
Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавесийн шарилыг Каракас хотын Цэргийн академаас шилжүүлэн Хувьсгалын музейд байршуулсан байна. ВВС-ийн мэдээлснээр Уго Чавесийн шарилыг Хувьсгалын музейд шилжүүлэх ажиллагаанд ерөнхийлөгчид нэр дэвшигч Николас Мадуро тэргүүтэй улс төр, шашны тэргүүнүүд болон хувьсгалыг бэлэгдсэн улаан өнгийн хувцасаар жигдэрсэн олон зуун иргэд оролцжээ. Түүнчлэн Венесуэлийн Үндэсний ассамблейгаас мэдээлснээр Уго Чавесийн шарилыг түүхэнд нэрээ үлдээсэн хүндтэй хүмүүсийн хамтаар тусгай бунханд оршуулахаар болсон байна. Гэхдээ Уго Чавес таалал төгсөхөөсөө өмнө өөрийгөө төрсөн хот Баринаст оршуулахыг захиж байсан аж.
Үүнээс өмнө Венесуэлийн албаныхны зүгээс талийгаач Ерөнхийлөгч Уго Чавесийг Ленины адил зандалшуулан шилэн хоргонд байршуулахаар төлөвлөж байсан боловч ингэх боломжгүй болсныг мэдэгдээд байсан билээ. Венесуэлийн албаныхан Орос болон Германаас мэргэжилтнүүд урин талийгаач ерөнхийлөгчийн шарилыг занданшуулахаар төлөвлөж байсан юм.
Венесуэлийн төрийн эрхийг 14 жилийн турш барьсан Уго Чавес өнгөрсөн 2011 онд хорт хавдартай гэж оношлогдсноос хойш олон удаа хагалгаанд орж, удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсэн боловч энэ сарын 13-ны өдөр цэргийн эмнэлэгт таалал төгссөн билээ.
Б.АНХТУЯА