“Галаар наадагсад”-ын амьдралыг сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

“Галаар наадагсад”-ын амьдралыг сонирхоорой

Симийн намхан байшингууд, 12 дугаар бүсийн иргэдийн өвчин зовлон, өлөн зэлмүүн амьдрал, зэвсэг мөрлөсөн энхийг сахиулагчдын сэжиглэнгүй  харц, Капитолоос ирэх аймшигт тушаал, хэзээ ч үрэгдэж болох хэврэгхэн амь. Мөн эцэс төгсгөлгүй үргэлжлэх “Өлсгөлөн тулаан”.

Капитолынхон буюу эрх баригчдын  зүгээс Панемын 12 бүсийг хамруулан зохиодог айдас хүйдэс, тэсвэр тэвчээр, доромжлолын тулааныг зохион байгуулсны 75 жилийн ойг угтахаар шийднэ. Тэмцээний дүрмийг 25 жилийн давтамжтайгаар илүү хэрцгий болгон өөрчилдөг. Тэгвэл Ялалтын 75 жилийн ойн тэмцээний болзол чухам юу байх бол? Тааж боломгүй нөхцөл байдал, хатуу чанга дэглэм, золгүй баатруудтай “Өлсгөлөн тулаан” гурамсан романы дэд дэвтэр “Галаар наадагсад” таныг энэ мэт төсөөлөмгүй адал явдлын эрэлд “мордуулна”.
 
Хүүхдийн зохиол, хүүхдэд зориулсан дэлгэцийн бүтээлд хүч сорьж байсан Америкийн зохиолч Сүзаань Коллинз 2008 онд тэс өөр бүтээл, тэс өөр үнэнийг дэлгэн бичиж, зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Хэдийгээр Капитолынхон болон Панемын 12 бүс гэдэг нь бодит бус ч түүнтэй дүйхүйц зүйлс бидний эргэн тойронд болсоор байна. Дэлхий ертөнцөд болж өнгөрдөг эдгээр аймшигт зүйлсэд хамгийн их өртөгсөд нь хүүхдүүд байдаг. Хүн төрөлхтний хөгжил хурдаа авахын хэрээр хүмүүсийн хүсэл сонирхол, хүн чанар, бодол санаа хүртэл маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөхдөө буруу зүг рүү буруу замаар урагшилж байна гэдгийг зохиолч эмэгтэй хэлэхийг, хүмүүст мэдэгдэхийг хичээсэн нь илт. Уран зохиолын  дүрүүд, зохиол доторх үйл явдлууд, гол баатруудын бодол санаа, хувь тавилангаар дамжуулан хүн төрөлхтөнд өгсөн дохио нь тус бүтээл байлаа. С.Коллинзийн бүтээлүүд ихэвчлэн зөгнөлт, гэхдээ шинжлэх ухаан болон техникийн хэт үсрэнгүй хөгжлийг тусгадаг онцлогтой. Өл залгахын тулд “Өлсгөлөн тулаан”-д бүртгүүлж, нас биедээ хэтийдсэн зовлон зүдгүүрийг амссан Катнис охин, түүний найз Пийта, түүнчлэн хар багаасаа үерхсэн ч “зол”-гүйгээр үеэл нь болж хувирсан Гэйлийн хувь тавилан аль зүг рүү эргэж, Капитолын дарамт, бүсүүдийн тэмцэл дундаас тэдний гаргасан оч, гал болон дүрэлзэж чадах эсэхийг уншигч та энэхүү “Галаар наадагсад” номоос уншаарай.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж