Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Браво, Засгийн газар

Хадам эцэг эхийн ааш гэнэт хувирч, төрхөмдөө буцах нууцхан хүслийг тээсэн бэр мэт байдалд байсан гадаадын хөрөнгө оруулагчид сайхан мэдээ дууллаа. Өнгөрсөн бямба гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Ердөө хоёрхон сарын дотор боловсруулагдан өнгөрөгч оны тавдугаар сард УИХ-аар батлагдсан энэхүү хууль хэлэлцүүлгийн шатанд ч, батлагдсаныхаа дараа ч хөрөнгө оруулагчдын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Сануулахад, банк санхүү, хэвлэл мэдээлэл, уул уурхай гэсэн гурван салбарыг Засгийн газар “стратегийн ач холбогдол бүхий салбар” хэмээн үзэж, эдгээр салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 100 сая ам.доллараас давах тохиолдолд Монгол Улсын төрийн байгууллагаас зөвшөөрөл авна хэмээн хуулиар зохицуулсан байдаг. Чухамхүү хуулийн энэ заалт хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн их хэл ам дагуулсан хэрэг. Харин уг хууль Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэв?

Хамгийн эхний жишээг татахад өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ оны хоёрдугаар сарын байдлаар Монголд Улсад орох гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 41 хувиар буурчээ. Мөн гадаадын хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа арилжаалдаг Монголын уул уурхайн компаниудын хувьцааны ханш тогтмол унаж, өнгөрсөн оны тайлан алдагдалтай гарсан тухай мэдээлж байна.

Бодит байдалд дүгнэлт хийсэн Шинэчлэлийн хэмээгдэх Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн хамгийн их хэл ам дагуулсан заалтад өөрчлөлт оруулсан байна. Хуулийн өөрчлөлтөөр Монголд хөрөнгө оруулж буй гадаадын хувийн компанийн хөрөнгө оруулалтын хэмжээнд босго тавихгүйгээр болж, харин төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын хөрөнгө оруулалтын хэмжээг 49 хувиас хэтрүүлэхгүй байх, хэтэрсэн тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авахаар зохицуулсан байна.

Хуулийн өөрчлөлтийн явцад хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татахын тулд анх заагдсан 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэмжээг нэг их наяд болгон өсгөх хувилбар түлхүү яригдаж байсан ч энэ санал дэмжлэг аваагүй бололтой.

Ямартай ч Засгийн газар үүссэн нөхцөл байдлыг сийрэг ухаанаар тунгааж, алдаагаа засч чадсанд баяр хүргэе. Огт үгүйгээс оройтсон дээр гэж ч үг бий.

Сануулахад, хүмүүсийн дунд “Чалкогийн” хэмээн нэрлэгддэг Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь Хятадын 100 хувийн төрийн өмчийн Алюминум Корпораци буюу “Чалко” Монголын “Саусгоби Ресурс” компанийг 925 сая канад доллараар худалдан авах санал тавьсанаас анх үүдэж, уул уурхайн салбарт гадаадын төрийн өмчит компаниудын оролцоог хязгаарлахын тулд УИХ уг хуулийг яаруу сандруухан баталсан юм.

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №3

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж