“Эх оронч” ба “эх оронч” бус

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

“Эх оронч” ба “эх оронч” бус

Өчигдөр “Монгол цэргийн өдөр” байлаа. Өмнө нь армийнхан дангаараа тэмдэглэдэг байгаад дараа нь бүх “эрэгтэйчүүдийн” болгон хавтгайруулсан энэ баярыг хоёр жилийн өмнөөс эхлэн “Монгол цэргийн өдөр” болгож тамгалсан билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан, одоогийн хотын мэр Э.Бат-Үүлийн санаачилгаар.

Гэсэн хэдий ч баярын агуулга бол яг хуучнаараа. Анги, хамт олон болгон, айл гэрүүд хүртэл олон ч бай, цөөн ч бай, алба хаасан ч бай, хаагаагүй ч бай эрчүүдээ хоймортоо залан дайлж цайлдаг нь жам. Айл гэрийн ноён нуруу, эхнэр хүүхдүүдийн өмөг түшиг болон төрсөнд нь баяр хүргэж, бас талархаж байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд эрчүүдийн тухай дуу шүлгийн уралдаан, рок поп, хип, хоп, зохиолын дуучдын холимог, нийлмэл концерт гээд баяр дагасан бизнес ч дундрахгүй. Ямар сайндаа л “хамаг ажил уясан, халаасан дахь мөнгө хоосолсон, хоёр баяр давхацсан гуравдугаар сар дуусаасай” гэдэг “аман зохиол” хүртэл гарсан байх вэ. Жилдээ ганц удаа эмэгтэйчүүдийн баяраар гарч дуулдаг эмэгтэй дуучин байхад, жилдээ ганц удаа эрчүүдийн баяраар дуулдаг эрэгтэй дуучин бас байна. Ядахдаа байраа сольчихгүй дээ. Гэвч энэ жилийн хувьд Мартын 8-наас хойш телевизүүдийн эфирийг “алж” байгаа эрчүүдийн баярын элдэв концерт, шоу цэнгүүний эцэс төгсгөлгүй үргэлжлэх зар сурталчилгааны дундуур ганц шинэ мэдээ “цойлов”. Энэ бол Чингэлтэй дүүргээс өнгөрөгч амралын өдрөөр зохион байгуулсан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ. Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчид, чөлөөнд гарсан ахмад дайчид, бэлтгэл офицерууд, ерөнхий боловсролын сурагчид, оюутан залуус оролцов.

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулж, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярыг угтан  батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор зохион байгуулсан энэ арга хэмжээний үеэр дунд сургуулийн бүх сурагчид /мэдээж эрэгтэй, эмэгтэй ялгаагүй/ “Залуу эх орончийн андгай”-г өргөх үүрэгтэй болсон талаар зохион байгуулагчид нь мэдээллээ.  Хүүхэд залуусыг эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, эх оронч үзэлтэй хүн болгон төлөвшүүлэхийн тулд гуравдугаар сарын 18-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээл эхлэхийн өмнө “Залуу эх орончийн андгай”-г өргөж байх гэнэ. Ерөөлөөр болог. Үүнийхээ эхлэл болгож дээрх ёслолын үер 18 нас хүрч буй 12 сурагчид цэргийн үүрэгтний үнэмлэх хүртэл гардуулжээ.

Б.ГАЛ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №3

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж