Д.Сугарын талаар шинэ баримт дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Д.Сугарын талаар шинэ баримт дэлгэнэ

Өнгөрөгч долоо хоногийн улс төрийн гол дуулиан ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг авлигын хэргээр шалгуулахаас Үндсэн хуулийн Цэц татгалзсан явдал байлаа. Баасан гаригт хуралдсан Цэцийн зөвлөлийн гишүүд түүний Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзав. Түүнийг МИАТ компаниас “Дайны эрсдлийн даатгал ” нэрээр мөнгө угаасан хэрэгт холбогдуулж, АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм. Энэ хэрэгт холбогдуулж Д.Сугараас гадна МИАТ-ын хуучин удирдлагууд болох Ц.Орхон, санхүү хариуцсан захирал асан Ч.Хоролсүрэн, нягтлан Н.Гантөмөр болон Ц.Орхоны эхнэр, Ч.Хоролсүрэнгийн дүү тэргүүтэй нөхдүүдийг Төв аймаг болон Зүүнхараагийн хорих ангид цагдан хориод удаж байгаа. Гэсэн ч сэжигтнүүд хорионд байх хугацаандаа хоорондоо гар утсаар холбоо барьж, мэдээлэл солилцох замаар өмнө өгсөн мэдүүлгээ өөрчилж эхэлсэн нь хэргийн мөрдөлтөд саад учруулж байна гэх мэдээллийг Хууль зүйн сайд хийсэн билээ. Тиймээс АТГ-аас сэжигтнүүдийн хэрэглэж байсан гар утсыг хураан авч, хэн хэнтэй харилцсан хийгээд хорих ангид гар утас нэвтрүүлэх зөвшөөрлийг хэн өгсөн, тусалсан, холбогдох бүх хүмүүсийг шалгаж эхэлсэн байна. Энэ хэрэгт зарим нэг хорих ангийн удирдлагууд ч холбогдож болзошгүй.

“Дайны эрсдлийн даатгал” нэрээр гадагшаа гаргаж, түүнийгээ буцаан төвлөрүүлж, банкны VIP дансанд байршуулах замаар МИАТ-аас угаасан мөнгөний хэмжээ одоогийн байдлаар 6,8 сая ам.долларт хүрээд байгаа бөгөөд тэд энэ мөнгийг МИАТ-ын хувьчлалд зарцуулахаар төлөвлөж байсан гэгддэг.

Д.Сугарын хувьд тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа төрийн өмчит МИАТ компани дээр гараад байгаа энэ луйврыг “мэдээгүй өнгөрсөн” хэмээн мэлзэж байгаа ч албаны эх сурвалжуудыг хэлж буйгаар тэр энэ хэрэгт холбоотой төдийгүй гардан оролцсон болох нь шалгалтын явцад нэгэнт тогтоогдсон байна. Тиймээс УМБГ-аас түүний Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорт тавьж, прокурор уг саналыг нь дэмжсэн хэрэг. Гэвч өнгөрөгч баасан гаригт хуралдсан Цэцийн зөвлөл Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзлаа. Тиймээс уг хэргийг шалгасан АТГ болон цагдаагийн байгууллагаас Д.Сугарын хэргийн талаар ойрын хугацаанд олон нийтийн дунд дахин нэг “бөмбөг” тэсэлж магадгүй болоод байна.

Б.ЗАЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №3

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж