Гаддафигаас зугтан нутагтаа ирсэн сувилагч бүсгүй ярьж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Гаддафигаас зугтан нутагтаа ирсэн сувилагч бүсгүй ярьж байна

Оксана Балинская Украйны бүсгүй. Тэрбээр Гаддафийн сувилагч нарын нэг байжээ. Бослого үймээн эхэлж, цаг түгшүүртэй болж эхэлмэгц зугтан нутагтаа ирсэн байна. “Галзуу нохой”-н дэргэд өнгөрүүлсэн өдрүүдийнхээ тухай “Newsweek”-д ярилцлага өгчээ. Түүний дурсамжийг толилуулж байна.


“Би Гаддафийн зүрхийг үздэг байлаа. Бид маш тансаг амьдардаг байсан. Гэхдээ үймээн самуун гарч эхлэхэд би энэ тансаг амьдрал эцэстээ ямар үнэд хүрэхийг мэдээд зугтсан.


Гаддафийн сувилагчаар ажиллаж эхлэхдээ 21 настай байлаа. Бусад охидын хамтаар түүний сувилагчаар ажиллах болсон. Би Украйнд төрж, өссөн. Арабаар гац үг ч ярьж мэдэхгүй хүн анх ирсэн. Бид түүнийг “Папик буюу аав” гэж дууддаг. Аав бидэнд маш сайхан ханддаг байсан юм. Мөрөөдөж болох бүх л зүйл бидэнд байсан. Би гэхэд хоёр унтлагын өрөөтөй тансаг байранд амьдарч байсан. Хувийн жолоочтой. Хүссэн цагтаа дуудаж энд тэнд хүргүүлдэг. Гэсэн ч байрыг минь хатуу манадаг, хувийн амьдралыг маань мөрдөж,мөшгөдөг байсан.


Эхний гурван сар түүний гэр рүү очихыг зөвшөөрдөггүй байлаа. Аав эхнэрээ хардана гэж болгоомжилсон байх гэж боддог. Сүүлдээ би түүний гэрт байнга очдог болсон. Сувилагчдын гол үүрэг бол аавын биеийг үзэж байх. Үнэндээ тэр залуу хүнийх шиг эрүүл чийрэг биетэй л дээ. Зүрх, цусны даралт нь залуу хүнийхтэй л адил. Түүнийг Чадад айлчлахдаа халуун орны элдэв өвчнөөс сэргийлж бээлий өмсөж явахыг бид зөвлөж байсан. Түүнийг гэрийнхээ гадуур тогтмол явган алхаж, вакцинаа тотмол хийлгэж, даралтаа цагт нь хэмжүүлж байхыг бид хариуцна.


Украйны хэвлэлүүд биднийг Гаддафийн амраг бүсгүйчүүд гэж нэрлэдэг. Энэ бол худлаа. Бидний хэн нь ч түүнтэй дотно харилцаатай байгаагүй. Түүний даралтыг үзэх гэж л биед нь хүрдэг байсан юм чинь. Яг үнэн гэвэл аав өөрийнхаа найз Сильвио Берлусконийг бодвол хамаагүй намбатай, ёс суртахуунтай хүн. Аав украйн бүсгүйчүүдийг сувилагчаараа сонгосон нь бидний царай зүсэнд болсон хэрэг. Тэр гоё сайхан зүйлсээр өөрийгөө хүрээлүүлж байх дуртай. Олон бүсгүйчүүдээс тэр намайг сонгохдоо надтай гар барьж, нүд рүү минь харсан. Хожим нь түүнийг ямар нэг шийдвэр гаргахдаа үргэлж тухайн хүнтэйгээ гар барьдаг болохыг мэдсэн. Тэр гайхамшигтай сэтгэл судлаач хүн. Хүнийг нэвт харж чадна.


Аав зарим нэг хачирхалтай гэмээр зуршилтай. Хуучны хуурцаг тоглуулагчаар араб дуу сонсох дуртай. Өдөрт хэд хэдэн удаа хувцсаа сольдог. Тэр ер нь гадна үзэмжиндээ онцгой анхаардаг. Надад 80-аад оны рок дуучныг санагдуулаад байдаг юм. Заримдаа зочид хэдийнэ ирчихээд хүлээгээд байхад ч өрөөндөө очиж хувцсаа сольдог. Хамгийн дуртай хувцас нь цагаан өнгийн хослол. Африкийн орнуудаар явж байхдаа өөрийнхөө хуягласан лимузиний цонхоор хүүхдүүдэд чихэр, мөнгө шидэж өгдөг. Гэхдээ ямар нэг өвчин авчихаж мэднэ гээд тэр хүүхдүүдэд ойртдоггүй. Түүнийг майханд унтдаг гэж ярьдаг нь худлаа. Зүгээр л цуу яриа. Албаны уулзалтаа л майхандаа хийдэг.


Бид аавтай хамт гайхамшигтай сайхан газруудаар явж байсан. Америк, Итали, Португал, Венесуэльд очиж байлаа. Сайхан ааштай байхаараа тэр биднээс хүссэн бүхнээр нь хангаж өгсөн үү гэж асууна. Бидэнд дэлгүүр хэсэх мөнгө өгнө. Жил болгон өөрийнхөө ажилтнуудад өөрийнхөө дүрстэй алтан цаг бэлэглэдэг. Тэр цагийг үзүүлээд л Ливид маш олон асуудлыг шийдвэрлэж болно. Тэр цагны хүчээр хүссэн хаалгаа онгойлгож, хүссэн зүйлээ хийж болно.


Миний анзаарснаар Ливийн ард түмний бараг тэн хагас нь аавд дургүй. Тэндхийн эмнэлэг, эмч нар бидэнд дургүй. Учир нь бид тэднээс гурав дахин өндөр цалин авдаг болохоор. Бид сардаа 3000 гаруй ам.доллар авдаг. Аав Ливитэй холбоотой бүх шийдвэрийг гаргаж, асуудлыг өөрийнхөөрөө шийддэг. Яг Сталин шиг. Түүнд эрх мэдэл, тансаг чамин амьдрал бүгд бий. Египетийн бослогын тухай мэдээг зурагтаар анх хараад би аавын эсрэг энэ орны хэн ч ингэж босож зүрхлэхгүй гэж бодож байсан юм. Гэтэл Египет, Тунисийн дараа бослого яг л цунами адил давалгаалсан. Хэрвээ аав эрх мэдлээ хүү Сайфдаа өгчихсөн бол ийм зүйл болохгүй байсан. Ингэж хүний амь үрэгдэхгүй байсан.


Би хоёрдугаар сарын эхээр Триполигоос явсан. Яг л цагаа олж явсан юм билээ. Хоёр найз маань тэнд үлдсэн. Одоо тэд хаашаа ч явах аргагүй. Миний тухайд явах шалтгаан байсан юм. Би дөрвөн сартай жирэмсэн байсан. Гэдэс минь томорч эхэлсэн болохоор явахаас өөр арга байгаагүй. Аав миний серб найз залууг хүлээн зөвшөөрөхгүй байх гэж айсан.


Аав өөрийг нь хаяж явсны төлөө намайг хэзээ ч уучлахгүй гэдгийг би мэднэ. Гэсэн ч одоо би өөрийгөө зөв зүйл хийж гэж бодож байгаа. Найзууд маань намайг ирээдүйгээ, хэвлий дэх хүүхдээ бодоод явсан дээр гэж зөвлөсөн. Өнөөдөр аавын дотны найз нөхөд нь ч түүнээс нүүр буруулан зугтаж байна. Харин аав өөрийнхөө хүүхдүүдийг болоод үлдсэн хоёр сувилагчаа эцсийн мөчийг хүртэл дэргэд нь байж хамт үхэхийг тушааж байгаа гэсэн”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж