УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан маргааш 09.00 цагаас Төрийн ордны “А” танхимд Газрын тухай багц хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдөөс гадна иргэд оролцох аж. УИХ-ын намрын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төсөл, мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас санаачлан мэдүүлсэн Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд “Хэлэлцэх эсэхийг нь” дэмжсэн юм. Ингээд чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны зүгээс дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэдийн санаа бодлыг сонсч, хууль эрх зүйн орчинг чамбайруулах ёстой хэмээн үзсэнээр энэхүү хэлэлцүүлэг болох гэж байгаа юм.
Г.ДАРЬ