
Түүнээс гадна өөр нэг санаа зовоох зүйл гарч ирсэн нь газрын тосны нийлүүлэлт багассанаас үүдэлтэй үнийн хөөрөгдөл юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Европын эдийн засгийн өсөлт 1.6 хувиар өснө гэж таамаглаж байсан ч нэг л хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Харин Португалийн эдийн засаг маш тогтворгүй байгаа нь өсөлт гарна гэх найдварыг төрүүлэхгүй байна. Ажилгүйдлийн хэмжээ тус оронд 11.1 хувьтай байгаа бөгөөд ирэх онд 12.4 хувиар өснө гэж таамаглаж байна. Дээр нь Грек, Ирланд зэрэг орнуудад санхүүгийн зах зээлийн хямрал нүүрлэжээ. Харин Европын холбооноос санхүүгийн тусламж авахаас татгалзаж, төсвийн зардлаа танах гэж хичээж буй Испанийн хувьд энэ онд эдийн засгийн өсөлт 0.8 хувьтай байгаа бөгөөд ирэх жил 1.6 хувь болгоно гэж таамаглаж байна.
АНУ эдийн засгийн өсөлтөө 2.8 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан боловч 0.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан нь газрын тосны үнийн өсөлттэй холбоотой гэж ажиглагчид үзлээ. Олон улсын валютын сан Азийн эдийн засгийн галзуу өсөлттэй зэрэгцэж буй инфляцийн халуурал хяналтаас гарахаас сэргийлэхийг анхаарууллаа.
Улайсч буй инфляци
2007-2009 оны хооронд Барууны ертөнц тэр чигээрээ эдийн
засгийн хямралд ороход Хятад, Бразил,
Энэтхэг улс хямралыг барьж, тэнцвэржүүлэх багагүй алхам хийсэн. Гэвч ирэх
жилүүдэд хөгжиж буй дээрх орнууд инфляцитай тэмцэхийн тулд эдийн засгийн
өсөлтөө тогтоон барих нь чухал гэж Олон улсын валютын сан үзэж байгаа юм.
Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамийн гамшиг эдийн засгийн
хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигддэг тус орны эдийн засгийн өсөлтийг
бууруулжээ. Гадаад өрийн хэмжээгээр дээгүүрт орж буй Япон гамшгийн дараах сэргээн
босголтыг эхлүүлж, сангийн бодлогодоо
гол анхаарал хандуулах нь чухал гэдгийг Олон улсын валютын сан онцоллоо.