
Гадаад хэргийн сайдаар Японд Элчин сайдаар урт хугацаанд ажилласан Ван Иш томилжээ. Өмнөх сайд Ян Зечи тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн болсон байна. Зүүн Хятадын тэнгис дэх эзгүй арлуудын улмаас Японтой газар нутгийн маргаан хурцатсан үеэр Гадаад хэргийн яамны удирдлага солигдож байгааг Agence France-Presse онцолжээ.
Хятадын армийн Зэр зэвсэг, цэргийн техникийн төв газрыг толгойлж байсан Чан Ваньцюань Батлан хамгаалахын сайд болов. Чан мөн Хятадын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийг хариуцаж байжээ.
Сангийн сайдын албанд шинээр томилогдсон Лоу Живэй өмнө нь тус улсын бие даасан санг толгойлж байв. Албандаа орлогч сайд байсан Гао Хучэн Арилжааны сайдаар томилогджээ. Харин БНХАУ-ын хөгжил, шинэчлэлийн улсын хорооны даргаар Сюй Шаошиг томилж, Ардын банкны тэргүүнээр Жоу Сяочуанийг хэвээр үлдээсэн байна. Жоу өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын төрийн албан хаагчдын насны дээд хязгаар болох 65 насны босго давсан ч Хятадын Ардын зөвлөлдөх зөвлөлийн гишүүн болсон учраас тушаалдаа хэвээр үлдэв. Reuters тайлбарласнаар, Ардын зөвлөлдөх зөвлөлийн гишүүний статус нь түүнийг үндэсний лидерүүдийн нэг болгосон учир насны хязгаарлалтаас чөлөөлсөн гэнэ.
Дээрх томилгоонуудаас гадна Төрийн зөвлөлийн дөрвөн дэд ерөнхий сайд нарыг баталжээ. Арван жил тутамд болдог засаг шилжүүлэх үйл явц ийнхүү төгсч байгаа юм.
Хятадын өнөөгийн Ардын их хурал өнөөдөр сүүлчийн хуралдаанаа хийж буй. Хуралдааны төгсгөлд БНХАУ-ын шинэ дарга Си Жиньпин хаалтын үг хэлж, ирэх 10 жилд ажиллах хөтөлбөр, үүргээ танилцуулах юм.
Сануулахад, өнгөрсөн баасан гаригт Ли Кэцянийг Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар томилсон юм. Вэнь Жябаог орлох энэ эрхмийг бараг 100 хувийн саналаар сонгожээ. Харин БНХАУ-ын дарга Си Жиньпинийг гуравдугаар сарын 14-нд батламжилсан билээ. Тэрбээр ирэх арван жилд Хятадыг удирдах тав дахь үеийн удирдагч юм.