“Мөнх хөх тэнгэр мину” цомгийг мялаалаа

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

“Мөнх хөх тэнгэр мину” цомгийг мялаалаа


“Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн нар “Мөнх хөх тэнгэр мину” цомгийн баяраа энэ сарын 18-нд “Андгай” нэртэйгээр хийлээ. Хэдийгээр цомгийн баяр  цөөн хүний хүрээнд болсон ч Монголын урлаг, соёлын урдаа барьдаг эрхмүүд энэ үдэш саатсан байлаа. Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай ах, дүү гуравын “Андгай” тоглолтод уригдсан хамгийн ахмад уран бүтээлч байв.

Цомгийн баярын үеэр “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн сэтгэгдлийг сонслоо.

-Гурван жилийн турш ноцолдсон цомгоо олон нийтэд хүргэлээ. Шинэ цомгийнхоо талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Ямар нэгэн зүйл хийхдээ хүн заавал хаашаа явах зорилго тавьдаг юм байна. Цомгийн эцсийн зорилго бол чадах зүйлээ хийж, улс орноо бусдын дайтай байлгах чин сэтгэлтэй байлаа. Чин зорилгоор хийж байгаа зүйлд цаг хугацаа их ордог юм байна. Тэгээд цэргийн баярыг тохиолдуулан цомгийн баяраа “Андгай” нэрээр хийлээ. Би бол зургаан жил цэргийн алба хаасан хүн л дээ. Хуучнаар бол цэрэг, эх орны сэдэвтэй буюу үндэсний ухаантай цомог болсон гэсэн санаагаар энэ өдрийг товлосон. Монгол хүн хэнтэйгээ ч хамтраад, юу ч бүтээж болно гэсэн санааг энэ цомгийн уран бүтээлээрээ дамжуулан хүргэж байгаа юм.

-Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай та гуравын хамтарсан уран бүтээлийн талаар “Гурван том толгойг нэг малгайд багтаах амаргүй” гэж хэлсэн байна лээ. Үнэн байх шүү?

-Намайг анх 1989 онд дуулж эхлэх үед Амараа драмын театраар гүйж л байсан. Тэгээд дараа нь хоёр гурван тоглолт хийгээд Соёлын төв өргөөнд бараг амьдардаг байхад Дээгий байж л байсан. Ер нь дандаа хамт байсан гэсэн үг. Нэг малгайнд бол хэдэн ч монгол багтана. Бид гурав бол монголоороо бахархдаг гэдгээ харуулж, нэг малгай дор багтахыг хүссэн.  Биднийг бүгдийг нь захирч байсан зүйл бол “Мөнх хөх тэнгэр”. Олон дахин цомог хийгээд байж чадах биш. Олсон ганц цомгоо олигтойхон хүмүүст хүргэе гэж бодож байна.

-Та хэдэн дуун дээр ажиллав. Үг, аяыг нь бичсэн хэдэн дуу байна?

-Гурав, дөрвөн дууны үг бичсэн байна.

-“Харанга” хамтлагаар сонин сайхан юу байна?

-“Харанга” хамтлаг 25 жилийн ойгоо угтсан шигээ байна. Ирэх жил болж өгвөл гадаадад байгаа монголчууддаа тоглолт зориулж хийх, дуу хуураа түгээх зорилго тавин, эхний тоглолтоо энэ хавраас эхлэх санаатай байгаа. Бас л олон ажлууд давхцаж байна.

Фото цомгийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж