Я.Содбаатар: Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар: Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. Тэрээр саяхан “Монголын уул уурхайн түүх” бүтээлээ уншигчдад хүргэсэн юм.

-Уул уурхай бол монголчуудын хувьд том сэдэв. Энэ сэдвээр дагнан та “Монголын уул уурхайн түүх” цуврал бүтээлийнхээ дэд ботийг гаргалаа, агуулга болоод онцлог талыг нь тодруулахгүй юу. Ийм бүтээл туурвих зорилго бас юу байв?

-“Монголын уул уурхайн түүх” миний эрдмийн ажлын нэг хэсэг юм. МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Монголын уул уурхайн түүхийн асуудлаар академич Ж.Болдбаатар багшийнхаа удирдлага дор эрдмийн ажил хийж байна. Эрдмийн ажлынхаа хүрээнд Монголд уул уурхай, байгалийн баялаг ашиглах үйл явц хэдий үеэс эхлэв, монголчууд уул уурхайн салбарт ямар бодлого баримталж байсан юм, үндэсний уламжлалт бодлого нь юу байв гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж ирэх нь ирээдүйг шинжиж, дүгнэхэд дөхөм болно гэдэг зорилгоор судалгааг эхлүүлж хоёр жил гаруйн хугацаанд ажилласан. Энэ удаад тэргүүн ботийг эмхэтгэж гаргаад байна, цаашид 1940-1990 он хүртэлх түүхийг хоёр дахь боть, 1990 оноос хойшхийг гурав дахь боть болгон хэвлүүлэхээр ажиллаж байна. Тэргүүн боть нь дотроо гурван бүлэгтэй. Нэгдүгээр бүлэг нь “Манжийн үеийн Монголын байгалийн баялаг ба монголчууд” гэсэн гарчиг дор 1792-1911 он хүртэлх уул уурхайн баримтууд багтсан. Энэ онуудад тэр үеийн Монголын дөрвөн хан, хошуу тамгаас явуулж байсан бодлого, Манжийн хаанаас Монголд барьж байсан уул уурхайн бодлогыг гаргахыг оролдсон. Хоёрдугаар бүлэгт Богд хаант Монгол Улсын үед байгалийн баялаг ашиглалтын бодлого яаж явсан юм, тэр үед уул уурхай хэрхэн хөгжиж байв, гуравдугаар бүлэгт 1921-1940 он хүртэлх Ардын Засгийн эхний жилүүдэд уул уурхайн бодлого яаж явсан юм бэ гэдгийг тодруулж гаргасан. Нийт 1000 гаруй архивын баримт, өмнө нь хэвлэлд гарч байгаагүй фото зургууд холбогдох шинжлэх ухааны дүгнэлтүүд багтсан. Нэг ёсны Монголын уул уурхайтай холбогдох архивын материалууд болон фото зургийг судалгааны эргэлтэд оруулснаараа онцлогтой бүтээл болсон болов уу.

-ХVIII зууны Монголын уул уурхай ямар байсан бол гэж бодохоор их сонин санагдлаа. Ер нь Монголын газар нутаг дээр уул уурхайн үйл ажиллагаа хэдий үеэс эхэлсэн байдаг юм бэ?

-Сайн ноён, Засагт хан аймгийн нутаг буюу Алтайн нурууны өвөр бэлд 1792 онд анх хүмүүс очиж, газар ухаж алт олборлож эхэлсэн юм билээ. Одоогийнхоор бол тухайн газарт нинжа нар очсон байдаг. Алт олборлолтыг зогсоох зорилгоор Манжийн хаан зарлиг гаргаж алтны 10 харуул суулгаж эхэлсэн. Сүүлдээ тэднийг дийлэхээ больж 20 харуул болгож, нэмсэн. Архивын баримтад тэмдэглэгдэн үлдсэнээр Засагт хан, Сайн ноён 2 аймгаас 105 өрх, түүнийг захирах түшмэд томилогдож Халхын 4 аймгаас жил бүр 9630 лан мөнгийг зарлагадаж байжээ. Мөн онцлог хэд, хэдэн зүйлүүд бий. Монголор нийгэмлэг, одоогийнхоор бол гадаадын хөрөнгө оруулалттай компани юм даа, 1897 онд Манжийн хаанаас Монголд алт олборлох анхны уул уурхайн эрхийн бичиг буюу лиценз авсан байдаг юм. Энэ нийгэмлэгийг тэр үеийн Оросын цагаан хааны Гадаад хэргийн сайд С.Ю.Витте, Хятадын түшмэл Ли Хун Чжан нар анх санаачилж, Бельгийн хатан хаан, Оросын хатан хаан, Нидерланд, Герман, Парисын банкууд хөрөнгө оруулалт хийж байгуулсан байдаг. Монголын нутаг дэвсгэр дээр энэ нийгэмлэгийн харьяа 20-иод уурхай ажиллуулж 1920 он хүртэл үйл ажиллагаагаа явуулахдаа 15 орчим тонн алт олборлож, Америк, Оросын мэргэжлийн геологич инженерүүдийг авчирч байжээ. Уул уурхайд ашиглах тоног төхөөрөмжөө АНУ-ын Калифорни мужаас авчирч суурилуулж байсан нь одоо ч Сэлэнгэ аймгийн зарим сумдуудаас Монголор гэсэн бичигтэйгээр хаягдал нь олддог юм билээ. Бас нэг онцлог үе бол Богд хаант Монгол Улсын үед баримталж байсан уул уурхайн бодлого. Гадаадынханд байгалийн баялагаа ашиглуулахдаа Концессын гэрээ байгуулж байсан. Бас олон уурхайг ашиглах дүрэм баталж Богд хаан лүндэн буулгаж байсан. Богдын лүндэнд Монголын төрийн уул уурхай, байгалийн баялагт баримтлах бодлогын үндэс тусгалаа олсон юм. Уул уурхайн бодлогод ашиглалтын явцад байгаль экологи, ёс заншил, нүүдэлчдийн соёлоо хэрхэн авч үлдэх вэ, хэрвээ газар нутаг, баялаг зоорио нэгэнтээ хөндвөл зөвхөн алт бус ямар бусад ашигт малтмал байна, түүнийг бүрэн дүүрэн хаягдалгүй ашиглах зэргийг энэ лүндэнд тодорхой тусгажээ. Мөн аливаа байгалийн баялаг бол олон түмэн, монголчууд бид бүхнийх учраас үр шим, ашиг тусыг бүх улсын хэрэглэл болгож хамтдаа хүртэхийг ч заажээ. Энэ бол яах аргагүй Монголын уул уурхайн салбарын уламжлалт бодлогын үнэ цэнэ юм. 1923 онд баталсан “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх бодлогын баримт бичиг бол Ардын засгийн эхний жилүүдийн эдийн засгийн бодлогын үндэс болж байжээ.

-Гадаадынхан алт олборлосон нөхцөлд хэдэн хувийн татвар төлдөг байсан юм бол?

-Тэр үед концессын гэрээ байгуулаад 16.2 хувийг байгалийн баялаг ашигласны төлбөр, татвар хэлбэрээр авч байсан юм билээ. Одоо бол байгалийн баялаг ашигласны төлбөрт /рояльтийн татвар/ 5 хувийг л манайх авдаг.

-Рояльтын татвараас өөр бусад төрлийн татвар ногдуулдаг байсан юм болов уу. Ер нь гадаадынхан ордыг ашигласан нөхцөлд Монголын талын хувь эзэмшил тэдэн хувь байна гэсэн тодорхой тоо барьдаг байсан уу?

-Богд хаант монгол улсын үед уул уурхайд барьж байсан бодлогод төрийн эзэмшил, хувь эзэмшүүлэх асуудал яригдаж байгаагүй юм билээ. Концесийн гэрээгээр байгалийн баялгаа ашиглуулж татвар авдаг байсан. Улсын сан хөмрөг бүрдүүлэхэд гаалийн татвар голлож байсан. Харин 1921 оны 12-р сард тухайн үеийн Ардын засаг өөр өмчийн хэлбэр эзэмшилд байсан уурхайнуудыг төрийн эзэмшилд шилжүүлэх шийдвэр гаргаж, 1922 оны 12-р сарын 25-нд одоогийн Налайхын уурхайг  100 хувь төрийн мэдэлд авсан байдаг. Энэ өдрийг Монголын уул уурхайн салбарын үүсэл хөгжлийн эхлэл гэж үзэж ирсэн. Ер нь энэ бүхнээс харахад бидний гол бодох юм нь уурхайн ашиглалтын хувьд төрийн хувийг нэмээд байх нь хэрэгтэй байна уу. Авдаг татвараа авч үр шимээ илүү авах нь ашигтай байна уу гэдгийг бодох ёстой. Хэчнээн хувь ороод хувь эзэмшил нь илүү байлаа ч гэсэн монголчуудад ирэх ашиг, үр шим нь бага байх юм бол хувь орж хариуцлага хүлээх шаардлага байна уу гэдгийг харах л ёстой. Уурхайг эзэмшиж буй аж ахуйн нэгжид төрийн эзэмшлийн хувь ямар байвал зохилтой вэ гэдгийг мэргэжлийн түвшинд дүгнэж цэгнэх цаг нь болсон.

-Сэдэв өөрчлөгдөөгүй боловч асуулт Оюутолгойн гэрээтэй холбогдох боллоо. Та сая “Төр хувь эзэмшсэнээр гэрээ ашигтай байдаггүй юм” гэдэг санааг хэллээ. Тэгтэл  Монгол Улс Оюутолгой ордын 34 хүртэл хувийг эзэмшдэг, цаашлаад 49 хувьд хүргэхийг зорьж байгаа. Энэ нь тэгээд ашиг муутай гэсэн үг үү, таныхаар?

-М.Энхболдын Засгийн газрын үед буюу 2006 онд Ч.Хүрэлбаатар бид хоёр Оюутолгойн хэлэлцээр хийх гээд явж байсан. Гэвч хэдэн талаас нь дайраад унагасан л даа. Тэр үед бидний хийхээр төлөвлөж байсан Оюутолгойн гэрээ бол одоогийнхоос хамаагүй илүү байсан юм, үзүүлэлтээрээ. Тэгэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой, энэ гэрээг хийсэн хамтарсан Засгийн газрын сайд нарыг буруутгаж байгаа юм биш. 2009 онд дэлхий дахин эдийн засгийн уналтад орчихсон үед энэ зэрэгтэй гэрээ хийсэн нь сайн. Одоо гэрээ хийнэ гэвэл бүр муу гэрээ л байгуулна. Гэрээг 2 талын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд түшиглэж байгуулдаг. Тухайн үеийн гадаад дотоод нөхцөл, үнэ ханш, өрсөлдөөн, зах зээлийн хандлага нөлөөлөл өндөр байдаг. “Оюутолгойн” гэрээтэй холбогдуулаад хэлэхэд,  Ардын нам сонгуульд ялалт авсан 45 суудлаараа барьцаа тавьж, намынхаа хувь заяаг хойш тавин ард түмэн улс орныхоо нийтлэг эрх ашгийг урьтал болгон 2009 онд энэ гэрээг  байгуулсан юм. Энийг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр ухаарч байсан, бидэнтэй ч ярьж байсан.

-Сонгуулийнхаа ялалтаар барьцаа тавьж, ийм муу гэрээ байгуулахын цаад шалтгаан юу байсан юм бэ?

-Хоёр парламент дамжаад хийж чадахгүй байгаа гэрээг тэр үед хийхгүй бол Оюутолгой орд Тавантолгой шиг болох байсан юм. Тавантолгойн ордыг анх 1950-иад онд нээж геологи хайгуулын ажил нь эхэлсэн байдаг. Улмаар 1970-аад  онд нэг хэсэгт нь орон нутгийн жижиг уурхайг нээсэн. 1980-аад оноос  Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх дарга нараас эхлээд бүх л сайд дарга нар гадаад руу хийсэн айлчлал бүртээ Тавантолгойг ярьсан байдаг юм. Хойд Солонгосын ерөнхийлөгч Кем Ир Сенээс хүртэл Тавантолгойн ордод хөрөнгө оруулаач ээ гэж гуйж явсан. Тэгтэл систем өөрчлөгдсөн, дэлхийн зах зээлд үнэ унасан. Улмаар Тавантолгойн лиценз үнэгүйдэж гадаадынхан хаяад гарч байсан гээд яривал зөндөө юм бий л дээ. 

-Та түрүүн  “Эрдэнэтийн гэрээ гайхамшигтай гэрээ биш шүү дээ” гэж хэлсэн. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хүртэл хувийг монголчууд, 49 хүртэлх хувийг нь оросууд эзэмшиж байна, татварын орлогын дийлэнх хэсэг энэ үйлдвэрээс орж ирж Монголыг тэжээж байна юу нь муу байгаа юм?

-“Эрдэнэт”-ийн ордыг ашиглах гэрээ 1978 онд зурагдсан ч 25 жилийн дараа буюу 2003 оноос л Монголд татвар төлдөг болсон юм. Түүнээс өмнө татвар төлдөггүй байсан. Анх оросын хувь илүү байсан. Харин 1993 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Ш.Отгонбилэг агсныг томилсноор Монголын хувь эзэмшлийг нэмэгдүүлсэн юм шүү дээ. Тэр утгаар нь анх байгуулсан гэрээ сайн байгаагүй юм гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Ер нь иймэрхүү том гэрээг нэг далайлтаар бус олон удаагийн хэлцэл ойлголцлын хүрээнд улам боловсронгуй болон шийдвэрлэгддэг.

-Тэгвэл Оюутолгойн гэрээг сайжруулах боломж монголчуудад байна гэж харж болох нь ээ?

-Гэрээг сайжруулах ёстой, ямар боломж байна, боломж болгон дээр барьцаа ахиулах хэрэгтэй. Гэхдээ хөрөнгө оруулагчдыг үргээж болохгүй. Олон улсын гэрээ бол эхлээд гэрээгээ байгуулдаг, улмаар хөрөнгөө оруулахаар нь барьцаа ахиулж гэрээгээ сайжруулж явдаг. Ажил нь эхлээгүй байхад шууд гар гэх юм уу хөөх нь маш том эрсдэл л дагуулна. Миний нэг айдас байна, монголчууд бид хэтэрхий их хөөрөлд автаад хэт дүрдээ итгээд гадаадынхныг хөөгөөд эхэлчихлээ. Гадаадын хэвлэл мэдээлэл дээр Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт энэ оны эхэнд 40 хувь нь гараад явчихлаа гэж мэдээлж байна. Уг нь энэ бүхнийг зөвхөн Ардын нам юм уу, Ардчилсан нам бүтээсэн юм биш. Өнгөрсөн 22 жилийн турш монголчууд бүгдээрээ бүтээсэн, хувийн хэвшилд бизнес эрхэлж байгаа нь ч, төрд алба хашиж байгаа нь ч гаднаас гуйсан юм шүү дээ. Монгол монголоороо үлдэж энэ том хоёр гүрний дунд оршин тогтноно гэвэл гурав дахь хөршийн бодлого буюу гурав дахь хөршийн ашиг сонирхол заавал байх ёстой. Харамсалтай нь манай руу чиглэж байсан хөрөнгө оруулалтын салхины чиг өөрчлөгдөөд байна. Эргэж ирэхдээ энэ бүхэн маш хатуу үнээр ирнэ. Энэ нь л хамгийн том аюул.

-Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан нь юутай холбоотой вэ. Улстөрийн нөхцөл байдал шалтгаалаад байна уу, хууль эрх зүйн орчин нь хатуудсан уу. Монголбанкнаас гаргасан статистик мэдээллээр 2012 онд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 2011 оныхоос 1 тэрбум ам.доллараар буурсан харагдсан?

-Гурван юм байна л гэж харж байгаа. Нэгдүгээрт, Монгол төрийн бодлого тогтворгүй байна. Бизнес эрхлэх гэж байгаа хүнд тогтвортой байдал хамгийн чухал. Бизнесийн хамгийн сайн орчин бол тогтвортой байдал. Эрх зүйн тогтвортой байдал, бодлогын тогтвортой байдал, боловсон хүчний тогтвортой байдал. Эдгээр тогтвортой байдал алдагдаад байна. Хоёрдугаарт, дэндүү хөөсөн эдийн засаг, сэтгэлийн хөөрөл хоёртоо автсан. Гадаадаас ирсэн хүн болгон “Дэлхийд Монгол шиг хөгжиж байгаа орон алга” гэж хөөргөөд л… Тийм юм байхгүй шүү дээ, жижигхэн ДНБ-тэй байсан орон жаахан тэсрээ л биз дээ. Түүнийг хувиар бодохоор их юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Монголын эдийн засаг дэндүү жижиг байсан, тэр нь жаахан тэсрээ л биз, цаана нь ямар баялаг бүтээгдсэн юм, цаана нь ямар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн юм бэ? Өвөг дээдсээс ирсэн юмаа жаахан зөөгөө л биз. Тэрэндээ хөөрөөд “Бид тасарчихсан, хөгжчихсөн” гээд сэтгэлийн хөөрөлдөө автчихаад байна. Үнэн бодитой, мэргэжлийн хүмүүсийн үгийг дуулах хэрэгтэй байна. Гуравт, нь монгол төрийн бодлогын залгамж чанар алдагдаж байна. Урт хугацаагаар бизнес хийх гэж орж ирсэн хөрөнгө оруулагч нар цэрвэж байна. Энэ дөрвөн жилд Ардчилсан намынхан дураараа дургидаг, дараагийн сонгуулиар өөр улстөрийн хүчин гарч ирээд бужигнуулвал, дээр нь дөрвөн жилийнх нь хоёр жилд сонгууль болж бизнес нь зогсоод байвал ямар хөрөнгө оруулагч бидэнтэй олон жилийн хугацаанд үерхэж нөхөрлөх юм бэ. Энэ бүхэндээ дүгнэлт хийж хөрсөн дээрээ буух цаг болсон байна.

-Сэтгэлийн хөөрөлд автах ажлыг танай намынхан эрх барьж байхдаа хийсэн юм биш үү. Өнгөрсөн жилийн хавар “Ирэх дөрвөн жилд төрийн албан хаагчийн сарын цалинг 1.3 сая төгрөгт хүргэнэ” гэж мэдэгдэж байсан. Дээр нь нэг хүнд ногдох ДНБ-ийн тухайд маш том тоо хэлж байсан шүү дээ?

-МАН-аас Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн концепцийг боловсруулж байхад, зөв бодлого боловсруулаад хэрэгжүүлээд явбал  Монгол Улс 2030 он гэхэд хөгжлөөрөө дэлхийн 200 улс гүрнүүдийн дунд цээжинд нь гарах прогноз харагдсан. Гэхдээ тэр хөтөлбөр дотор Монголын эдийн засагт эрсдэл үүсэх олон асуудал байгааг гаргаж ирсэн.  Улстөрийн,  эдийн засгийн, нийгмийн эрсдэл байна гэж. Эдгээр эрсдлийг даван туулахгүй бол энэ амжилтад хүрэхгүй гэдгийг ч мөн сануулсан. Бидний сануулаад байсан эрсдэлтэй гэсэн тэр зам руу эрх баригч нар явж байна л даа. Тэгэхдээ Ардын намынхан эрх барьж байхдаа ДНБ-ний өсөлтийг хоёр оронтой тоонд хүргэнэ гэдэг бол яах аргагүй бодлогын үр дүн шүү дээ. Хүн болгонд өгөөжтэй болгох тал дээр нь алдсан ч юм бий, оносон ч юм бий. Харин Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийн амь амьжиргаа руу чиглэсэн бодлого харагдахгүй байна. Энэ Засгийн газар эдийн засгийн асар их боломжтой, ачааны дарамтгүй Засгийн газар.

-Ачааны дарамтгүй гэдэг нь?

-Жишээ нь, цалин нэмэхгүй, “Цалин нэмнэ” гээд амлачихаар яаж 200, 300 тэрбум төгрөг олох вэ. Хүний хөгжлийн сангаас иргэндээ мөнгө өгөхгүй. Өмнөх Засгийн газрын хувьд аргаа бараад л нүүрсээ барьцаалж байгаад Хятадаас зээл авч байлаа. Тийм дарамт энэ Засгийн газарт байхгүй. Дээр нь 1.5 сая ам.доллларын маш бага хүүтэй бондын мөнгийг гаднаас оруулаад ирсэн. Ачаа багатай л Засгийн газар ажиллаж байгаа, хийхийг нь жаахан харъя, боломжийг нь тавьж өгье. Хийж чадахгүй бол сөрөг хүчин дуугарч эхэлнэ дээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж