Ажилчдын хувцсыг Өмнөговийнхон нийлүүлдэг

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Ажилчдын хувцсыг Өмнөговийнхон нийлүүлдэг

“Miner & Supplier 2013”  уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум хоёр дахь өдрөө Чингис зочид буудалд үргэлжилж байна.  Форумд  илтгэл тавьсан хүмүүсийн нэг “Оюутолгой” ХХК-ийн Дотоодын ханган нийлүүлэлтийн хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаатай уулзаж зарим зүйлийг тодруулснаа уншигчдадаа хүргэе.

-Оюутолгойд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолтой аж ахуйн нэгж байгууллага олон бий. Ханган нийлүүлэгчдийн хэдэн хувь нь үндэсний, хэдэн хувь нь гадны компани байдаг вэ?

-"Оюутолгой" ХХК нь 2011 оны арванхоёрдугаар сард “Оюутолгой ХХК-ийн худалдан авах ажиллагаанд баримтлах зарчим”-ыг баталсан. Үндсэн найман төрлийн бодлогын баримт бичгийг багтаасан энэхүү зарчимд үндэсний ханган нийлүүлэгч тэр дундаа Өмнөговь аймгийн ханган нийлүүлэлтийг түлхүү дэмжих зүйл заалтыг тусгасан. Тус зарчимд үндэсний ханган нийлүүлэгч гэдэгт “Монгол Улсад бүртгэлтэй байх, компанийн 50-аас дээш хувийг Монгол Улсын иргэн эзэмшдэг байх”-аар заасан. Өнгөрсөн онд л гэхэд Оюутолгой ХХК энэхүү зүйл заалтад багтсан үндэсний ханган нийлүүлэгчээс нийт бараа бүтээгдэхүүний 34 хувийг авсан байдаг. Энэ тоог 2013 онд 50 хувьд хүргэхийг зорьж байна. Харин гадаадын ханган нийлүүлэгчдийг гурван бүлэгт хувааж байгаа. Эхний бүлэгт Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч байхын дээр тус компанийн төв алба нь Монголд үйл ажиллагаа явуулдаг байх, нийт ажиллагсдын 75-аас дээш хувь нь Монгол Улсын иргэн байх шаардлагыг тавьсан. Үүнд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд багтана. 2012 онд нийт ханган нийлүүлэлтийн 44 хувийг энэхүү заалтад багтсан компаниуд нийлүүлсэн байна. Үндэсний 34%, Гадаадын ангилал 1 – 45%, Гадаадын ангилал 2 – 1%, Нийлээд яг 75%. Сэржмаа ойролцоогоор 80 аад хувийг нь авсан гэж ярьсан юм. Гадаадын ангилал 3 буюу бүүр гадаадаас 15%-ийг авчээ. Ингээд бодохоор нийт  дүнгээрээ бол бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай Монгол компаниас авч байна. Барааны нэр төрлөөр авч үзвэл барилга угсралт, хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл, шатах тослох материал, ажилчдын хувцас зэрэг нийт найман нэрийн барааг зуун хувь дотоодоос ханган нийлүүлдэг.

-Үндэсний ханган нийлүүлэгч дотроо Өмнөговь аймгийнхныг илүү сонгодог бололтой юм. Орон нутгийнхан чухам юу нийлүүлж байгаа вэ. Мах, сүү, хүнсний ногоо нийлүүлэх сонирхолтой хүн олон байдаг ч танай компанийн шалгуур өндөр байдгаас тэр бүр өгч чаддаггүй гэсэн?

