Загасны нөөцийн судалгаа хийв

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Загасны нөөцийн судалгаа хийв

Геоэкологийн хүрээлэн, Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Увс нуурын ай савын УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Хан-Хөхий нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа хамтарч Хяргас, Айраг нуурын загасны нөөц тогтоох эхний шатны судалгааг хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 05-ныг дуустал 15 хоног хугацаанд хийсэн байна. Судалгааны багт Улаанбаатар хотоос Геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц ус ашиглалтын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Мэндсайхан, Байгаль хамгаалах Тул сангийн судлаач Б.Ганзориг, Геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний туслах ажилтан Б.Мөнхзориг, Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц ус ашиглалтын Эрдэм шинжилгээний туслах ажилтан Х.Чантуу, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны Судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн, Хан-Хөхий нурууны УТХГ-ийн Хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн М. Гэрэлчимэг, Хан-Хөхий нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны Ханхөхийн БЦГ-ын Улаан энгэр хэсгийн байгаль хамгаалагч Б.Энхболд, БОАЖГ-ын жолооч Ё.Батбаяр нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.

Судалгааны явцад нийт 12 цэгт Хяргас, Айраг нуурыг тойрч нуурын мөсөнд өрөмдлөг хийж загасны нөөц тогтоох, мөсний зузаан, нуурын гүн, планктоны дээж, нуурын усны шүлтлэг, саармаг шинж чанарыг судаллаа. Энэхүү судалгаа нь Хяргас, Айраг нуурын загасны нөөц тогтоох зорилготой ба энэхүү судалгаа нь эхний шатных бөгөөд дараагийн шатны судалгаа ирэх наймдугаар сард хийж судалгааны эцсийн дүн гарах юм байна. Судалгааны эцсийн дүнг олон нийтэд мэдээллэх болно.

Э. ЖАВЗАНСҮРЭН

Эх сурвалж: www.mne.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж