
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байна” хэмээх моно мюзикл жүжгийг Нина Мазурын зохиолоор, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулгаар Монголд анх удаа тавьж, домогт дуучны дүрийг амилууллаа. Уг жүжгийн эхний тоглолт өнгөрсөн баасан гаригт Сентрал Товерийн “Моnet” ресторанд VIP хүрээнд болсон юм.
Эдит Пиафийн дуунууд Youtube цахим сүлжээнд өнөөдөр ч эрэлттэй, дуу тус бүр нь нэг саяас гурван сая давсан хандалттай байна. Мөн өнөөгийн хөгжингүй Францын реалити шоуны оролцогч 10 настай бяцхан охины дуулсан хувилбар л гэхэд сая хол давсан хандалттай байх аж. Хэдэн мянган үзэгчдийн хөөрөл, магтаал, алга ташилт, цэцгийн баглаан дор “La vie en rose” дууг дуулах өнөөдрийн 10 настай охины амьдрал, ахуй нийгэм хөөрхий эмгэнэлт хувь заяат Эдит Пиафынхаас тэс өөр. Өнөөдрийн реалити шоуны оролцогч тэр дороо од мэт гялалзаж, үүнийхээ төлөө олон мянган ам.долларын эзэн болох магадлалтай бол хөөрхий Эдит охиныхоо оршуулгад дутсан 10 франкийн төлөө биеэ үнэлж байлаа… Угаас арав, таван зоосны төлөө гудамжинд дуулж өссөн түүнд охиныхоо авсны үнэнд төлөх мөнгийг дуулж олох заяа дутах ч гэж…

Бяцхан Эдитийг эх нь арванхоёрдугаар сарын хүйтэн шөнө гудамжинд төрүүлж, ердөө сарын дараа түүнээс татгалзан эмэг эх дээр нь хаясан юм. Дууч эмсийн хүрээлэн ажиллуулдаг эмээ нь талд нь дарс, талд нь ус хольсон “сүү”-гээр түүнийг угждаг байлаа. Гудамжны хэрмэл жүжигчин эцэгтэйгээ акробат үзүүлж, арав, таван зоос олж, амиа зогоодог байсан бага нас. Гудамжинд өлбөрч үхсэн тэр л Эдитийн бяцхан тасархай болох дуучин бүсгүй…
Өнөөдрийн хүмүүс төсөөлж, үнэмшиж чадамгүй гашуун түүхээ тайзан дээр гарч ирээд эрээлж нэрэлхэлгүй өгүүлэх Эдит Пиафын тэр бүх яриаг тасалж орхимоор тарчлаантай санагдана. Тэр бүх түүхийг нь сонсч тэслээ ч, үүний дараа Эдит Пиафыг хайрлаж, шүтдэг, дуунд нь уярдаг хэвээрээ үлдэнэ гэдэг өнөөдрийн хүмүүст хамгийн том Зөрчил. Тийм учраас тэр бүх үнэн түүхийг зөвтгөж ойлготол нь хэрхэн яаж, хаанаас нь эхэлж өгүүлэх вэ? Чухам үүгээр зохиолын уран санаа, найруулагчийн ухаан, жүжигчний ур чадвар хэмжигдэх ёстой. Жүжгийн дараа танхимд Эдит Пиафын дуунууд эгшиглэсээр, үзэгчид тэр аялгуунд уярахдаа ухаарал нэмж байсан байх. Миний хувьд тийм л мэдрэмж төрсөн. Тэгэхээр тэр оройн жүжиг, Ц.Баясгалангийн амилуулсан дүр амьд болж чадсан гэсэн үг байх.
Зовлон, хагацлаар төгсөх түүний амраглал, дурлалын түүх дуу болж үлдэнэ… Ямар ч зовлон шаналалтай үедээ тайзан дээр дуулсаар байх Эдит Пиафыг “Хайр дурлалгүйгээр, дуулахгүйгээр амьд явж чадахгүй” хувь тавилантайгаар бурхан бүтээсэн хэрэг. Домог шиг амьдралынх утга учир, түүний дотоод мөн чанарыг ердөө цаг гаруйхан хугацаанд үргэлжлэх жүжигт багтаахын тулд зүгээр л “товчлоод л, яриулаад л байх” мэдээж утгагүй.
“Та Парист байж үзсэн үү. Парис хайрлан дурлалцахад ямар энхрий зөөлөн газар гэж санана?!” гэж Эдит Пиаф үзэгчдээс асууж байна. “Энэ бол миний үг биш. Чарль Чаплингийн үг л дээ…” гэж Эдит хэлэхдээ тохуурхангуй инээв. Яагаад гэвэл хөөрхий Эдитэд Парисын талаар тийм сайхан үг хэлэх хувь тавилан таараагүй юм. Тэгэхдээ Чарлийн хэлсэн шиг тийм сайхныг түүний дуунаас мэдэрч болдогт амьдралынх нь зөрчил оршиж байсан байх. Тайзнаа “Sous le ciel de Paris” эгшиглэнэ.
“Та Парист байж үзсэн үү? Хэрэв тийм бол Та эзлэгдсэн Парисыг төсөөлж чадах уу?!” гэж Эдит хашгиран асууна. “Тэнд би байсан юм аа. Парисыг эзэлсэн Засгийн газар намайг Германд очиж дуулахыг хүссэн юм. Би хэдий татгалзмаар байсан ч миний толгойд “хорих лагерь” гэдэг бодол харван орж ирсэн учраас зөвшөөрсөн…” Эх орныхоо төлөө та юу хийсэн юм бэ гэж өнөөдрийн биднээс асуух нэр төр энэ дуучин бүсгүйд байсан юм шүү. Тэр Германд байх хугацаандаа хорих лагериас шатаах зуух руу явах байсан эх орон нэгт 125 хүний цээж зураг, овог нэртэй үнэмлэхийг хулгайлж, хоригдогсдод нууцаар атгуулж чадсан юм. Хоригдогсод түүний ачаар оргосон юм. Түүний энэ түүхийг сонссоны дараа “Marseillaise”-г та сонсоод үзээрэй.
Эдит Пиафын амьдралын түүхээс энд товчхон танилцуулах ёстой байх. Эдит Пиафыг гудамжинд дуулж байхыг сонсоод тэр үедээ амжилттай байсан “Жернис кабаре-гийн эзэн Луи Лепле өөр дээрээ урьжээ. “Пиаф” буюу францаар “болжмор” гэсэн нэрийг түүнд Луи өгсөн бөгөөд насан туршаа Эдит Пиаф нэрээр дуудуулсан юм. Диаф тэр кабаред 1936 он хүртэл дуулсан бөгөөд мөн онд Луи алагдсанаар хувь заяаг түүнийг дахиад л гаргуунд нь хаясан байна. Эдитийн анхны хайр түүнийг 17 байхад учирсан бөгөөд энэ гэрлэлтийг нь гэрчлэх бяцхан охин нь 1933 онд төрж, европд дэгдсэн халдварт өвчний улмаас 1935 онд нас баржээ. Эхийгээ бүтэн шөнийн турш кабаред дуулж байхад охин нь зочид буудлын өрөөнд ганцаараа үлддэг байлаа. “Жернис кабаре”-д тухайн үеийн дээд хүрээнийхэн цугладаг байсан тул Эдит Пиафын алдарших эхлэл тэндээс тавигдсан гэдэг. Гэхдээ тус кабарегийн үхлийн дараа тэнд байх аргагүй болсон Эдит хэсэг тэнүүлчилж яваад эргэн Парист ирсэн байна. Ирмэгцээ яруу найрагч Реймонтой холбоо барьсан бөгөөд түүний тусламжаар Парисын хамгийн алдартай концертын танхим АВС-д дуулжээ. Түүний эхний тоглолт болсны маргааш хэвлэлүүдэд “Өчигдөр орой АВС-гийн тайзан дээр Францын агуу дуучин мэндэллээ” гэсэн нийтлэлүүд хэвлэгдсэн байна. Эндээс “Бяцхан Пиаф жинхэнэ Эдит Пиаф” болсон юм. Үүнээс хойш түүнийг нэр хүнд, эд мөнгө дагаж, Америкт тоглох хүсэлт ирсэн байна. Энэ замдаа тэрээр дэлхийн боксын аварга Марсель Сердантай учирчээ. Энэ учрал түүний насан туршийнх нь хайр дурлал байсан бөгөөд түүний золгүй үхлийн дараа Эдит зөвхөн хайр дурлалаа ч биш өөрийгөө ч хамтад нь алдсан гэж намтар судлаачид өгүүлдэг. Хар тамхи, архинд донтсон бүсгүй хэд хэдэн удаа эмчилгээнд явсан, бас хоёр ч удаа автын осолд оржээ. Сэтгэлийн зовлон, өвчин шаналлаа дарс, тамхи хоёроор л даруулдаг байж. Энэ бүхний ул мөр түүний амьдралын сүүлчийнх нь өдрүүдэд сэдэрч, үхэлд хүргэх бас нэг шалтгаан болжээ.

Нэгэн цаг үед нэг зовлон, жаргал дунд амьдарсан цаг үеийнхэн нь түүнийг хайрлаж болох. Харин бид өнөөдөр яагаад түүнийг дурсана вэ, яагаад түүнийг сонсоно вэ. «Би үхнэ, дараа нь хэн хэчнээн их ярьсан ч эцсийн эцэст үнэн хэрэг дээрээ миний хэн байсныг хэн нь ч мэдэхгүй шүү дээ”… Нээрээ тэр хэн байсан юм бэ? “Би Эдит Пиаф байна” жүжгийн дараа Та энэ асуултад хариулт олох болов уу.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №3
