Саддамгүй Ирак 10 жилийн дараа

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Саддамгүй Ирак 10 жилийн дараа

Саддам Хусейныг устгаж, ардчиллыг эх нутагт нь цогцлоож, ард түмнийг нь амар тайван байлгана. Арай өөрөөр хэлбэл “Иракад ардчилал авчрах ажиллагаа”. 10 жилийн өмнө Иракад дайн ингэж эхэлжээ. Гэхдээ дайны учиг нь энд байсангүй. Гагцхүү газрын тосны арвин их нөөц нь Сем авгын эх орныг, эртний Вавилоны нутаг руу урин дуудсан нь энэ. Харин тэдэнд хамгийн хэрэгтэй байсан зүйл нь шалтаг. Саддам Хусейны эх нутагт цөмийн бөмбөгийн туршилт үйлддэг байж болзошгүй хэд, хэдэн газрыг нэрлэн дайн өдөөх эхлэлийг тавьсан. Улмаар 2003 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Жорж Бушийн тушаалаар 23 мянган цэрэг Иракийн нутагт нэвтэрснээр дайн эхэлсэн билээ. Дайны үндсэн зорилт биелсэн. Харин Иракад ардчилал тогтсон уу…

Зарлаагүй дайны оршил

2001 оны есдүгээр сарын 11. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг нурааснаас хойш АНУ хэн нэгнийг буруутнаар хайж эхлэв. Хамгийн түрүүнд Аль Кайдаг буруутнаар сэжиглэж, Осама Бин Ладен ч хүлээн зөвшөөрснөөр Афганистан руу цэрэг хөдөлгөх хэрэгтэй боллоо. Энэ хэрэгтэй холбогдуулан АНУ-ын тагнуулын төв газар тагнуулын ажиллагаа явуулахад нэг эрхэмтэй нарийн нягт холбогдож байжээ. Энэ бол Саддам Хусейн. Газрын тос болоод байгалийн хийн асар их нөөцтэй гэгдэх энэ улсын тэргүүн нь гайхалтайгаар таарч байсан нь сонин давхцал. Гэхдээ хүчээр тааруулсан уу, үнэхээр таарч байсан уу гэдгийг одоо тайлахад тун бэрх. 2002 оны долдугаар сараас Иракийн газар нутгийг судалж, зэвсгийн судалгаа хийх нэрийдлээр тагнуулын ажиллагааг эрчимжүүлэв. Үүнийхээ дүнд байгалийн баялагийнх нь нийт хэмжээг тодорхойлсон гэж зарим судлаачид үздэг. Тиймээс ч Иракийн зэвсэглэлийг хянах тусгай зөвлөл хүртэл байгуулагдсан гэхэд болно. Дайны оршил ингэж тавигдсан. Жилийн дараа дайн дэгдээх талаар АНУ-ын төрийн департамент ярилцаж, нэгэнт шийдвэрт хүрчээ. Чухам хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал байсан юм.

Саддамын үүрэн дээгүүрх нислэг

2003 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Багдадын цагаар үүрийн 5:34 цагт АНУ-ын цэрэг гэнэт довтолж, дайны эхлэлийг тавьсан юм. Эхний удаад АНУ-ын 248 мянган цэрэг, Их Британийн 45 мянган цэрэг, Австралийн 2000, Польшийн 200 гаруй цэрэг “Иракад ардчилал авчрах ажиллагаа”-нд оролцжээ. Цэрэг оруулсан эхний зорилго нь Саддам Хусейныг устгах. Иракад ардчилал цогцлооход хамгийн их саад болж байсан хүн нь тэр. Түүнийг устгахаас гадна Иракийн бүх зэвсэглэл АНУ-ын дараагийн бай. Алсын тусгалтай пуужин, цөмийн зэвсэг яг таг илрээгүй ч АНУ үүнийг террортой тэмцэхэд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл гэж үзжээ. Гэхдээ нууц зэвс

“Цэргийн ажиллагааны эхний зорилго мэдээж Саддам Хусейныг устгахад оршиж байгаа. Дараагийнх нь нууцлагдмал зэвсэглэлүүдийг илрүүлэх. Гуравт, энэ нутаг даяар байгаа террорист бүлэглэл, хэт даврагсдыг бүрнээ устгах. Дөрөвт, бидний тогтоосон судалгаагаар нарийн чанд холбоотой томоохон террорист бүлэглэлүүдийн сүлжээ илэрсэн. Үүнийг устгах. Тавд, Иракийн зэвсэглэлийг дэлхий дахинд ил болгоно. Зургаад, Иракийн ард иргэдэд энхтайван, аюулгүй амьдралын эх үндсийг тавина. Хамгийн сүүлд бид газрын тосноос олж байгаа ашгийг Иракийн ард түмэнд эрх тэгш хуваариладаг болгохын тулд тэмцэнэ” гэж тухайн үеийн АНУ-ын армийн генерал, ажиллагааг удирдагч Томми Фрэнкс ярьжээ.

2003 оны дөрөвдүгээр сарын 9. Саддам Хусейны 24 жилийн засаглал нуран унаж, АНУ-ын тагнуулын төв газрынхан түүнийг Иракийн хамгийн аюултай хүмүүсийн нэгээр нэрлэсэн юм. Тагнуулын төв газрын хамгийн аюултай топ 5 хүний жагсаалтын хоёрдугаарт, Осама бин Ладены дараа түүний нэр бичигдсэн байдаг. Саддамыг олох хүртэлх хугацаанд Иракийн газрын тосны нөөцтэй гэгдэх бүс нутгуудад томоохон тулалдаан өрнөж, судалгааны ажиллагаа эрчимтэй өрнөжээ. Ялангуяа Багдад, Насрия, Ум Каср зэрэг хотуудад тулалдаан эрчимтэй өрнөсөн байдаг.

Саддамыг хайж эхэлснээс хойш яг жилийн дараа 2003 оны 12 дугаар сарын 13-нд АНУ-ын тагнуулын төв газар түүний орогнож байгаа эдлэн газрын илрүүлж, маргааш нь цэргийн хүчээр түүнийг баривчлав. Тиркит хотын ойролцоо орших ад Давр нэртэй жижиг тосгонд Саддамыг баривчлах ажиллагааны үеэр жирийн иргэдтэй бүдүүлэг харьцаж, хүчирхийлэл өрнөсөн гэж гадны томоохон мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байсан ч тухайн үедээ намжжээ. 2004 онд түүнийг шүүх ажиллагаа эхэлснээс хойш тэрээр эх нутгаа хамгаалах, эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ мэдэгдэж, нэг улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх хэрэгтэй гэж өөрийн байр суурин дээрээ хүчтэй зогсч байсан билээ. Харин яг хоёр жилийн дараа улсын хөрөнгийг хууль бусаар завшсан, хоморголон устгах ажиллагаанд гэм зэмгүй хүмүүсийг хамруулсан гэж үзэн цаазаар авах ял оноосон юм.

Ардчилалын “уналт”

АНУ-ын цэргийн ажиллагааны дараа Ирак улс олон намын тогтолцоотой болсон. Засаглалын хэлбэр нь парламентад шилжсэн. 2011 онд АНУ-ын булаан эзлэлт дууссан ч одоог хүртэл АНУ-ын нөлөө энэ улсад хүчтэй бий гэж судлаачид үздэг. Гэсэн хэдий ч олон жилийн исламын соёлын нөлөө, шашны олон урсгал зэргийг шинэ засаглал алга болгож чадаагүй. Баримтаас харвал АНУ-ын цэргийн ажиллагаа явагдсанаас хойш иракийн 2,4 сая эх нутгаасаа дүрвэн гарчээ. Иракийн дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцсон гэж үздэг хэт даврагсад одоо ч бий. Тэдний гол хүсэл нь АНУ-ын нөлөөллийг Иракаас гаргах явдал. Өмнө нь өндөр татвар тогтоож байсан Иракийн нутаг дэвсгэрт одоо гадны компаниуд чөлөөтэй нэвтрэх боломж байдаг. Мөн АНУ-д хөнгөлөлттэй үнээр газрын тос экспортлодог. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Иракийн эдийн засаг 5 гаруй хувиар өсч, ирэх жилүүдэд хөгжингүй эдийн засагтай улс болох магадлалтай гэдгийг Сити Группынхан сануулж байгаа. Гэхдээ энэ тооцоололд том гүрнүүдийн өнгө аяс ороогүй гэж тооцвол шүү дээ.

Саддамын уналтаас хойшхи 10 жилийн хугацаанд нэг сая гаруй хүн нас баржээ. Өдөрт дунджаар дөрвөн хүн ямар нэгэн шалтгаанаар нас бардаг гэсэн баримт бий. Иракад Саддам байхгүй. Харин…

Б.БОЛОРСҮХ

 2003 оны гуравдугаар сарын 20.
АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн тушаалаар 23 мянган цэрэг Иракийн хилийн
ойролцоо, Кувейтын хойд хэсэгт газардав.

2003 оны дөрөвдүгээр сарын 9. Багдад хот. Саддам Хуссейны хөшөөг АНУ-ын явган цэргийн анги буулгав

2003 оны 3-р сарын 21. Багдадад байрлах ерөнхийлөгчийн ордон. АНУ-ын агаарын цэргийн хүч довтолсны дараа.

2011 оны 12-р сарын 15: Сатер агаарын баазаас АНУ-ын цэрэг нутаг буцах гэж байна. АНУ цэргийн хүчээ Иракаас 18-ны өдөр бүрэн татсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж