
Ирж яваа цагийн өнгө цаанаа л нэг нөөлөгтэй. Сэтгэлд түмэн бодол эргэлдэж, алсын уулсын цэнхэр униар холын холд морд оо гэж дуудаад, хийх ажил, уулзах хүмүүсийн тоо нэмэгдээд байх шиг санагдана. Аргагүй л хавар цаг болохоор гэрт тогтож сууж, чадахаа больж, хүүхэд залуус хашаа байшингийн буланд, цэцэрлэг, саравчинд цуглан элдэвийг хуучилж зогсох нь өвлийн улирал буцсан ч жавар нь зууралдан байгаа энэ цагт хөгшдийн сэтгэл “Өвчинд ороогдох вий” гэсэн бодол төрүүлэн загнах, хэлэхийн хооронд үг урсгана. Түмэн зүйлийн хүмүүс холхисон их хотын нэгэн өдөр харанхуйд эхэлж, харанхуйд дуусдаг байсан бол өглөөн нарнаар ажилдаа яарцгаах болж. Үдэш харихад нь бас л нартай, ажлын цаг урт болсон ч юм шиг.
Гал хөсгүй хөндий гэрт орсон ч цаанаа л нэг дулаан. Гал түлэх төдийд л “пүн” хийх нь түлээ түлшнээс эхлээд олон зүйлийг хавар дагуулсаар ирж яваа нь мэдрэгдэнэ.
Ажил хийгээд суухнаа залхуу хүрч, гадагшаа гармаар бодогдоно. Дэмий сэлгүүцмээр ч юм шиг. Гэтэл хаа ч явсан дуусдаггүй атлаа шамдуулсаар байдаг мөнөөх цаг хугацаа наран сарны ээлжлэлтээр дэлхий эргэх тоолонд дахин дахин амж хэмээн хүн бүхнийг яаруулан байх нь “Жилийн дөрвөн улирал солигдож, байгаль дэлхий мянгантай өөрчлөгдсөн ч надад хамаагүй. Миний эрхшээл дор та бүхэн мөнхөд оршино” гэх байгалийн зарлиг ч юм шиг.
Хавар цаг гэхээр л хайлах цас, мөсний урсах чимээ, усны шувуудын ганганаа, нялх ногооны үнэр. Тэнгэрт худалдаж, хуралдаж нэг л өдөр нүр хийтэл асгарах анхны бороо. Нарлаж суугаа хөгшид. Инээж тоглон, дүрсгүйтэх хүүхдүүдийн хөөр баяр. Нялх төлийн дуу, нахианы нялуун атлаа анхилуун үнэр сэтгэлд бууна. Энэ бүхэн ээлж дараагаараа ирж яваа цагт шингэн хүний амьдралын нэгээхэн дурсамж, гуниг харуулсал, хайр, жаргал зовлон бүхнийг агуулж, одоо байгаа цагийн өөрчлөлт, шинэ агуулга, үйл явдал, өрнөл бүгдийг найруулан дэг, журам, ёс жаягийн дагуу дэлгэн харуулна.
Хүмүүний төөрөг хэдийгээр алганы зураасаар хэмжигдэх мэт санагдавч нэгэн жаран, зууны түүхийг өгүүлнэ. Тэрхүү жаран, зуунд энэхэн хаварт цагт ургаж байгаа, урсч буй бүхэн тухайн хүнтэй холбоотой бүхэн ирж яваа цагийн нэгэн түүхт багтаж, өөр өөрийн онцлогтойгоор диваажингийн туухайд жин нэмэн, тамын туухайд орж жингийн хэмжээг хэлбэлзүүлэн оршино.
Хамгийн түрүүнд хөх яргуй уулын бэл, хэцээр ургасан байгаа нь нэн гоёхон. Хөх уулсын саарал тарваганууд эхнээсээ ичээнээсээ гарч, нялх мөндөлүүд цасан дээгүүр баацаганан гүйлдэж хорвоотой танилцах их аяны анхны алхамуудаа хийх нь цаанаа л хөөрхөн. Ээжийнхөө мөөм, дулаахан үүрнээсээ илүүг үзээгүй эдгээр нялх амьтдын хувьд хорвоо хатуу зөөлний дэнсээ бэлдэнэ. Хэрэвзээ буруу гишгэвэл хүн, амьтны хоол болох. Эсвэл өөрийн гэсэн үүртэй болж үр төлөө үлдээж, өнөр болох хоёрын нэгийг хэрхэн сонгохыг харсаар, ажсаар л…
Тэнгэр багандсан уулсыг даван тэртээгээс ирж яваа шувуудын сэтгэлд ижил олон сүргээрээ хөвөн зэгэст шагшуурганд өндгөө дарах нь халуухан үүр нь тодхон харагдаж, салхи бороо, аяны хүнд хүчирийн эсрэг тэмцсээр нисэн яваа нь хүмүүс бидний үр хүүхэд хамаатан, садан, үр хүүхдээ бараадаж, бие биенээ үгүйлэн байн байн уулзахын мөрөөсөл болон суудгаас нэг их ялгаагүй. Нутаг, нууцхан сэтгэлийн үгүйлэл хоёрыг хамгийн түрүүнд хавар төрүүлдэг нь цаанаа л учиртай. Хавар хайрыг цэцэгс шиг дэлгэрүүлдэгтэйгээ адил хамгийн түрүүнд нутгийн тухай бодол төрүүлж, хаа холоос ч хамаагүй хүмүүнийг битгий хэл адгуусыг хүртэл дуудна. Хавар бас нэгэнтэй тохиосон зуурдхан учирлын дөрөөн дээр зурвас, гэрэл шиг гэрэлтээд л алга болсон нууцхан учирлын гашуун шархыг сэдрээнэ. Учир нь хавар нутгийн тухай бодлыг, хайрын гэгээн зүүднүүдийг агуулан байдгаас л энэ үед хүмүүс нутгаа илүүтэй санаж, тэр л цагт хүмүүс нууцхан учирал бүхний гэгээн мөчүүдийг үгүйлэн суудаг юм.
Өвөл хаврын эхлэл болохоор л үр төлөөн тээж, хавар нь төрүүлж, унтаж байсан цэцэгс хавар сэрж бие биенээ үргэлжлүүлэн оршино. Тэгэхдээ хүмүүн заяаг хавар цагийн усаар зуурч, цэцэгсийн анхны соёлж шиг ургуулж, үргэлжлүүлэн үүлнээс орох бороо шиг асгаруулан зурдаг. Хавар цаг. Ирж яваа цаг. Энэ цагийн өнгөнд эвдэрхий балгас ч өнгөтэй болж харагдана. Энэ цагт инээд хөөр бялхан байж үзэгдэнэ.