
Энэ хоёрын өмнөөс эрсэдсэн хүмүүсийн тоо цааш үргэлжилж магадгүй гэнэ. Увс аймгийн Тариалан, Өмнөговь сумын иргэд хуйгаараа энэ хоёрын хэрэгт татагдан байцаагдаж үйлээ үзжээ. Сум орноороо өмнөөс нь өөрсдийгөө золих ямар гавьяа байгуулсан хүмүүс гээч вэ, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр. Увсын хязгаарыг диваажин болгосон хүмүүс үү. Увсын брэнд бий болгосон хоёр уу. Увсын өрх бүрийн хаалгаар сайхан амьдралыг оруулж өгснийг нь бид мэдэхгүй явна уу. Яаж ч харах гэж оролдоод үгүй юмаа. Увс нутаг байдгаараа л байна. Тэнд хөгжил цэцэглэлт гэж дорвитой юу ч алга. Таван давхар байшин барь гээд улсаас мөнгө өгөхөд дөрвөн давхар болгож, байшинг давхраар нь иддэг улсаар л тус аймгийг удирдуулж ирсэн хоёр. Ийм л хүмүүстэй увсчууд бүтэн 20 жил тэмцэж байж сая 2012 оны сонгуулиар нэг юм ангижирлаа гэтэл байдаг хүмүүсийг нь шоронгийн үүдэнд аваачиж хаяад, саналын хуудсыг нь 210 сая төгрөгөөр худалдаж авч ялсан нэр зүүгээд хот руу зугтаацгаасан гэнэ, тэр хоёр.
Өнөөдөр увсынхан гомдолтой байна. Бидэнд арай ч ингэж хүний үнэргүй хандах хүмүүс биш дээ гэж. Монголын парламентын түүхэнд сонгогчдоо шоронд явуулчихаад өөрсдөө юу ч болоогүй юм шиг сууж байдаг Их хурлын гишүүн энэ хоёроос өөр байсан юм уу. Хүнд чинь хүний ёс жудаг, төрийн хүний ёс зүй гэж эрхэм юм баймаар юм. Өөрсдийг нь удаа дараа УИХ-ын гишүүнээр сонгож байсан ард түмэн шүү дээ. Гэтэл ачийг бачаар гээч юм болж байгааг Увсын иргэд ярьж, халаглаж байна. Тэр хоёрын хэрэг эцэслэгдээгүй байна, цаашид хичнээн хүн энэ хэрэгт татагдахыг хэлж мэдэхгүй. Ингэж ингэж Увсынхны тал хувийг шоронд явуулж, шонд дүүжилж байж энэ хэрэг нэг тийш шийдэгдэх болов уу гэж увсчууд айж байна. Ийм хар мөр, муухай явдал болох эсэх нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёроос шууд шалтгаална.
Хамгийн жигтэй нь эргэн тойрныхон нь ял сонсоод байдаг, гол эзэд болох Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар зүв зүгээр, зүүгээр ч хатгуулсан шинжгүй том том юм яриад ордонд суугаад байгаа нь сонгогчдынх нь зэвүүг хүргэж байгаа юм. Энэ шударга ёс, шударга xууль, шударга шүүх мөн үү гэж тэд асууцгааж байна. Амьдралын замд дөнгөж хөл тавьж байгаа 30 орчим насны тэр хэдэн залуу мөнгө тараасан байлаа гэхэд тэрхүү өрх бүрийн хаалгаар оруулж өгсөн хэдэн зуун сая төгрөг тэдэнд байх боломжтой юу. Тэгээд бас хэний төлөө, юуны төлөө тийм их мөнгийг тараадаг билээ. Зорилго нь юу байв. Наад захын ийм логикоор харахад нийслэлээр дүүрэн уул хяр шиг барилга барьдаг компанийн эзэн, улсын цолтой бөх төрүүлэх найраанд хэдэн зуун саяыг гаргадаг Хэрэг эрхлэх газрын дарга асан нараас гарах мөнгө юм.
Цагдаад дарамтлуулсан сонгогчид нь аргаа барж, амьдралаа бодохдоо өгсөн мөнгийг нь авчирч өгцгөөсөн байдаг юм. Жишээ нь, Тариалан сумын 13 иргэн тус бүртээ авсан 100 мянган төгрөгөө буцааж өгсөн байдаг. Иймэрхүү холион бантан, увсчуудаар даажигнасан үйл явдал сонгууль дууссаны дараа их болсоон. Мөнгөө өгье гээд ороод ирэхэд нь "Тээр харж байна уу, АН-ынхан мөнгө өгч явуулсан байна. Бид хоёроос авсан гэж хэл гээд" гэх шиг юмыг тэр хоёр ярьж байгаа юм. Өрсөлдөгч АН-ын хоёрт чинь тэгж даажигнахаар хэмжээний мөнгө байхгүйг увсынхан мэддэг юм билээ. Хүн өөрийнхөө хэмжээгээр сэтгэдэг, Ч.Хүрэлбаатарын зүгээс ийм үйлдэл хөнгөхөн гарах юм билээ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар аа!
Сонгогчдод чинь, та нарын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байсан анд нөхдөд чинь Эрүүгийн хэрэг үүсгэчихээд байна шүү дээ. Эрүүгийн хуулийн 130.2-оор та хоёрын төлөө зүтгэсэн хүмүүст ял оноосон байна. Та хоёрын төлөө ял сонсоод байгаа тэрхүү Я.Баттогтох, Ш.Чинбат, Н.Жамсран, Т.Лхагва, Т.Гансүх… бүгдээрээ гуч дөнгөж гарч яваа сайхан залуучууд. Бүгдээрээ ажил амьдралд хөлөө олох гэж, шинээр гэр бүл зохиосон, хань ижил, нялх үр хүүхэдтэй залуус. Та хоёрын rap хөл болсныхоо төлөөсөнд бүгдээрээ өнөөдөр ажилгүй, амьдралгүй болчихоод сууж байна. Шүүхийн ялтай тэднийг ажилд авахгүй байна. Эвгүйцэм муухай нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Би тэдний хэнийг ч танихгүй" гэж хэлсэн. Ээж аав, ах дүү, анд нөхдөө хайрлах сэтгэлтэй хүн эх орноо гэсэн сэтгэлтэй байдаг гэсэн үг бий.
Энэ гишүүнд тийм сэтгэл байна уу. Зуу зуун саяар нь гарт нь атгуулж Тэр байшинг нь түрээсэлсэн нэрээр айл бүрт тараагаад байгаарай, итгэлээ шүү анд аа" гэж мөрийг нь алгадаж гаргасан нөхдөө өнөөдөр "Би түүнийг танихгүй" гэж суугаа хүнийг хэн гэж ойлгох вэ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний адармаатай цаг үе, 37 оны их хэлмэгдүүлэлт, 60-аад оны сэхээтний төөрөгдөл гэхчлэн Монголын төрийн өндөр сэнтийд байгсдын хэн нь хэн бэ гэдгийг шалгасан цаг үеүдэд нөхрөөсөө нүүр буруулсан хүмүүс бүгдээрээ нөхдөө хэрэгт барьж өгсөн түүх байдаг.
Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар Их хурлын гишүүний зөөлөн суудлаасаа зууралдсаар байх аваас Увсын цэнхэр хязгаарынхан нэг хоёроороо шүүх, цагдаагийн хаалга сахисаар, ажил амьдралын төлөөх алтан сайхан цагаа барсаар байх нь. Увсчуудын сайхан сэтгэл, жил дараалан итгэж сонгосон тэрхүү гүн хүндэтгэл рүү энэ хоёр эрхэм ус цацах, увайгүй загнах эрх байхгүй. Та хоёрт увсчууд гэм хийгээгүй. Харин та хоёр тэдэнд гай болж байна. Үүнийг Увсын олон олон иргэн хэлж, ярьж байгаа. Төдийгөөс өдий хүртэл та хоёрын төрийн өндөр сэнтийд заларч байгаа нь дан ганц увсчуудын буян. Өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Увсын сонгуулийн тойргийн хороог буруутгаж гишүүний үнэмлэхийг нь хураах шийдвэр гаргасан. Одоо Дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталбал Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар УИХ-аас шууд татагдана гэсэн үг. Увсын тойргийн хороо татан буугдсан учраас Сонгуулийн ерөнхий хороо хариуцагчаар татагдсан байгаа.
Өнөөдөр Монголын засаглалын бүх шатанд салхи орж, шинэчлэл яригдаж, хуучин идээ бээрийг шахан гаргаж, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцож эхэллээ. Үүнд ард түмэн талархалтай хандаж байна. "Увсын хоёр"-ын гэх хууль бус үйлдлийг ард түмэн мөн адил шударгаар хэрхэн шийдэхийг харж байна. Сонгуулийн маргаанд хэрхэн зөв жишиг тогтоох эсэх нь "Увсын хоёр"-ын хэрэг маргаанаас харагдана. Буруу тогтоовол будлиан цааш гарсаар байна. Зөв тогтоовол ард түмэн сонголтдоо улам итгэл төгс байх болно.