Коксжих нүүрсний үнийн хямрал үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Коксжих нүүрсний үнийн хямрал үргэлжилсээр байна

БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн  нөлөөгөөр нэгэн үе хүчээ авч байсан коксжих нүүрсний үнэ сүүлийн жил гаруйн хугацаанд тасралтгүй буурсаар байгаа. 2013 оны эхний улирлын байдлаар дэлхийн зах зээлд нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байгаа төдийгүй ойрын ирээдүйд эргэн сэргэх магадлал бага гэдгийг зах зээл шинжээчид хэлж байна.  Бээжинд төвтэй таваар арилжааны фирмүүдийн үзэж байгаагаар ган төмөрлөгийн салбарын төлөв эргэлзээтэй байгаа нь гангийн үйлдвэрүүдэд түүхий эдийн илүүдэл үүсгэж, улмаар коксжих нүүрсний эрэлтэнд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Хятадын коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч Шансигийн коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногт тонн тутамд 20-70 юаниар унасан бол Австралийн далайн боомт дахь угааж, боловсруулсан сайн чанарын коксжих нүүрсний үнэ өнгөрсөн 7 хоногийн байдлаар тонн тутамд дунджаар 150 орчим ам.долларт хэлбэлзэж байна. 2011 онд тонн тутамд 330 ам.доллар буюу рекорд дээд түвшиндээ хүрч байсан коксжих нүүрсний үнэ ийнхүү илт бууралттай байгаа нь борлуулалтын үнийг урт хугацаанд тааварлах буюу тогтоон барих боломжийг ч хааж байгаа юм. Хятадын засгийн газар аж үйлдвэрлэлийг дэмжих үүднээс дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа ч энэ нь нэг талаас гангийн үйлдвэрлэлд илүүдэл үүсэх нэг нөхцөл болж байгаа юм. Шинжээчдийн баталж байгаагаар коксжих нүүрсний үнэ ойрын саруудад эргэн сэргэх боломж хязгаарлагдмал байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж