Төр болон банкныхан компанийн засаглалд анхаарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Төр болон банкныхан компанийн засаглалд анхаарч эхэллээ

Монголд засаглалыг тэр дундаа компанийн засаглалыг хөгжүүлэх нь тун чухал асуудал билээ. Компанийн засгалалын үндэсний зөвлөлөөс өнгөрсөн онд шинэчлэгдсэн Компанийн тухай хуулийн хэрэгжилт хийгээд компанийн засаглалын чиглэлээр шат дараатай арга хэмжээ зохиож буй. Тухайлбал, СЗХ, ТӨХ, Арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголбанк хамтран Төрийн байгууллага болон банкны удирдах албан тушаалтнуудад зориулсан “Компанийн ТУЗ-ийн гишүүдэд компанийн засаглалын сертификат олгох сургалт”-ыг энэ сарын 15-16-нд зохиолоо.

Сургалтыг нээж УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа “Компанийн засаглал, засаглалын чиглэлээр ТӨК болон ХК-ийн удирдлага, ТУЗ-ийн гишүүд сургалтад хамрагдах, энэ талаарх цогц ойлголттой болох, цаашид дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд энэхүү сургалт чухал нөлөөтэй. Тиймээс сургалтад хамрагдаагүй бусад компани, банкны ТУЗ-ийн гишүүд, холбогдох хүмүүс бизнесийн болоод өөрийн компанийн ирээдүйн амжилтын төлөө уг  сургалтад хамрагдах хэрэгтэй байна. Харин хамрагдсан гишүүд компанийн засаглалын талаарх шинэ мэдлэгээ үйл ажиллагаандаа ашиглаж, дадал, мөрдлөг болгох хэрэгтэй” гэв.

Хоёр өдөр үргэлжилсэн дээрх  сургалтад “Компанийн засаглалын үндсэн ойлголт” сэдвээр СЗХ-ны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр, “Компанийн засаглалын хууль, эрх зүйн орчин” сэдвээр С.Оргодол, “Төлөөлөн удирдах зөвлөл”ийн талаар Б.Байлийхүү зэрэг сургагч багш нар ажилласан байна.

Компанийн тухай хуулийн 75.8-д тусгаснаар ХК, ТӨК болон олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж буй компани, арилжааны банкуудын ТУЗ-ийн гишүүд, удирдах албан тушаалтнуудад компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, эрхийн бичиг заавал авсан байх ёстой хэмээн заажээ. Үүний дагуу “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2011 онд баталж, улмаар сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр компаниудын бизнесийн үйл ажиллагааг удирдахад хэрэглэдэг тогтсон бүтэц, процесс, ёс зүйн төлөв хэм хэмжээг чанаржуулж, компанийн өмнөө тавьсан зорилго болон санхүүгийн чадавхыг сайжруулдаг байна. Түүнчлэн 
гүйцэтгэх засаглал ТУЗ-ынхөө өмнө, компанийн санхүүгийн тайлан бусад хэрэглэгчдийн өмнө хариуцлага хүлээх чадвартай болоход дэмжих, тогтвор суурьшилтай, ажлын бүтээмж, чадавх өндөртэй ажиллах хүчин “төрүүлэх” механизм бий болгоно хэмээн үзэж байгаа аж.

Дашрамд дурдахад, ТӨК болон ХК, арилжааны банк зэрэг сургалтад хамрагдах ёстой байгууллагуудын ТУЗ-ийн гишүүд уг сургалтад хамрагдахгүй, удаа дараа хойшлуулбал Компанийн тухай хуульд зааснаар “Тухайн компанийн ТУЗ-ийг эрх зүйн чадамжгүй гэж үзээд бүрэн шинэчлэх хүртэл арга хэмжээ авна” гэх заалтыг хэрэгжүүлэх аж.

Компанийн засаглалын үндэсний зөвлөл дараагийн сургалтаа ирэх сард  хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зохиохоор төлөвлөжээ.

 
Б.МАРТ
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж