
Үүнийг мэдэрсэн учраас тэрбээр сүүлийн үед үнээ улам бүр хурцалж байж ч болох. Ямар ч байсан Удирдах зөвлөлийн гишүүний хувиар өгч буй ярилцлагууд нь улстөрчийнхөө карьерийг өсгөх гэсэн далд санаархалтай нь яв цав таарч байгаа гэж болно. Гол нь түүний үгэнд үнэн байсан учраас тус намын шинэчлэлийн төлөө үг хийгээд үйл хөдөллөө эрчимжүүлж буй залуус С.Бямбацогт гишүүнтэй уулзалдаж эхэлсэн байна. Мөн тэдгээр залуусын дунд ноён нуруу нь болох үүрэг хүлээгээд байгаа УИХ-ын гишүүн асан Р.Раш ч С.Бямбацогт гишүүнийг ихээхэн дэмжих болж. Харин эсрэг талд нь Ө.Энхтүвшин гишүүний арга эвийг олох замаар Удирдах зөвлөлдөө үлдэхийг хүсэгчдийн хүчтэй бөөгнөрөл бий болсон гэх юм билээ. Тэнд нь Удирдах зөвлөл дэхь эмэгтэй гишүүд ерөнхийдөө багтаж буй аж. Улмаар шаардлагатай үед Ө.Энхтүвшин даргыгаа хамгаалахаас татгалзахгүй гэх юм билээ.
Түүнчлэн тус намын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй Ардын намын залуус ч намдаа өөрчлөлт хийх цаг болсон хэмээн үзэж “Дахин сэргэлт” хөтөлбөрийг санаачилсан. Уг хөтөлбөрийг санаачлах болсон шалтгаанаа тэд “Нам хэт унтаа байдалтай байна” гэдгээр тайлбарласан. Яг энэ үед нь Ө.Энхтүвшин тэргүүтэй тус намын удирдлагууд тэднийг хүлээн авч уулзан “Бид дэмжиж. Намын хөтөлбөр болгоно” гэдэг амлалтыг өгснөөр асуудлыг түр зууртаа намжаасан юм. Ж.Мөнхбатын хувьд мөн л Удирдах зөвлөлийн гишүүн гэдгээрээ онцлогтой бөгөөд нарийн бичгийн даргын албыг хашдаг нэгэн.
Ө.Энхтүвшин даргын гал унтраасан дараагийн тохиолдол нь УИХ-ын гишүүн асан, Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Р.Раш болон Д.Загджав нарыг саналыг дэмжсэн явдал. “Намын удирдлага буруу ажиллаж байна. Одоо манай нам МАХН-тай нэгдэж байж Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадна” гэх саналаа хэвлэлийн бага хурал зарлахтай нь зэрэгцээд тэдэнтэй уулзсан. Уулзалтынхаа үеэр “МАХН-тай эвсч Ерөнхийлөгчийн сонгуульд орох боломжтой” гэх хачирхалтай мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдэл нь Ардын намын залуус хийгээд нарийн бичгийн дарга Э.Мөнх-Очир тэргүүтний эгдүүг жинхэнэ утгаар нь хүргэсэн гэж болно. Тус намын дүрэм ёсоор нарийн бичгийн дарга нар нь Удирдах зөвлөлийнхөө хуралд оролцож, санаа бодлоо илэрхийлэх эрхтэй байдаг. Энэ талаас нь харахад нарийн бичгийн дарга нарынх нь өөр, өөр санаа бодол мөн л тус намын Удирдах зөвлөл зөрчилдөх эх үндэс болж буй нь гарцаагүй.
Эцэст нь С.Бямбацогт гишүүний хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагыг онцлоё. Уг ярилцлагадаа тэрбээр “Намынхаа гишүүдийн хүсч хүлээж байгаа тэр алхмуудыг хийх ёстой гэж үзэж санал санаачилга гаргаж, Удирдах зөвлөлийнхөө хурал, бүлгийн хурал дээр ч удирдлагууддаа хатуухан үг хэлж үзлээ. Бидний ажлын арга барил биш байна аа, олон түмнийхээ дунд оръё, ажлаа сайжруулъя өөрчилье гэж. Гэвч сүүлдээ ад болдог юм билээ” хэмээсэн байсан. Улмаар энэ янзаараа явбал Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялахгүй гэх үгийг унагаад авсан. Эндээс харахад Ардын намын Удирдах зөвлөлийн зөрчил нэг бус нэлээдгүй олон хүний зүрхэнд гомдол хураасан нь тодорхой юм.
