
Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс "Мэргэжлийн сургалт-Таны сонголт" өдөрлөгийг өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 10.00-16.00 цагийн хооронд зохион байгуулж байна. Өдөрлөгт мэргэжлийн сургалтын байгууллагууд, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүд оролцож, ажлын байр санал болгох, ажил мэргэжлийн талаарх зөвөлгөөг хүргэж байна. Тухайлбал, үсчин, гоо сайхан, оёдол, хувцас, эсгүүр, эсгий, арьсан, сувсан урлал, газар тариалан, барилгын мэргэжлийг иргэдэд танилцуулах ажээ.
Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газраас 6600 мэргэжилтэй ажилтан бэлтгэн, ажлын байранд зуучлах үндэсний хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч, уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг ярилцлаганд оруулж, тестээр шалгалт авч, гэрээ байгуулан ажиллах боломжийг олгох юм байна.
У.БОЛОР