
Ройтерс: Монголын Засгийн газар болон Рио Тинто группийн хоорондох үл ойлголцол энэ том төслийг дахин хойшлуулахад хүргэж магадгүй гэсэн яриаг намжаахаар Монголын талын төлөөлөл өнгөрсөн пүрэв гаригаас хөдөлж эхэлсэн талаар Ройтерс мэдээлэв. Дээрх мэдээлэл үнэн болохыг баталж, төслийн хувьцаа эзэмшигчид энэ сарын 20-нд дахин хуралдахаа мэдэгдсэн. Рио Тинто групп, одоо Turquoise Hill Resources нэртэй болсон Канадын Айвенхоу Майнз 2009 онд Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн. Өнгөрсөн жил УИХ-ын зарим гишүүд Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт өргөн барьсан ч Засгийн газар нь хүлээж аваагүй. Энэ гэрээнд Монголын Засгийн газар төслийн 34 хувийг эзэмшиж, олборлолт явуулснаас хойш 30 жилийн дараа эзэмшлийн хувиа 50 хувь болгож нэмэгдүүлэх тухай заасан. Гэвч төслийн зардал эхний ТЭЗҮ-д 4.7 тэрбум ам.доллар гэж тусгаснаас 7.1 тэрбум болж өссөн юм. Рио Тинто төслийн хоёр дахь шатны ТЭЗҮ-ийг гаргахаа хойшлуулаад байна. Тэдний тооцоолсноор төслийн хоёр дахь үеийг эхлүүлэхэд 7 тэрбум ам.доллар шаардлагатай аж.
АНУ Оюутолгой төсөл дэх Дэлхийн банкны санхүүгийн оролцоог эсэргүүцсэн албан ёсны байр сууриа илэрхийлжээ. Дэлхийн банкны томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд АНУ тус банкийг төслийн санхүүжүүлэгч болохоос татгалзахыг хүсчээ. Энэ нь Оюутолгой төслийн байгаль орчны сөрөг нөлөөлөлтэй холбоотой таагүй асуудлууд болон эрх зүйн орчинтой холбоотой гэнэ. Олон улсын санхүүгийн корпорацийн удирдах зөвлөл Оюутолгой төсөл дэх Дэлхийн банкны санхүүгийн оролцоог хүлээн зөвшөөрсний дараа АНУ байр сууриа илэрхийлжээ. АНУ нь Дэлхийн банкны хувьцаа эзэмшигчээс гадна Олон улсын санхүүгийн корпорацийн гишүүн аж.
Дэлхийн банк Монголын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болон яамдад зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлдэг. Харин Олон улсын санхүүгийн корпораци ядуурлыг бууруулах зорилгоор эдийн засгийг дэмждэг цэвэр ашгийн төлөө байгууллага. Энэ тохиолдолд Олон улсын санхүүгийн корпорацийн нөлөөн дор Дэлхийн банк Монголын Засгийн газарт төслийн санхүүжилтыг дэмжихэд зөвлөгөө өгч чадахгүй юм байна. Байгаль орчны үнэлгээг бол эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээнд тулгуурлаж гаргадаг. “Оюутолгой” ХХК өнгөрсөн жил байгаль орчны үнэлгээг гаргахдаа холбогдох яамдын санал дүгнэлтийг тусгахыг хичээсэн ч бүтэмж муутай болсон. Гэвч “Оюутолгой” ХХК-д зөвхөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн ESIA стандартыг хангах үнэлгээ бичихэд холбогдох яамдаас санал дүгнэлт авахад хангалттай байсан. ESIA стандарт өнгөрсөн аравдугаар сард 90 хоногийн турш олон нийтийн хэлэлцүүлэгт нээлттэй байсан юм. Хэрэв та “Оюутолгой” ХХК-ийн байгаль орчны үнэлгээний талаар сонсоогүй, мэдээгүй бол гайхах зүйл байхгүй. Учир нь Оюутолгой байгаль орчны үнэлгээний талаар олон нийтэд сурталчлаагүй байж, хэдэн санал дүгнэлт тусгасан болоод явуулсан байдаг. “Оюутолгой” ХХК байгаль орчны үнэлгээг Citrus Partners, байгаль орчны үнэлгээний агентлаг болон Монголын хэдэн компаниар гаргуулсан бөгөөд 20 сая ам.доллар зарцуулсан. Хэдийгээр “Оюутолгой” ХХК-д зээлдэгчийн ESIA стандартыг хангахад Засгийн газрын зөвшөөрөл шаардлагагүй ч дэмжлэг зайлшгүй чухал байдаг. “Оюутолгой” ХХК болон байгаль орчны үнэлгээний компаниуд байгаль орчны үнэлгээг буруу гаргасны хариуцлагыг үүрэх нь цаг хугацааны асуудал ч үүнд зарцуулсан 20 сая ам.долларын зарлагыг хэн үүрэх вэ?
Эх сурвалж: NEWS WEEK сонин. №3