтаж байх аж. Шавь нартаа өндөр шаардлагатай нэлээд ширүүн багш гэж ойлгодог болохоор ийн хэлээ хазах шахан шавиа өхөөрдөж байхыг нь хараад эхэндээ жаахан гайхав. Ярилцахын өмнө тэрбээр “Сургууль маань консерватори болоход надад ийм жаахан хөөрхөн амьтад олдох ч юм уу, үгүй ч юм уу гэж бодоод хайр хүрээд байдаг юм” гэсэн. Тавдугаар ангийн сурагч Төгөлдөр байраа эзэлж багш хичээлээ эхлэхийг хүлээн суув. Түүнээс болон багшаас уучлалт хүсээд ярилцах 15 минут гуйсан юм. Жаалхүү за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй Кабалевскийн дуунууд бүхий ноот дэлгээд таг. Багшаас хурдхан Дуурийн театрт энэ сарын сүүлээр хийх гэж буй тоглолтынх нь талаар мэдээлэл авлаа.  

-Ойрд уулзсангүй. Өвөл Испанид хийсэн тоглолт нь амжилттай болсон уу?

  
-Сайн болсон. Эртнээс бэлтгэсэн, энд ч өдөр шөнөгүй давтсаар байгаад очсон болохоор дажгүй ээ. Үзэгч, сонсогчид маань сайхан хүлээж авсан.

-Гэртээ харих сайхан байсан байх даа?

-Мэдээж гэр юм чинь гоё байлгүй яах билээ. Гэхдээ шууд л тоглолтын ажилдаа орсон болохоор тав тух, амралт гэж назгайраагүй.

-Намар уулзахад нийслэлийн амьдралд дасч ядаж байна, замын бөглөрлөөс авахуулаад хэцүү зүйл байна гэж байсан одоо нэг л тайвширсан янзтай…

-Гэртээ, эх орондоо, ээжийнхээ хажууд байгаа юм чинь дасч ядах юу байх вэ. Тэгээд л дасчихсан.

-Одоо Дуурийн театрт хийх гэж байгаа тоглолтынхоо талаар танилцуулаач,та?

-Энэ бол манай аав, дүү, бид гурвын уран бүтээлийн хамтарсан тоглолт юм. Аав, дүүгийнхээ зохиосон бүтээлүүдэс би тоглоно. Аавын дөрвөн прелюди, Сансарын “Хөгжилтэй чөтгөр” гэж жижигхэн зохиол, мөн нэг концертыг нь тоглох юм. Өөр уран бүтээлчид ч дуулж, хөгжимдөнө. Сансар маань төгөлдөр хуурын II концертоо багцаагаар одоогоос жил хагасын өмнө дуусгасан. Аавд тоглож сонсгоход нь “Хөөрхөн зохиол болж” гэж байсан юм. Одоо ч тэр дүр нь санаанд минь тод байна. Тэр өдөр гурвуулаа үүнийг хүмүүст сонсгох хэрэгтэй. Нэгэнт тоглолт хийх юм чинь өөр бүтээлүүдээсээ, дуунуудаасаа оруулаад цаг гаруй хугацааны сайхан концерт бэлтгэе гэж ярьсан юм. Гэтэл аав маань биднийгээ үүрд орхиод яваад өгсөн. Аав маань байхгүй ч, уран бүтээл нь зогсч болохгүй. Тиймээс яг ярьж байснаараа тоглолтоо хугацаандаа төлөвлөөд хийх гэж байна. Ээжийнхээ сэтгэлийг амраах ч хэрэг байна. Сансарын төгөлдөр хуурын концертыг анхлан эх орондоо тоглуулж байж гадаадын тайзан дээр гаргая гэж бид бүгд ярьсан л даа.

-Энэ II концертын анхны сонсогч, хүлээн авагчид нь монголчуулд байх нь. Хэзээ гадаадад тоглуулах вэ?

-Би үүнийг, бас аавын дөрвөн прелюдиг дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Америкийн Эквадор улсад Филармонид нь тоглох юм. Симфони найрал хөгжмийн удирдаач нь зохиолыг аваад бэлтгэж байгаа.

-Энэ оны юу?

-Тийм ээ. Одоо хийх тоглолтынхоо дараа удахгүй явна. 

-Таны тоглолтууд эртнээс төлөвлөгдөж, сүлжээнд орсон байдаг гэсэн. Үнэн юм. Тэр мундаг менежер, танай гэр бүлийн хүн одоо хаа байна, Испанид уу?

-Ирээд байгаа. Бидний тоглолтыг дэмжиж, хамт байхаар ирсэн. Ээж бүр баярлаад л байна. Ганцаараа  байгаад байсан, хоёулаа болсон, одоо бүр дөрвүүлээ байх ямар гоё юм бэ гээд их аз жаргалтай хүн байна.

-Хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн гэр бүлийн хувьд төдийгүй монголчуудын тухайд хөгжмийн томоохон баяр болох төлөвтэй…

-Аав маань олондоо хүндтэй уран бүтээлч. Мэргэжлийн зохиол бүтээлийн зэрэгцээ ард олноо хайрласан, магадгүй харамласан  сэтгэлээр бичсэн олон сайхан дуутай болохоор тоглолтод нь оролцоё, дуулъя, тоглоё гэсэн уран бүтээлчид байна. Сайхан юм. Тийм ээ, хөгжмийн сайхан тоглолт болох байх. Гэхдээ сүүлийн үед мэргэжлийн түвшний тоглолтууд чанаржиж ирж байгаа. Богино хугацаанд чанартай номерууд үзүүлдэг болсон. Хэдэн жилийн өмнө зарим тоглолт гурван цаг үргэлжилдэг байлаа шүү дээ. Одоо тийм юм байхгүй.

-ДБЭТ-ын симфони найрал хөгжим ажиллах уу, удирдаач хэн байх юм бэ?

-Улсын филармонийн болон ХБК-ийн симфони найрал хөгжим хамтарч тоглоно. Удирдаач нь Жоил гэж америк хүн бий. Тэр одоогоор тоглолтой яваа, Англиас ирж удирдах юм. Оркестр бүтээлүүд дээр ажиллаж эхэлсэн. Удирдаач ирэхэд бүх юмыг бэлэн байлгах учиртай. Жоил Сансартай уран бүтээлийн холбоотой юм билээ. Төгөлдөр хуурч болохоор дүүгийн зохиолуудас тоглож байсан юм билээ. Би бол ирэхэд нь л танилцана. Тал талд хувийн бэлтгэл хийж байна даа.

-Их өргөн бүрэлдэхүүнээр тоглох юм байна. Удирдаач зөвхөн төгөлдөр хуурын концерт дохих юм уу?

-Бүгдийг нь. Тэр үдэш найрал хөгжмөөр ямар бүтээл тоглох ёстой, тэр бүгдийг удирдана.

-Ч.Сангидорж гуайн “Зулай цагаан Алтай”, “Монгол далай”-г ч гэсэн үү. Хэр мэдэрч удирдах бол?

-Монголчуудтай монгол зохиол бүтээл дээр ажиллах гэж байгаа гээд их баяртай байгаа гэсэн. Аавын маань байгаль дэлхий, уул усаа хайрласан сэтгэлийг тэр хүн ойлгож, өөрийнхөөрөө гаргаж тоглуулах байх аа. Хүн  төрөлхтөн бүгд л эх дэлхийдээ хайртай. Би Монголынхоо симфони найрал хөгжимчидтэй ажиллаж байсан. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад уриалсан сэдэвтэй томоохон тоглолтод Улсын филармонийн найрал хөгжимтэй тоглосон. Удирдаач нь Шведийн Терье Микельсон байлаа. Бид маш сайн ойлголцож байсан. Тиймээс энэ уда ч гэсэн алзахгүй байх гэж бодож байна. Тэгэхэд удирдаач Б.Лхагвасүрэн бэлтгэл ажлыг маш сайн хийсэн байлаа. Тэр үед би Лхагваа удирдаачийг сайн уран бүтээлч юм гэж ойлгосон.

-Та аавынхаа дөрвөн прелюди, дүүгийнхээ нэг концертыг тоглох юм байна. Концерт нь урт уу, хэдэн ангитай вэ?

-Темпийн талаар одоо хэлэх аргагүй. Удирдаачтайгаа ажиллаж байж болно. Удаан тогловол 25 минут болох болдов уу. Ер нь орчин үеийн зохиолууд богино байдаг болсон. Анги гэж тусгаарлахгүй, бүхэл концерт.

-Дүүгийнхээ том хэмжээний бүтээлээс юу мэдэрч байна даа?

-Хөнгөхөн, аялгуулаг зохиол. Ямар ч оюутан тоглочих аятайхан концерт. Үндсэн аялгуу нь “Зулай цагаан Алтай”-д суурилдаг. Ер нь байгаль дэлхийгээ гэсэн өнгө аястай дөлгөөхөн бүтээл. Нээрэн аавын виолончельд зориулсан зохиолыг Ц.Бэхбат тоглоно.

-Шведээс ирж үү?

-Тийм.

-Ямар сайхан хэрэг вэ. Түүний тоглохыг олон жил сонссонгүй. Ганцхан энэ тоглолтод оролцохоор ирэх гэж байгаа юм уу?

-Өөр ажил төрөл амжуулах юм билээ. Бэхээ бараг л манай гэр бүлийн гишүүн шиг болсон хүү. Испанид миний зохион байгуулдаг фестивальд байнга очиж тоглодог. Их ч туршлагажиж байгаа. Аав түүнийг маш их хайрладаг байсан юм. Энэ зохиолоо бараг Бэхээд зориулсан болов уу ч гэж боддог.

-Жинхэнэ мастеруудын тоглолт болох нь дээ…

-Ямар ч байсан аавынхаа санаж, хүсч байсан тоглотыг хийе, уран бүтээлээ урагшлуулъя гэж бодсон доо.

-Ээж тань болж өгвөл өвгөнийхөө бүхий л сайн бүтээлүүдийг эгшиглүүлэхсэн гэж бодож байгаа байх даа.

-Тийм хүсэлтэй байвч учиргүй зүтгээд байхгүй ээ. Гэхдээ ээжийн захиалгатай дуунууд бий.  Ээжийн маань хөл хөнгөрчихсөн яахав ийхэв гээд л, ийшээ ч явах уу, тийшээ ч очих уу гээд л байж байна. 

-Та бүхний зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтэх болтугай, амжилт хүсье?

-Баярлалаа.

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: "Өдрийн шуудан"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж