Шударга л болсон юм бол юунд нууна вэ

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Шударга л болсон юм бол юунд нууна вэ

Засгийн
газрын энэ сард хийсэн хамгийн том “ажил” нь түр орлон гүйцэтгэгчдээ
жинхэнэ болгуулж авсан явдал болов. Засгийн газар 16 яамны Төрийн нарийн
бичгийн дарга, хэрэгжүүлэгч болон тохируулагч 11 агентлагийн даргыг 
сонгон шалгаруулах захиалга гэгчээ Төрийн албаны зөвлөлд өгсний дагуу
тус зөвлөл “нийтэд нээлттэй” гэж тодотгосон сонгон шалгаруулалт зарлаж,
сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн иргэдээс шалгалт авсан.
Шалгалт авч, шалгаруулалт явуулахад хамгийн гайхалтай нь түр орлон
гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүмүүс илүү ч үгүй, дутуу ч үгүй бүгд
тэнцэж,  албан тушаалдаа жинхэлж үлдэхээр болон нүд орой дээр гаргав.
Тэнцсэн тэдгээр хүмүүсийг албан тушаалд нь томилуулахаар Төрийн албаны
зөвлөл дүгнэлт гарган,  Засгийн газарт саналаа хүргүүлсний дагуу түр
орлож байсан төрийн нарийнууд болон агентлагийн дарга нарыг бүгдийг нь
албан ёсоор жинхэллээ. Уг нь 16 яамны Төрийн нарийн бичгийн даргын албан
тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орохоор нийт
28 хүн бүртгүүлснээс 22 нь шалгалт өгч, өрсөлджээ. Харин  11 агентлагийн
даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад нийт 29 хүн бүртгүүлснээс
22 нь шалгалт өгсөн байна. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд 22
хүн өрсөлдөж байхад яагаад түр орлож байсан мөнөөх 16 тэнцчихэв.
Агентлагийн даргын албан тушаалд мөн 22 хүн өрсөлдөж байхад бас яагаад
түр орлож байсан тэдгээр  11 л тэнцээд үлдчихэв. Сонин биш байна гэж үү.
Эдний нэг нь ч шалгалтад бүдрээгүй гэж бодохоор гайхалтай санагдахын
зэрэгцээ шалгаруулалт үнэхээр шударга болж чадав уу гэдэг эргэлзээ
өөрийн эрхгүй төрж байгаа юм. Хачирхалтайгаар жинхэлж үлдсэн төрийн
нарийнууд болон агентлагийн дарга нар дээр Засгийн газрын хэрэг эрхлэх
газрын дэд дарга Г.Дэнзэн /Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн/
нэмэгдэхийг тэмдэглэх хэрэгтэй.  
“Чамлахааргүй олон хүн өрсөлдөж
байхад яагаад түр орлож байсан тэр хүмүүс л тэнцчихдэг байна аа. Энэ ер
нь боломжтой юу” гэсэн эргэлзээ эл үйл явцыг ажиглан харж байсан хүн
бүрт төрсөн нь лавтай. Тиймээс ч бид өчигдөр Төрийн албаны зөвлөлийг
зорьж очив. Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын үүргийг түр
орлон гүйцэтгэж байсан тэдгээр хүмүүсээс ямар шалгалт авав,  ямар авьяас
чадлаараа тэд тэргүүлэв, шалгаруулалт үнэхээр шударга болж чадсан уу,
нэг албан тушаалд хоёроос дээш хүнийг өрсөлдүүлж сонгон шалгаруулна
гэдэг зохицуулалт алдагдаагүй юу  гэх зэрэг асууж тодруулах зүйл олон
байсан учраас энэ асуудлаар Төрийн албаны зөвлөлийн холбогдох албан
тушаалтны аль нэгтэй нь ярилцлага хийх хүсэлтээ тавилаа. Хэвлэлийн
төлөөлөгч бүсгүй зөвлөлийн даргад хүсэлтийг минь дамжуулахаар орсон ч 
таван минут орчим болоод “Дарга одоо хуралтай юм байна, амжихгүй гэнэ”
гэсээр гарч ирэв. Энэ байгууллагад үйлчилдэг журам ёсоор эл бүсгүйгээр
орон тооны зөвлөлийн гишүүн Д.Даваа-Очирт хүсэлтээ уламжлуулахаар араас
нь дагалаа. Бүсгүй бас л ганцаараа өрөө рүү нь орж явчив. Эргэж гарч
ирээд “Өнөөдөртөө мэдээлэл өгөхгүй гэнэ. Ирэх дөрөв дэх өдөр Нийслэлийн
гурван удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг явуулсны дараа нэгтгээд
мэдээлэл өгье гэнэ” гэсээр гарч ирлээ.

Энэ бүхнээс дээрх хоёр албан
тушаалтан хоёулаа түр орлон гүйцэтгэгчдийг  жинхэнэ болгосон онц
сонирхолтой шалгалтынхаа талаар мэдээлэл өгөх хүсэлгүй байгаа нь илт
болсон. Д.Даваа-Очир дарга сонгон шалгаруулалтыг хариуцдаг учир өөрийн
биеэр хүсэлтээ уламжлахаар өрөөнд нь орлоо. Ярилцлага авах гэсэн
тайлбараа хэлж, хүсэлтээ тавилаа. Гэвч тэрбээр мэдээлэл өгөхөөс эрс
татгалзав. Яагаад мэдээлэл өгөх боломжгүй байгааг нь лавлахад “Шалгалт
хувийн нууц байдаг. Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга
нараас асууж байгаад зөвшөөрвөл мэдээлэл өгч болох юм” гэж нүд орой дээр
гаргалаа. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн хэвлэлд ярилцлага
өгөх эсэхээ бусдаас асууж, шийдүүлнэ гэдэг байж болох уу даа. Үнэхээр
гайхалтай санагдсан. Удаа дараагийн хүсэлтийн минь хариуд тэрбээр “Ирэх
дөрөв дэх өдөр Нийслэлийн гурван удирдах ажилтны /Нийслэлийн засаг
даргын тамгын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд
захирагчийн ажлын албаны дарга,  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн
хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга/ сонгон шалгаруулалтыг явуулж
дуусчихаад бүх хэвлэлийг дуудаж мэдээлэл өгнө. Тэгэхэд тэртэй, тэргүй
ярилцлага өгнө” гэж уцаарлалаа. Яг энэ үгээ тэрбээр хориод хоногийн өмнө
манай сэтгүүлчид  хэлсэн юм. Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон
шалгаруулалт явагдаж байх үеэр мэдээлэл авахаар очиход “Агентлагийн
дарга нарын сонгон шалгаруулалтыг явуулчихаад нэгдсэн журмаар мэдээлэл
өгнө” гэсэн хэрнээ тэр шалгалт нь явагддагаа явагдаад, хүмүүс нь
томилогддогоо томилогдчихоод байхад мэдээлэл өгөхгүй гэж суугаа хэрнээ
Нийслэлийн гурван даргын сонгон шалгаруулалтын дараа мэдээлэл өгөх үү. 
Тэгээд ч Нийслэлийн  гурван даргын сонгон шалгаруулалт маргааш, нөгөөдөр
буюу 21-22 нд болно. Энэ нь шалгалтаа дөнгөж авч дуусчихаад тэр өдөртөө
багтааж мэдээлэл өгнө гэдэг  худлаа гэсэн үг. Хэзээ байхад шалгалт
дуусангуут Төрийн албаны зөвлөлийнхөн мэдээлэл өгөөд байдаг байлаа. Урд
өмнө “Шалгалтын дүн гараагүй байна. Дүгнэлтээ комиссоороо хэлэлцсэнийхээ
дараа мэдээлэл өгөх боломжтой” л гэдэг байсан сан.  Тиймээс
Д.Даваа-Очир даргын “Ирэх дөрөв  дэхэд мэдээлэл өгнө” гэдэг нь молиго
гэсэн үг. Мэдээж өгвөл сайн л биз.

Шалгаруулалтаа үнэхээр шударга л
явуулсан юм бол юунд мэдээлэл өгч чадахгүй, төдийд өдийд гэж
булзааруулаад суугаа юм бэ гэж сониноор дамжуулан Д.Даваа-Очир хийгээд
зөвлөлийн дарга Б.Цогоогоос асуумаар санагдсан. Эсвэл мэдээлэл өгч ч
чадахгүй ингэж  аргаа барж суухын  оронд тэр сонгон шалгаруулалтаа огт
хийхгүй байсан нь дээр юм биш үү.

Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй.
Шалгалт хууль журмын дагуу шударга явагдсан юм бол тэр тухайгаа олон
нийтэд зоригтойхон шиг хэлчихэд юу нь болохгүй байна вэ. Уг нь энэ
Засгийн газар нээлттэй, ил тод ажиллана гэж тунхаглаад байгаа.
Тунхагласан тунхаглаагүй ардчилсан төрд ямар ч мэдээлэл нээлттэй л байх
ёстой. Гэтэл нуухын цаагуур нууж, далдлахын цаагуур далдалцгааж сууна. 

Төрийн
албаны учир мэдэх нэгэн хүнтэй “Зөвхөн энэ хүмүүс шалгалтад тэнцээд
үлдчихнэ гэдэг боломжтой юу, би лав итгэхгүй байна” гэж санал солилцоход
учиргүй хөхрөөд “Мэдэхгүй, би ямар дэргэд нь байсан биш” гэж хариулсан.
Сонгон шалгаруулалт гэж үнэхээр инээдтэй юм болжээ гэдэг нь энэ хүний
инээдээ барьж чадахгүй байгаа хандлагаас илтэд мэдрэгдсэн дээ.

Дашрамд
дурьдахад, УИХ-аар баталсан Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын журам
гэж бий. Тэрхүү журамд  сонгон шалгаруултад хоёр болон түүнээс дээш
иргэнийг өрсөлдүүлнэ гэсэн заалттай.  Мэдээж ойлгомжтой, сонгон
шалгаруулалт гэхээр заавал хоёроос дээш хүн байна гэсэн үг. Хэрвээ нэг
хүн бол сонгон шалгаруулалт явагдахгүй. Хамгийн багадаа хоёр хүн байж
өрсөлдөөн гарна. Гэтэл 16 яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон
шалгаруулалтад 22 хүн орсон байдаг. Угтаа бол дор хаяж 32 хүн өрсөлдөх
ёстой. Тэгж байж “Нэг яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд
хоёр хүн өрсөлджээ, тэр хоёрын нэг нь мөнөөх түр орлон гүйцэтгэгч
байгаад шалгалтдаа тэнцээд жинхэлчихжээ” гэдэг логик дүгнэлт гарч ирэх
учиртай. 16 албан тушаалд 22 хүн өрсөлдсөн гэдэг нь зарим хүн өөрөө
өөртэйгээ өрсөлдсөн буюу ганцаараа шалгуулсан гэсэн үг болноо доо. Энэ
нь Төрийн албаны зөвлөл төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд
сонгон шалгаруулалтыг явуулахдаа хууль журам зөрччихөж гэсэн хардлага
төрүүлж байгааг дашрамд тэмдэглэе.

Энэ сарын 21-22 ны өдрүүдэд
Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий
менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга,  Нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сонгон
шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийнхөн хийнэ гэдгийг дээр дурьдсан.
Шалгаруулалт хийх ч яг өмнөх жишгээрээ эдүгээ дээрх албан тушаалыг түр
хашиж байгаа түр орлон гүйцэтгэгчдийг жинхэлж үлдээнэ гэдэгтэй
мөрийцөхөд ч болж байна.

Ингэх л байсан юм бол эхнээсээ юунд түр
орлон гүйцэтгэгч энэ тэр гэж томилж, шалгалт авч ажил уддаг байна аа.
Шууд л жинхэлчихгүй. Ардчилсан төрийн ардчилалгүй шийдвэр гэж л энэ байх
даа.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Эх сурвалж: "Өдрийн шуудан"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж