Катар “Мөрөөдлийн лиг”-ийн эрэлд

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Катар “Мөрөөдлийн лиг”-ийн эрэлд

Эдүгээ дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд ноёрхож, сүр хүчээ далайлган буй шилдэг 24 клубыг нэгтгэсэн тэмцээнийг катарчууд сэджээ. Хөлбөмбөг хэмээх агуу спортын төлөөлөл болж буй шилдэг баг, шилдэг тамирчдыг нутагтаа нэгтгэхийн тулд Персийн булангийн энэ баян орон асар их хэмжээний мөнгө амлаж байна. Зөвхөн оролцсоных нь төлөө тэд нэг багт хэдэн зуун сая ам.доллар “бэлэглэхээр” төлөвлөжээ.

“Times” сэтгүүлд мэдээлснээр Катарын Эмир энэ тухай төлөвлөгөөгөө ирэх сард танилцуулахаар зэхэж буй гэнэ. Аваргуудын лиг, Клубүүдийн ДАШТ гээд UEFA болон FIFA-гийн чансаа өндөр, нэр хүндтэй тэмцээнийг бут цохиж мэдэх энэ төлөвлөгөөгөө тэр “Хөлбөмбөгийн мөрөөдлийн лиг” хэмээн нэрийджээ.

Дэлхийн хөлбөмбөгийн баяр цэнгэл 2022 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах эрх авсан Катар дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагч болохыг хүсч байна. Газар доорх баялгаа ашиглаж, дэлхийн хамгийн гэх тодотголтой бүхнийг өөртөө “наах”-ыг эрмэлзэх болсон арабчуудын ээлжит нэг хүсэл нь энэ. Нэгэнт дотоодын тамирчнаа, нутгийн багаа дэмжээд дэмжээд дэлхийг шуугиулж чадахгүй учир хөлбөмбөгийн тавцанд хэдийнэ байр сууриа эзэлж, нэр хүндтэй болсон багуудыг Персийн буланд цуглуулж, хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг Катарын зүг чиглүүлэх гэсэн бололтой.

Катар дэлхийн топ гэгдэх 24 багт урилга илгээж, зөвшөөрсөн тохиолдолд зөвхөн оролцсоных нь төлөө тус бүрт нь 265 сая ам.доллар өгөхөөр зэхжээ. Гэтэл “Челси” өнгөрсөн улиралд UEFA-гийн хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигт түрүүлээд 73,1 сая ам.долларын мөнгөн шагнал хүртсэн билээ.

Катарчууд Мөрөөдлийн лигийг 2015 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тоглолтууд Катараас гадна хөрш зэргэлдээ булангийн бусад орнуудад болох гэнэ. Лигийн гол цөм болсон 16 байнгын баг байна, дээр нь тэмцээн бүрт шинээр найман багийг урьж оролцуулж байхаар зохицуулжээ.

С.ЦЭЛМЭГ

Хэн оролцох вэ?

Өдгөө дэлхийд ноёрхож буй топ 24 баг хөлбөмбөгийн Мөрөөдлийн лигт тоглоно. “Байнгын” гэж тодотгож болох 16 гишүүнтэй, бусад найман баг урилгаар оролцоно. Ямар нэг сэжмээр Персийн булангийн орнуудтай холбогдсон “Барселона”, “ПСЖ” болон “Манчестер Сити” клубүүд “байнгын гишүүд” байх нь дамжиггүй. Тэдэн дээр “МанЮ”, “Челси”, “Реал Мадрид” зэрэг өдгөө топ төвшинд тоглож буй багууд хэдийнэ санал хүлээн авчээ.

Хаана болох вэ?

Хоёр жил тутамд зуны аагим халуунд болно. Хөлбөмбөгийн ДАШТ болоод ЕАШТ-тэй мөргөлдүүлэхгүйн тулд эхний тэмцээнийг 2015 онд хийхээр төлөвлөжээ. Гэхдээ тухайн жил Африк, Ази, Хойд болон Өмнөд Америк тивийн аваргууд болох юм.

Катарт зуны аагим халуунд тэмцээн болно гэж үү?

Хөлбөмбөгийн агуу баяр цэнгэл 2022 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах эрх авсан Катар +40 хэмийн халууныг ажрахгүй тоглох нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд цэнгэлдэх, талбай, олон нийтийн газруудад агааржуулалтын систем суурилуулж, асуудлыг шийдэх гэнэ.

Яагаад заавал Катар гэж?

Нэн тэргүүний зорилго нь 2022 оны дэлхийн аваргын өмнө тоглогчид болоод хөгжөөн дэмжигчдийн дунд аюулгүй байдлын талаарх эргэлзээг арилгах. Мөн тэд дэлхийд данстай, өөрсдийн нэрээр овоглосон спортын арга хэмжээтэй болохыг хүсч буй гэнэ.

UEFA болон FIFA энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

Хэрэв энэ тэмцээн FIFA, UEFA болон дотоодын албан ёсны тэмцээнтэй давхцвал клубүүдийн хувьд нэлээд бэрхшээлтэй асуудал үүсэх нь дамжиггүй. Гэхдээ хөлбөмбөг ч бас бизнес. Бизнесийн гол хөдөлгүүр нь мөнгө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж