Хамид Карзай буруутныг шийтгэхээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Хамид Карзай буруутныг шийтгэхээ мэдэгдлээ

Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай өнгөрсөн жил Кабул банкыг дампууруулж, тус оронд санхүүгийн хямрал авчир­сан буруутныг шийтгэнэ гэж мэдэгджээ.

Зээлээ эргүүлэн төлөөгүй хувьцаа эзэмшигчид, хариуц­лагагүй банкны менежерүүдийг хуулийн дагуу яллах гэнэ. Ерөнхийлөгч Карзай санхүүгийн хямралд гадаадын хөрөнгө оруулагчдыг буруутгасан байна. Банкны луйвар, муу зээл, буруу менежмент Кабул банкыг дампуурахад хүргэснээс хад­галамж эзэмшигчид  дансаа хааж эхэлсэн юм. Тус банкны зээлийн хэмжээ  нэг тэрбумд хүрсэн ажээ. Олон улсын түншүүд тус улс банкны системээ шинэчлэхгүй бол хэдэн тэрбум ам.долларын тусламж асар их эрсдэл дагуулж болохыг анхааруулж байгаа юм. Олон улсын валют­ын сан Кабул банкыг шүүхэд өгөхгүй бол Афганистанд тусламж үзүүлэхээ зогсооно гэж мэдэгдсэн байна. Их британи тус орныг одоо­гийн хямралаас гарахад нь 140 сая ам.долларын тусламж олгожээ. Кабул банк их хэмжээний чанаргүй зээл олгосноос Афганистаны эрх бариг­чид, Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн хамаатнууд ч уг хэрэгт хол­боотой  гэж ажиглагчид үзэж байна.

“Хэдийгээр банкны системийг дампуурлаас гаргахад хэдэн тэрбумаар тоологдох ам.доллар зарцуулсан ч нөхцөл байдал хэвээр байна”  Ерөнхийлөгч Карзай  “Associated Press”-т өгсөн ярилцлагадаа өгүүл­жээ. Кабул банкыг дампууралд хүргэсэн албан тушаалтнууд хууль бус хувьцаа эзэмшигчдийн хувьцааг хүчингүй болгож, зээлийг  нэг сарын дотор төлүүлэхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна” Ерөн­хийлөгч Карзай ярьжээ. Афганистаны хамгийн том банк болох Кабул банк улс төрч, багш нарын цалинг олгож, төрийн үйлчилгээг хариуц­даг байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж