-Рок, попын бүх одод нэгэн тайзнаа чуулах нь ээ?
-Рок, попын хаврын анхны хамгийн том цугларалт “Бид хамтлаа” тоглолт ирэх бямба гаригт болох гэж байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Лемон” продакшн, “Mongolian choppers” ахан дүүс холбоо нийлж зохион байгуулж байгаа. Манай холбоо яагаад энэ тоглолтод оролцсон бэ гэхээр хүмүүс биднийг хөндлөнгөөс зүгээр л мотоцикл унасан залуус гэж ойлгодог юм шиг байгаа юм. Манай холбоонд төрөл бүрийн салбар мэргэжлийн хүмүүс багтдаг бөгөөд хөгжмийн мэдрэмжтэй хүмүүс ч их байдаг.
-Сүүлийн хэдэн жил рок, попынхон ингэж нэг дор чуулсангүй удсан байх шүү?
-Ерөнхийдөө бүх цаг үеийн одод гэдэг нэрийн дор энэ тоглолт болж байгаа. Тухайн цаг үедээ хит болж байсан ч өнөөдрийг хүртэл дуулагдсаар байгаа тэр л дууны эзэд энэ үдэш нэг дор чуулна. Хүмүүс рок, попынхоныг тус тусдаа уран бүтээлээ хийдэг гэсэн ойлголттой болчихоод байгаа шүү дээ. Тэднийг нэгтгэж хүмүүст энэ хүмүүс чинь нэг ам бүл шүү гэдгийг харуулах зорилготой юм.
-Үзэгчид хэн хэн ирэх бол оо гэж догдолж байгаа байх?
-“Харанга” хамтлагийн Лхагвасүрэн, “Никитон” хамтлагийн Батчулуун, гавьяат жүжигчин, дуучин Дашка, поп дива Сарантуяа болон сүүлийн үед хит болж чадаж байгаа залуу уран бүтээлчид оролцоно. Ерөнхийдөө Монголд уран бүтээлээрээ өөрсдийгөө таниулж чадсан хамтлаг дуучид энэ хаврын цугларалтад багтаж байгаа. Түүнээс биш ганц нэг дуу дуулчихаад байж байгаа хүмүүсийг бол оруулаагүй. Зөвхөн рок, поп ч гэлтгүй хип, хоп, амьд хөгжмийн хамтлаг дуучид бүгд нэг дор чуулан сэтгэл зүрхээрээ нэг хамтдаа гэдгийг харуулах гэсэн юм. Сүүлийн үед хоёр гурвуулаа нийлээд л уран бүтээл тоглолт хийгээд байгаа болохоос биш бүгдээрээ нэгэн орой цуглаж хамтдаа тоглолт хийх нь эрс багассан л даа. Бид тоглолтод оролцох дуучдынхаа саналыг фейсбүүк, твиттер цахим хуудсаар дамжуулан олон нийтээс авсан. Мөн залууст тэдгээр сонсохыг хүсээд байгаа дуучдынх нь өмнө нь сонсоогүй ямар хит дуунууд байсныг энэ л үдэш сонсгохоор зэхээд байгаа.
-Хамгийн сүүлд рок, попынхоны ийм том хэмжээний тоглолт хэзээ болсон бол?
-За бараг л сүүлийн долоо найман жил болоогүй ээ. Хамгийн сүүлд рок, попынхон “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” дууг хамтран дуулахад л бараг бүгдээрээ байсан байх. Түүнээс хойш хойш яг рок, попынхон нэг тайзан дээр ингэж олуулаа гарсан тохиолдол ховор.
-Уран бүтээлчдэд тоглолтод оролцох урилга илгээхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэд маш сайхан хүлээж авсан. “Ямар гоё юм бэ? Бид нар ойрд ингэж нэг дор уулзаагүй юм байна” гээд. Хуучны сайхан хит дуунуудын эзэд өнөөдөр тайзнаа мартагдах гээд байгаа юм уу даа гэсэн бодлоос бас тэдэнд ч урилга илгээсэн. Урин цагийг угтан урлагийнхан уран бүтээлдээ ингэж ханддаг шүү гэдгийг л энэ тоглолтоос ирж харж болно.
-Дан хит дуунууд эгшиглэх үү?
-Тийм ээ, уран бүтээлчдийн хувьд ч гэсэн шинэ дуугаа дуулахаас илүүтэй хит болсон дуунуудаа дуулна. Бид хүмүүсийн мартагдсан дурсамжийг сэргээх үүднээс дан хит дууг нь түүвэрлэн оруулсан байгаа.
-Тайз?
-Одоогоор тайзаа нууцлая. Ирээд үзээрэй. “Лемон” продакшны зохион байгуулж байсан тоглолтуудын тайз бол угаасаа тасархай болдог шүү дээ. Ямар тайз болдогыг хүн бүр л мэддэг. Тэр хэмжээнээс нь илүү давуулж хийнэ үү гэхээс дутахгүй байх аа.