-Үндэсний ханган нийлүүлэгч дотор Өмнөговийн компаниуд багтаж байгаа. Өмнөговьд албан ёсны бүртгэлтэй, ажиллагсдынх нь 75-аас дээш хувь нь Өмнөговийн компани шалгуурт тэнцсэн бол  хамгийн түрүүн сонгох үүрэгтэй. Анх 2010 онд Өмнөговьчууд манайд 0,5 тэрбум төгрөгийн бараа нийлүүлж байсан бол өнгөрсөн онд 7,5 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ онд 36,4 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг Өмнөговиос авахаар төлөвлөсөн. Манай компанийн ажилтан, ажилллагсдын ажлын хувцсыг зуун хувь Өмнөговийнхон нийлүүлдэг. Хувцасны логон дээр Даланзадгадад үйлдвэрлэв, Ханбогдод үйлдвэрлэв гэсэн бичиг бий. Анх 1-2 хүнтэй оёдлын жижиг цехээс гараагаа эхэлсэн үйлдвэр өнөөдөр 40-60 ажилчинтай, 180-200 ам метр үйлдвэрийн байртай болж, хөл дээрээ тогтсон жишээ олныг хэлж болно. Орон нутгийн иргэд хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг голчлон нийлүүлж байсан бол энэ жилээс хүнд үйлдвэрлэлийн салбар руу орж байгаа. Өмнөговь хичнээн модгүй ч гэсэн тус аймгийн иргэд өөр аймгаас мод татаад модон тавилга хийж байгаа. Оюутолгойн кэмп дэх бүх модон тавилгыг Өмнөговийн компаниас авсан. Харин хүнсний барааны хувьд асуудал тулгардаг нь үнэн. Оюутолгой ХХК аюулгүй, найдвартай ажиллагааг нэгдүгээрт тавьдаг. Тэр утгаараа иргэдийн гар дээрээс биш, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг илүү сонгодог. Иргэдийн тарьсан ногоо, мах, сүүг манайд нийлүүлэхийн тулд төр захиргааны байгуулагууд санаачлагатай ажиллаж, бүтээгдэхүүний баталгаа, сертификат олгодог болчихвол иргэдэд илүү  боломж нээгдэнэ.

-Ханган нийлүүлэгчийн сонгон шалгаруулалт хэр шударга явдаг вэ. Дээрээс тухайлбал, УИХ-ын гишүүд болон төр захиргааны ажилтнуудын зүгээс өөрийн танил тал, ах дүүсийнхээ компанийг сонгохыг санал болгох зэргээр дарамт үзүүлдэг гэдэг үнэн үү?

-Бид ханган нийлүүлэгчдийг ил тод, нээлттэй, шударгаар сонгохыг эрхэмлэдэг. Манай ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд нийт 1750 компани бүртгэлтэй байдаг. Тэдгээр компаниудын үйл ажиллагааны чиглэлийг тогтоогоод ханган нийлүүлэлтэд оролцох урилга илгээдэг. Өрсөлдөөнт шалгаруулалтад тэнцсэн компаниудаас хамгийн эхэнд Өмнөговийнхийг, Өмнөговиос тэнцээгүй тохиолдолд үндэсний компанийг сонгох замаар шалгаруулдаг. Үндэсний компаниуд шалгаруулалтад тэнцэхэд багахан оноо дутсан байлаа гэхэд засч залруулах, компаниудыг чадваржуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Ханган нийлүүлэлтийн хувь хэмжээнээс харсан ч үндэсний компанийн оролцоо нэмэгдсэн байдаг. Тэгэхээр дэд удирдалагын дарамт шахалтаар сонголт хийх боломжгүй. Энэ бол ердөө л таамаглал байна.

-Оюутолгой ханган нийлүүлэлтэд маш цөөн тооны бүтээгдэхүүн авдаг гэх юм. Ажилчдынхаа тоонд хүрэхээргүй бүтээгдэхүүн авч Засгийн газарт үндэсний компанийг сонгосон дүр эсгэдэг юм биш үү?

-Энэ мэдээллийг ч би эрс няцаамаар байна. Манайх компаниудаас бараа бүтээгдэхүүн авахдаа тухайн компанийн хүчин чадлыг тооцдог. 5-10 ажилчинтай компани 10 мянган хүний хувцсыг дангаар үйлдвэрлэх боломжгүй биз дээ. Тиймээс хэд хэдэн компаниар хийлгэх жишээтэй. Үүнээс үүдэж гарсан мэдээлэл байх магадлалтай.

-Оёмол бүтээгдэхүүнээ дотоодоос авдаг гэлээ. Манайд даавуу үйлдвэрлэдэггүй. Тэгэхээр түүхий эдээ гаднаас оруулж ирэх нь мэдээж. Танай шаардлагад нийцдэг үү?

-Одоогоор манай улс даавуу үйлдвэрлэдэггүй болохоор даавууг гаднаас авч байгаа. Тиймээс даавууны үйлдвэрлэл эрхлэх боломж байна гэсэн үг. Ер нь бол нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нийтээрээ анхаарах хэрэгтэй байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж