
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай байртай болохыг мөрөөдсөн олон иргэнийг баярлуулсан мэдээ дуулгасан нь саяхан. Байрны үнийг тогтворжуулж, нэг метр квадратыг нь нэг сая төгрөгөөр худалдаж авах боломжтой болгоно хэмээн мэдэгдэл хийсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/-тай хамтран хямд өртгөөр иргэдээ орон сууцжуулахаар хамтран ажиллаж эхэлжээ. Тэд гурван сарын хугацаанд хамтран судалгаа хийсэн бөгөөд орон сууцны нэг метр квадратын үнийг нэг сая төгрөгт багтаах боломжтой гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн байна. Энэ талаар ОССК-ийн захирал А.Гантулга “Гурван сарын хугацаанд бид өөрсдийн хүрээнд судалгаа хийсэн. Энэ судалгаагаар нэг метр квадратыг нэг сая төгрөгт багтаан орон сууц барих боломжтой гэж дүгнэсэн. Энэ хугацаанд гүйцэтгэгч таван компани надтай уулзсан. Тэд метр квадратыг нэг сая төгрөгт багтаан орон сууц барих, түүнээс бага өртөгтэйгээр орон сууц барих боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мөн бид Буянт-Ухаагийн ойролцоо 1764 айлын хороолол барих төсөл хөтөлбөрийн ажилтай танилцлаа. Үүнийг зардал мөнгө, бондын мөнгийг тооцоод үзвэл 950-1,4 саяд багтах тооцоотой байгаа” гэлээ.
Ш.ЧИМЭГ