Илүүдэл жин хөхний хавдрын эрсдлийг нэмдэг

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Илүүдэл жин хөхний хавдрын эрсдлийг нэмдэг

Бүхий л насны эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг гэнэ.  Нас ахих тусам өвчлөх магадлал нэмэгддэг байна. Энэ талаар ХСҮТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч Д.Ягаантай ярилцлаа.
-Сүүлийн үед хөхний хорт хавдрын өвчлөл манай улсад эрс нэмэгдэж байгааг судлаачид хэлдэг. Дэлхийн нийтэд мөн адил байна уу?

-Дэлхий нийтэд хөхний хорт хавдрын өвчлөл өндөр байдаг. Ялангуяа Америк, Австралид эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын нэгт хөхний хорт хавдар орж байна. Манай орны хувьд ч  өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэж байна. Энэ нь амьдралын хэвшил, орчин үеийн хөгжилтэй холбоотой. Тухайлбал, монголчууд олон хүүхэд төрүүлж, хөхний сүүгээр хооллодог байсан бол энэ уламжлал алдагдсан.

-Тэгэхээр танай эмнэлэгт жилд хөхний хорт хавдрын шалтгаантай хэчнээн хүн хандаж байх юм?

-Манай ХСҮТ-д хандаж байгаа 10 хүний зургаа нь хөхөө үзүүлэх гэж ирдэг. 2011 онд 85 хүн хөхний хорт хавдартай гэж оношлогдож байсан бол өнгөрсөн онд 115 болж нэмэгдсэн.

-Ямар хүмүүс энэ өвчнөөр өвчлөх магадлалтай вэ?

-Эмэгтэй хүн л бол хөхний хорт хавдраар өвчлөх магадлалтай. Хоёр дахь нь нас. Нас ахих тусам хөхний хорт хавдраар өвчлөх магадлал нэмэгдээд л байна гэсэн үг.   30 настай эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал нь 280-д нэг байдаг бол 40 настайд 70 хүнд нэг, 60 настайд 30 хүнд нэг гээд өвчлөх магадлал нэмэгддэг. АНУ-д хийсэн судалгаагаар цагаан арьстай эмэгтэйчүүд нь хар арьстай африк гаралтай хүмүүсээс хөхний хорт хавдраар өвчлөх магадлал их байна гэдгийг тогтоосон байдаг.

-Энэ өвчин удам дамжих уу?

-Тийм ээ. Хамаатан садан дотор хэн нэг нь өвчилж байсан, ямар нэг хөхний эмгэгтэй байсан бол  хяналтад орох ёстой. Генийн мутацтай төрсөн хүмүүс залуу насандаа хөхний хорт хавдраар өвчлөх магадлалтай байдаг. Харамсалтай нь манайд генийн шинжилгээ хийлгэх бололцоогүй байна. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн сарын тэмдэг 11 наснаас болон түнээс эрт ирсэн, цэвэршилт 55 наснаас хойш явагдсан бол ховор тохиолдолд хөхний хорт хавдар үүсэх эрсдэлтэй.

-Эмэгтэйчүүд хэдэн насандаа хөхний хорт хавдарт өртөх эрсдэлтэй вэ?

-Монгол, гадаад эмэгтэй гэж ялгалгүй дэлхий нийтэд 55-65 насны хооронд хамгийн өндөр тохиолдож байгаа.

-Анхны шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бэ. Мэдэгдэхгүй байж байгаад хүндэрдэг гэх юм билээ?

-Хөхний хорт хавдар нь эхэн үедээ ямар ч шинж тэмдэггүй. Тиймээс монографийн аппаратад орох хэрэгтэй. Хөхөө тэмтрэх үед хатуу бэрсүү, арьсанд өөрчлөлт гарсан бол мэргэжлийн эмчид үзүүлэх нь чухал. Эмчийн гарт, өөрт нь мэдэгдээд ирвэл эрт үеэс хэтэрсэн хавдар болно. Хөхний толгой цааш хонхойж орох, арьс улайх, үрчийх зэргээр өөрчлөлт гардаг. Ер нь ямар нэг шинж тэмдэг илэрвэл шууд л эмчид хандах хэрэгтэй. Гэтэл монголд тохиолдож байгаа хөхний хорт хавдрын 70-80 хувь нь хожуу үедээ эмчид хандаж байна. Хавдар нь томроод, задраад, цус нь гоожсон үед л эмчийн тусламж хүсэх юм. Хөдөөний эмэгтэйчүүд таван салаа, янз бүрийн юм наачихсан орж ирдэг.

-Хүүхэд төрүүлээд сүүгээрээ хооллоогүй эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах магадлалтай юу?

-Төрүүлсэн хүүхэд бүрээ хөхүүлж байх ёстой. Хөхний хорт хавдраас сэргийлж, зохицуулж болдог хүчин зүйлд эмэгтэйчүүд төрсний дараа хүүхдээ хөхний сүүгээр хооллож, хөхөө хөхүүлэх ордог юм. Ингэснээр хөхний хорт хавдраас сэргийлнэ. Мөн 30 наснаас өмнө хүүхэд төрүүлэх нь хөхний хорд хавдраас сэргийлэх бас нэг нөхцөл болдог. Мөн хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

-Хөхний хорт хавдар даамжирвал умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг гэх юм билээ. Энэ үнэн үү? 

-Тийм зүйл байхгүй. Хөхний хорт хавдар үсэрхийлж тархдаг. Үүнээс болж өндгөвч, умайн хүзүүний хавдар тусна гэсэн ойлголт байхгүй.

-Хөхний хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой юу?

-Хөхний хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн эмэгтэйчүүд ХСҮТ-д хандах хэрэгтэй. Бусад хувийн эмнэлэгт энэ төрлийн эмчилгээ хийх боломжгүй. Хөхний хорт хавдар бүрэн эдгэрнэ. Үндсэн таван эмчилгээ байдаг. Мэс засал, хими, туяа, даавар эмчилгээ, дархлаа сайжруулах эмчилгээ  хийдэг. Зарим үед  хөхний хорт хавдар нь дааврын хамааралтай байдаг. Тиймээс үүнийг эмчлэхийн тулд таван жил дааврын эмчилгээ хийнэ. Хөхөнд ямар нэг бэрсүү гарвал хортой үгүйг нь оношлуулах нь чухал.

-Энэ хорт хавдраас яаж сэргийлж болох вэ?

-Хөхөө өөрөө шинжих дасгалыг сар бүр  хийх, зургаан сар болгон мэргэжлийн эмчид үзүүлж байх, рентгэн туяанд жилд нэг удаа харуулдаг байх ёстой. Ийм гурван зарчмыг эмэгтэйчүүд мөрдөх хэрэгтэй байгаа юм. Монголчуудын хувьд хамгийн нөлөөлж байгаа гол зүйл нь таргалалт. Биеийн жин таван кг-аар нэмэх тусам хөхний хэмжээ 200 граммаар нэмэгддэг. Хөхний хэмжээ нэмэгдэх тусам хорт хавдраар өвчлөх магадлалтай. Хөдөлгөөнтэй байвал ямар нэг өвчин эмгэг цаашилбал, хөхний хорт хавдрыг үүсэх эрсдлийг багасгана. Монголчууд хөдөлгөөний хомсдолд орсонтой холбоотой таргалт маш их болсон. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн хийсэн судалгаагаар долоо хоногт цаг 15 минутаас хоёр цаг 30 минут идэвхтэй алхах нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг 18 хувь бууруулж байна гэж үзсэн байдаг. Энэ маш өндөр үзүүлэлт.

-Хөх томруулах мэс засал хийлгэвэл хорт хавдар үүсэхэд нөлөөлөх үү?

-Ямар ч нөлөө байхгүй.   

-Хөхний хорт хавдартай гэдгээ мэдэхгүй хүүхдээ хөхүүлж байвал ямар нэг эрсдэлтэй юу?

-Хүүхэд ямар нэг сөрөг нөлөө байхгүй. Хүмүүс хөхний хорт хавдартай гэдгээ мэдэхгүй явсаар байгаад  жирэмсний үзлэгийн үеэр илрүүлэх нь элбэг байдаг.

-Эрэгтэй хүн хөхний хорт хавдар тусах магадлалтай гэсэн үү?

-Тийм ээ. Гэхдээ маш бага тохиолддог. Энэ нь нас ахихтай л холбоотой. Өндөр хөгжилтэй орны хүмүүс урт наслах нь элбэг. Тиймээс 70-80 настай хүнд энэ өвчин тохиолддог.

-Өсвөр үеийн охидод энэ төрлийн өвчнөөс сэргийлэх мэдлэг хэр байдаг бол?

-Хөхний эрүүл мэндийг хамгаалах асуудал монголд байдаггүй. Эмэгтэйчүүд ямар эмчээс зөвлөгөө авахаа мэддэггүй, тодорхой бус байдаг. Өсвөр насны охид хөх нь ургаж эхлэхээр янз бүрийн асуудал гардаг. Ингээд аав ээжээсээ асуухаар хариулт өгч чаддаггүй. Эрүүл мэндийн боловсролгүй байдагтай холбоотой. Энэ нь хөх судлал монголд хөгжөөгүйтэй холбоотой.

Б.АЗАА

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж