
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд БНСУ-ын уран гулгагч Ким Юүна 218,31 оноо авснаар дэлхийн хошой аварга боллоо. 2010 оны Ванкуверын өвлийн олимпиос алтан медаль хүртсэнээс хойш хоёр жилийн хугацаанд мөсөн талбайд гараагүй байсан Ким Юүна ийнхүү хурц өрсөлдөөнд эргэн ирж буйгаа баталлаа. Тэрбээр ирэх жил “Сочи 2014” өвлийн олимпийн дараа зодог тайлна гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Дээрх төрөлд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Италийн Каролина Костнер 197,89 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Богино үзүүлбэрийн дараах байдлаар зургадугаар байрт бичигдэж байсан Японы Мао Асада чөлөөт үзүүлбэрт алдаагаа нөхөж, нийлбэрээр 196,47 оноо цуглуулснаар хүрэл медалийн тавцанд гарав. 2010 оны дэлхийн аварга, Ванкуверын олимпийн мөнгөн медальт Мао Асада сүүлийн хоёр дэлхийн аваргад медальгүй буцаж байсан хар дурсамжаа ийнхүү арилгасан юм. Урьдчилсан үзүүлбэрт 3-р байраар шалгарсан ч Японы Канако Мураками 189,73 оноогоор дөрөвдүгээр, АНУ-ын Эшли Вагнер 187,34 оноогоор тавдугаар байрыг эзэлжээ.
Уран гулгалтын бас нэг сонирхолтой төрлийн нэг болох цоглог, хөнгөн аянд мөсний талбайд бүждэг бүжгийн хосын төрөлд АНУ-ын Мэрил Дэвис, Чарли Уайт нар тэргүүлсэн байна. Олимп, дэлхийн аварга Канадын хослол Тесса Вирту, Скотта Мойра нар мөнгөн медаль дээр буужээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад хүрэл медаль хүртэж байсан Оросын хослол Екатерина Боброва, Дмитрий Соловьев нар медалиа ихэрлүүлж хүрэл медаль хүртлээ. Оросууд хосын алт болон бүжгийн хосын хүрэл медальтай Сочигийн наадмын өнгөө тольдлоо. ОХУ-ын алдарт уран гулгагч Евгений Плющенко ганцаарчилсан төрөлд оролцоогүй ч хос гулгагчид Оросуудын найдварыг алдсангүй.
Ийнхүү дэлхийн шилдэг уран гулгагчид “Онтарио 2013”-д Сочигийн өвлийн наадмын өнгөө харууллаа.
