-Эдийн засгийн форум энэ удаа зорилгодоо хүрч чадсан уу? Үндэсний брэнд сонгогдсон уу?
-Монголын эдийн засгийн форумыг анх бид Дэлхийн эдийн засгийн форумаас санаа авч зохион байгуулсан. Дэлхийн эдийн засгийн форум үндсэндээ хөгжлийн ерөнхий чиг хандлага гэсэн том концепци, бодлогын чанартай асуудлуудаа яриад явдаг. Мундаг том шийдвэрүүд гардаггүй, гаргасан шийдвэрээ эргэж дүгнэдэггүй, өнгөрсөн жилийн форумын үр дүн юу болов гэдгийг эргэж ярьдаггүй л дээ. Тиймээс Монголын эдийн засгийн форум ч гэсэн яг тийм хандлагаар яваад байсан. Харин энэ удаагийн форумаар бид илүү амьдралд ойртсон зүйлүүд ярья гэсэн юм. Дэлхийн эдийн засгийн форум шиг жилдээ нэг цуглаад, ерөнхий юмнууд яриадявах нь үр ашиггүй байна аа гэж. Тийм учраас энэ жилийн форумд гарсан хамгийн том өөрчлөлт нь өрсөлдөх чадвар, бизнесийн орчин, эдийн засгаа яаж сайжруулах вэ гэдэг ерөнхий том бодлогоосоо гадна тодорхой сэдвүүд дээр “фокус”-лая, ач холбогдол өгч, дуран авиагаа тавья гэсэн. Тэр нь Монгол үндэсний брэндийг бий болгох асуудал. Өнөөдөр бид ганцхан уул уурхайтай, тэр тусмаа ганц улсын экспорт, ганц үйлдвэрээс хараат эдийн засагтай л явж байгаа ард түмэн шүү дээ. Тийм учраас ганц өнгөтэй эдийн засгаа яаж зургаа, долоон өнгөтэй болгох вэ, эдийн засгаа яаж солонгоруулах вэ. Эдийн засгийн бусад салбарууд нь эхний ээлжинд импортоо орлодог, цаашдаа экспортод гардаг, Монголоо илэрхийлсэн брэнд бүтээгдэхүүнүүдтэй болъё гэдэг асуудлыг өнөөдөр л шат дараатай ярихгүй бол үнэхээр оройтох нь. Үүнийгээ зургаан чиглэлээр ярьсан.
Жишээлэхэд, Чили улс дарсныха үйлдвэрүүдийг босгохын тулд бүхэл бүтэн 30 жил зарсан, Австрали гэхэд 1930 оноос хойш 50 жил зарсан. Энэ жишээнүүдээс санаа аваад төр нь бодлогоор дэмжээд, хувийн хэвшил нь өөрсдөө санаачлагаа гаргаад, дээр нь бусад улсуудыг арга туршлагыг хэрэглээд явахад хурдан хугацаанд тодорхой үр дүнд хүрч болно. Зөвхөн Монголоос гарч байгаа жонш, зэс, хүдэр, алт, мөнгө биш, органик монгол сүү, Монголоос өөр хаана ч байдаггүй унаган байгаль, эсвэл туувраар явдаг, хаана ч байхгүй амт шимттэй монгол мах байна. Энэ бүтээгдэхүүнүүдээ яаж олон улсын зах зээл дээр хамгийн өндөр үнээр, хамгийн зөв замаар гаргах вэ гэдэг арга замаа л ярьж байгаа юм. Нийгэм өөрөө энэ уур амьсгалаар амьсгалаад “Хувийн хэвшил гээд зөвхөн өнөө маргаашаа аргацаасан байдлаар эргэлтийн жаахан хөрөнгө, багахан зээлэнд баригдах биш, ирээдүйгээ харсан том юм руу нэгдэж болох юм байна. Ингэхдээ надтай адилхан зовлон жаргалтай бусад хүмүүстэйгээ нийлж, хоршиж ажиллах нь сайн юм байна. Ингэсэн тохиолдолд төрөөс ч гэсэн биднийг дэмжээд өгөх юм байна” гэдэг дүр зургаа харсан гэдэг утгаараа форум амжилттай болсон.
Мэдээж юм бүхнийг бараан талаас нь харах, тэр нь ч болсонгүй, энэ нь ч бүтсэнгүй гэж шүүмжлэх дуртай хүмүүст бол шүүмжлэх зүйл их л гарах байх. Өмнөх форумууд дээр ч гардаг л байсан. Гэхдээ үүнийгээ жил алдахгүй тогтмолжуулаад, дээрээс нь гадна дотныхон ирдэг, анхаарал хандуулдаг, хувийн хэвшлийнхэн нь ч гэсэн шинэ санаа аваад “Шинэчлэлийн Засгийн газар ингэж ажиллах юм байна, шинэчлэл нь энэ чиглэлээр хийгдэх юм байна, үүн дээр нь хоршоод, ташуурдад явья” гэдэг байвал форумын гол ач холбогдол, үр дүн гэж би харж байгаа. Тэр утгаараа би энэ удаагийн форумыг их муу зүйл болгосонгүй л гэж хэлнэ.
-Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжинэ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг бий болгоно, нэмэгдүүлнэ гэж ярьж байгаа. Араас нь баахан хөтөлбөр батлаад, нэг удаа санхүүжүүлээд өнгөрдөг тэр жишиг рүүгээ явчих юм биш биз дээ? Бодлогоор дэмжүүлэх ёстой үндэсний брэнд нь сонгогдсон юм уу?
-Манай улсын нэг том онцлог бас харагдаж байна л даа. Бид зургаан чиглэлийг гаргаж ярьсан, тэдэн дундаас ихэнх нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, тэр дундаа мах сүү, ноос ноолуур, арьс ширний үйлдэрлэл байна. Энэ бол үнэхээр Монголын онцлог байна, бидэнд том боломж бололцоо байна. Одоо том бодлого л хэрэгтэй. Олон жишээ хөндөж ярьсан. Тэр нь эргээд нэгдсэн бодлогод зангидагдаад, хувийн хэвшлийнхнийх нь чармайлт хаана очиж нийлэх вэ гэдэг дээр л гол учир нь байгаа. Ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэл дээр тодорхой том санхүүжилтийг шийдээд явах бүрэн боломж нь байгаа. Ноос ноолуур дээр шийдээд явсан, одоо арьс ширэн дээр Засгийн газрын бонд гаргах асуудал шийдэгдээд явж байна. Яг малчид руугаа мөнгө нь очсон, үйлдвэрлэгч рүүгээ зээл нь очсон, энэ хоёрын нэгдлээс Монгол Улс экспортлох, өөрийнхөө хэрэгцээг хангах бүтээгдэхүүн олж авсан тийм дүр зураг, схемийг хийх бүрэн боломж байна. Зүгээр төсөл хөтөлбөр батлаад, түүнийгээ дагасан санхүүжилт гаргаад, багахан хугацаатай компанит ажил болгоод, эсвэл тухайн компанийг дэмжээд явах биш. Үүн дээрээ бид чагнуураа зөв тавиад, хуучин хийдэг байсан алдаануудаа засаад явах ёстой. Нэгэнт мөнгө зарж байгаа юм чинь аль нэг компанийг дэмжих биш, бүтэн салбараар нь босгож ирэх, нэгдсэн том корпарациуд руу аваачих ёстой.
Нөгөө талаас түүхий эдийг нь бэлтгээд, түүний төлөө өдөржин, шөнөжин явж байгаа монгол иргэнээ, малчдаа дэмжих бодлого хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр монгол малчин Хятадаас мөнгөө авч байгаа ченжүүдэд л ажиллаж байна. Энэ ченжүүд рүү явж байгаа түүхий эдийн урсгалыг Монголын үндэсний үйлдвэрлэл сэргэх тэр тогтолцоо руу аваачих тэр схемээ л бид хийх ёстой. Яг одоо энэ чиглэлээр Засгийн газар дээр ярьж байгаа нэг зүйл бол хөдөө дэх бизнес хөгжлөө дэмжих том хөтөлбөр хэрэгжүүлье гэж байна. Араас нь залгуулаад экспортоо дэмжсэн хөтөлбөр гээд бие биенээ дэмжсэн, нөхсөн хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэх юм бол сая утга учиртай болох юм. Хөтөлбөр үр дүнгээ өгдөг гэдгийг сая бид харлаа шүү дээ. Махан дээр жаахан үнийн өсөлт гарлаа. Гэхдээ л бид өнөөдөр жиших махтайгаа сууж байна. Хуучин нөөцийн мах бүрдүүлж чаддаггүй байсан бол өнөөдөр нөөцийн махтай, сонголт хийх бололцоотой сууж байна. Бензин 350 төгрөгөөр өсөх байсныг 50 төгрөгөөр өссөн дүнтэйгээр барьж чадлаа. Гурилан дээр бас асуудлыг шийдэж чадсан. Ингээд ажиллахаар үр дүн шууд харагдаж байна. Сая хоёрдугар сарын инфляцийн өсөлт 2,5-2,7 хувь л байна. Өнгөрсөн жилийн өдийд 5,7 хувиар өсч байсан. Ноднингоос 50 хувь бага өсөлтийг гаргаж ирлээ. Энэ ондоо инфляцийг нэг оронтой тоонд бариулна гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр биелэх дүр зураг харагдаж байна. Гэхдээ зүгээр нэг инфляцитай ноцолдох биш, эргээд брэндээ гаргаж ирсэн, экспортоо дэмжсэн бодлогоо залгаад явах юм бол илүү сайжирна л гэсэн үг.
-Төрөөс хувийн хэвшил, үйлдвэрлэгчдэд үзүүлэх гээд байгаа тэр дэмжлэгийн чинь суурь нь юу юм бэ?
-Суурь нь ерөөсөө л санхүүжилт шүү дээ. Мөнгөгүйгээс болоод маш олон төсөл, хөтөлбөрүүд амьдрал дээр хэрэгжиж чадахгүй байгаа. Энэ асуудлаа зохицуулах бүрэн боломж байна. Гэхдээ дахиад л нөгөө байгаа онох тухай асуудал. Нэг компанийн догонцож байгаа нэг үйлдвэрийг дэмжих үү, догонцож байгаа үйлдвэрүүдээ нийлүүлээд бүхэл бүтэн салбараар нь босгож ирэх бололцоо байна уу. Нөгөө замаас нь мөнгө иддэг ченжийн тогтолцоогоо устгаж, үйлдвэрлэлээ, малчдаа дэмжсэн зөв бүтэц, зөвголдрилд оруулах асуудал. Дээрээс нь манай үндэсний үйлдвэрлэлд саад учруулж байгаа урд хөршийн түүхий эд цуглуулах бодлоготой яаж уялдуулах вэ гэх мэтчилэн асуудлаа зохицуулж чадвал үнэхээр урьд урьдахаас шал өөр, үр дүнгээ өгсөн бодлого болно.
-Яг үүнтэй холбоотой өмнөх УИХ-ын үед баталсан “Монгол мал” хөтөлбөр, ХАА-н бирж байгуулах тухай хууль байна. Энэ хоёр зүйл чинь өнөөдөр яригдаж байгаа энэ бодлоготой хэр уялдаж байгаа вэ. Эсвэл өмнөх шигээ Засгийн газар болгон тус тусдаа өөр зүйл яриад яваад байх юм уу?
-Таны хэлсэнчлэн нэр нь хүртэл ХАА гэдэг бүхэл бүтэн салбар, нэгдсэн том урсгалын зөвхөн нэг цэг дээр нь очиж хаяглаад байгаа байхгүй юу. Системээ бүхлээр нь харж чадаагүй. Малчнаас гараад үйлдвэрлэл рүү очдог, үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүн болж гараад эргээд доллар болж орж ирдэг, тэр доллар нь эдийн засаг руугаа ороод эргээд малчин луугаа очдог энэ бүтэн тогтолцоогоо бий болгох ёстой. Тэгэхгүй нэг нэгээр нь барьж аваад эсвэл ченжтэйгээ ноцолддог, эсвэл нэг хэсэг компанид үйлчилгээ үзүүлээд нэг хэсгийг нь хаядаг буруу бодлогоос болоод малчид маань хүссэн хүсээгүй зөвхөн ченжээр дамждаг тогтолцоо яваад байна. Тиймээс энэ тогтолцоогоо бүтнээр нь хараад малчид нь шууд үйлдвэрлэгчид рүүгээ очдог, үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ гаргадаг нэгдсэн тогтолцоог бий болгох ёстой. Энэ бодлого маань Засгийн газрын дараагийн хуралдаанаар албан ёсны шийдвэр болоод гарчихна. Тэр шийдвэрийн дагуу санхүүжилт хийгдээд явна. Одоо хавар болчихлоо, малын түүхий эд гардаг ид үе. Энэ хаврыг бид дахиалд алдах уу, ашиглах уу гэдэг асуултад хариу өгөх цаг.
-Хөнгөн үйлдвэрийг босгож ирнэ гэж байгаа. Гэтэл манайд үйлдвэрлэгдэж байгаа сүлжмэл бүтээгдэхүүн Хятадын хямд зах зээл дээрээс гарч байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадах уу?
-Ганцхан жишээ хэлье. Бид сурагчийн дүрэмт хувцсыг Хятадаас даавуугаа авч оёж байна. Жил бүр 70-80 тэрбум төгрөг яг ийм маягаар урд хөрш рүү гарч байгаа. Энэ мөнгийг яагаад Монголдоо үлдээгээд, үндэснийхээ үйлдвэрлэлийг босгож ирж чадахгүй байгаа юм. Гэтэл хөнгөн үйлдвэрлэл, тэр дундаа оёдлын салбар дотроо бол сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл тун бага хувийг эзэлж байгаа шүү дээ. Тэгэхээр цаана нь хичнээн их мөнгө гадагшаа урсч байна вэ. Тиймээс эхний ээлжинд Хятадтай өрсөлдөх тухай ярихаасаа өмнө импортыг орлох бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө хийдэг болох хэрэгтэй байна. Эмчилгээнд гэхэд жилдээ 100 сая ам.доллар гараад явчихаж байна. Энэ мөнгөөр Монголдоо эмнэлэг бариад Монголдоо эмчлүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн бүх зүйл импорт болчихоод байгаа биз. Үүнийгээ бид гадаад худалдааны тэнцэл дээрээ хараад, зөв бүтэцтэй болгох хэрэгтэй. Эхний ээлжинд сурагчийн формоо эндээ үйлдвэрлээд 70-80 тэрбум төгрөг нь Монголын үйлдвэрүүдэд үлдэж байг. Өдөр тутам хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүн болгоноо энэ зүг рүү явуулах хэрэгтэй байхгүй юу. Дараа нь бид өрсөлдөөний тухай ярина. Амьдралын, зэх зээлийнхээ шалгуураар сурагчийн формоороо Хятадтай өрсөлдөж чаддаггүй юм гэхэд монгол малын мах Австрали, Шинэ Зеландыг даваад Арабын орнуудад нийлүүлэгдэж болно шүү дээ. Энэ чинь Монгол брэнд. Хэдэн брэндтэй болох вэ гэдэг чинь амьдралынхаа, зах зээлийнхээ шалгарлаар л шийдэгдэнэ. Өнөөдөр бидэнд хоёрхон л брэнд байна шүү дээ. Нэг нь “Монгол бол уул уурхайн хөгжиж байгаа орон” гэдэг ойлголт, нөгөөх нь Чингис хаан. Гурав дахь, дөрөв дэх, тав, зургаа дахиа гаргаж ирэх ёстой биз дээ.
-Эргээд нөгөө ерэн оноос өмнөх шиг дотоод үйлдвэрийн резинэн ултай гутал өмсдөг рүүгээ орох юм биш биз дээ?
-Бид социализмын үед сая 500 мянган метр даавуу үйлдвэрлэдэг байсан. Одоо “0” сантиметрийг үйлдвэрлэж байна. Ноосныхоо бодлого дээр жижигхэн зохицуулалт хийгээд явахад эхнийхээ жилд 1,5 сая биш, 2,5 сая метрийг үйлдвэрлэх боломж манай үйлдвэрүүдэд байна. Дахиад л зөв бодлого байхгүйгээс ноос нь боловсруулагдалгүйгээр гарч явчихаад байна. Компаниуд нийлээд хийе гэж байна, засаг дэмжээд өгье гэж байна. Бас өөрсдийгөө тэгж доошоо үзэж болохгүй л дээ. Социализмын үед, 20-30 жилийн өмнө хийж байсан зүйлээ одоо яагаад бид хийж чадахгүй гэж. Эхний ээлжинд бага амбицтай үзэх ёстой байхгүй юу, хуучин чаддаг байсан юмаа чадъя. Дараа нь чаддаггүй байсан юмаа чадъя, дараа нь бусдын чаддаг зүйлтэй өрсөлдье. Ямар ч улсын эдийн засаг ингэж л босдог шүү дээ. Бидний өрсөлдөж чадахгүй гээд байгаа тэр Хятад, Солонгосын үйлдвэрлэл ч яг л бидний энэ зовлон дундуур явсан шүү дээ. Бидэнд тэднээс давуу зүйл байна, тэр нь Монголын брэнд болно.
-Дахиад 20-30 жил орох байлгүй дээ. Тийм үү?
-Яалаа гэж. Хуучин бол брэнд гаргахад 20-30 жил шаардагддаг байсан. Одоо бол зөв явбал 2-3 жил л орно. Испанийн “Зара” гэж хувцасны үйлдвэрлэл байна. Арваадхан жилийн дотор дэлхийн брэнд болж чадсан. Тэгэхэд өнөөдөр монгол гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр орж ирээд “Бидэнд “Зара”, “H&M”-тэй өрсөлдөхүйц хувцасны үйлдвэрлэлтэй болох боложм байна. Бүх загварууд нь байна, технологи, үйлдвэр нь байна. Одоо жаахан туслаад өгвөл дэлхий рүү гарлаа” гээд явж байна. Өөр нэг монгол залуу орж ирээд “Бид Монголд нөөтбүүк үйлдвэрлэж байна, ухаалаг гар утас хийх боломж байна. Андроид гар утас, сматфоныг дэлхийд байхгүй хямд үнээр Монголоосоо авч болно. Дахиад жаахан дэмжээд өгөөч” гэж байна. Ийм хүмүүсээ л дэмжиж байж бид босно. Тэгэхгүй дахиад 20-30 жил гээд хойшоо тавиад байвал юу ч бүтэхгүзй. Зөв явбал 2-3 жилийн дотор үр ашгаа өгөх төслүүд байгаа учраас бид үүн лүү хөрөнгө оруулах хэрэгтэй.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин