
Манай улсад 12000 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн албан бус мэдээлэл байгаа бөгөөд Монгол улсын хүн амын 3 хувь нь сонсголын ямар нэг бэрхшээлтэй гэж монголын сонсгол судлаачид үзсэн байна. Хөгжингүй улс орнуудад сонсголгүй иргэдийг “Хэлний цөөнх” хэмээдэг бөгөөд хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр нэвтрүүлж буй мэдээлэл тэдэнд хүртээмжтэй байх үүднээс дохионы хэлний хэлмэрчтэй эсвэл субтитртэй цацдаг байна. Гэтэл манай оронд сонсголгүй иргэдэд зориулсан хэлмэрчтэй, субтитртэй нэврүүлэг цөөхөн байдгаас сонсголын бэрхшээлтэй иргэд мэдээ мэдээллээс хоцорч, хэрэгтэй мэдээллээ авч чаддаггүй байна. Мэдээлэл авч чаддаггүй, бусадтай харилцахад хэлмэрч дутагддагаас шалтгаалан сурч, мэргэжил эзэмших, ажил хийхэд бэрхшээлтэй байдаг юм. Тиймээс сонсголын бэрхшээлтэй иргэдийн олонхи нь сийлбэр хийж, хатгамал оёх гэх мэтээр гар урлалын ажил хийдэг байна. Сонсголын бэрхшээлтэй залуучууд биеийн бус оюуны хөдөлмөр эрхлэхийн тулд сурч боловсорч, мэргэжил эзэмших хүсэлтэй байдаг бөгөөд үүнийг биелүүлэхэд хэлмэрч орчуулагч маш чухал юм. Сурахаас гадна иргэдэд хууль, цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага зэрэг зайлшгүй шаардлагатай байгууллагууд тусгайлсан хэлмэрчгүй байдгаас иргэд хуулийн болоод эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй авч чаддаггүй юм байна. Тиймээс “Монгол сонсголгүй иргэдийг идэвхижүүлэх төсөл”-ийн хүрээнд “Сонсголгүй иргэдийн мэдээллийн төв”-ийг байгуулан зорилтот бүлэгт холбогдох бүхий л хууль тогтоомжийг дохионы хэлээр хэлмэрчлэн DVD, CD хэлбэрээр тараах аж.
Мөн сонсголын бэрхшээлтэй иргэдэд тохиолддог харилцааны хүндрэлийг багасгах зорилготойгоор хэлмэрчийн үйлчилгээг дүрсээр дамжуулан хүргэх, сонсголгүй иргэдийн ТББ-ын удирдах ажилтнуудад зориулсан сургалтууд зохион байгуулах ба цаашид 50 гаруй дохионы хэлмэрчдийг бэлтгэхээр ажиллаж байгаа юм байна.
“Сонсголгүй иргэдийн мэдээллийн төв” Сүхбаатар дүүрэг, 100 айлын уулзвар, “Amper House”-т байрлах бөгөөд энэ сарын 19-ны 14.00 цагт нээлтээ хийх юм байна.