Долоон жилийн өмнө 20 гаруй Хадгаламж зээлийн хоршоо дампуурч 8300 иргэн хохирч, 72 тэрбум төгрөгний хохирол учруулсан байна. Өнөөдрийн байдлаар хохирогчдын 50 хувийн хохирлыг барагдуулсан байгаа юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг, чиглэл өгсний дагуу Хууль зүйн сайдын 2012 оны аравдугаар сарын 24-ний өдрийн А/47 дугаар тушаалаар Хадгаламж, зээлийн хоршоодын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэрлэлт, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль журмын дагуу явагдсан эсэх, хоршоодын нилээдгүй хөрөнгө алга болсон, үнэгүйдсэн болон хохирол долоон жил шийдвэрлэгдэхгүй сунжирч байгаа шалтгааныг шалган тогтоохоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Уг ажлын хэсэгт хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын төлөөлөл орж дөрөв гаруй сарын хугацаанд хийсэн ажлаа хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга төв” ТББ-аас танилцууллаа.
- ХЗХ-доос хураагдсан 50 үл хөдлөх хөрөнгө, газрын худалдан борлуулалт, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмших эрхтэй холбоотой асуудлыг шалгуулж, ажил хариуцсан төрийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
- Үнэлээгүй байсан Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын дөрвөн лицензийн эзэмших эрх сэргээгдэж ШШГЕГ-ийн мэдэлд шилжсэн байна.
- ХЗХ-ноос хураагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны үйл ажиллагаа хууль журмын хүрээнд явагдсан эсэхэд хохирогчдын гомдлын дагуу Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас ажлын хэсэг гарч 10 үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны материал дээр шалгалт хийж илтгэх хуудас гаргасан байна.
- Ажлын хэсэгтэй хамтран хорих ангиудаар явж ХЗХ-ын хэргээр ял эдэлж байгаа Хоршоодын үүсгэн байгуулагч Самбалхүндэв/Баян-Өндөр сан/, Мэндбаяр /Глоб кредит/, Энхтөр, Баттөр /Бүтээн байгуулалт хөгжлийн сан/ нартай уулзаж, тэднээс авсан мэдээллийн дагуу хоршоодын нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажлыг хийсэн. Үүний дүнд дампуурсан гэх ХЗХ-ны өмчлөл, эзэмшилд байсан боловч хохирогчдын хохирол барагдуулах хөрөнгийн жагсаалтад бүртгэгдээгүй “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгө 68 айлын орон сууцны барилга, 24 машины гараж зэрэг нуугдмал хөрөнгийг илрүүлсэн байна.
- ХЗХ-ны хохирогч 700 хүнийг хамруулан амьдрал эрүүл мэндийн байдал, ар гэрт туссан сөрөг нөлөөллийг судлахад 58 хохирогч нас барсан, 228 хохирогч эрүүл мэндээрээ хохирч эмчийн байнгын хяналтад байдаг, 79 гэр бүл салсан, 512 хохирогч өр зээлийн хүндрэлд орж үүнээс 480 нь орон гэргүй болсон мөн санхүүгийн боломжгүйгээс болж хүүхдээ сургуулиас нь завсардуулсан зэрэг дүн гарсан байна.
ХЗХ-ны хохирогчид цаашид төрийн холбогдох байгууллагуудаас хэд хэдэн шийдвэрлүүлэх асуудал байгаагаа илэрхийллээ. Тэд ХЗХ-дын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэрлэлт, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль журмын дагуу явагдсан эсэх болон долоон жилийн турш шийдэгдэхгүй байгаа асуудалд хууль зүйн дүгнэлтээ яаралтай гаргаж хохирогчдод мэдээллэх мөн төрд төвлөрүүлсэн 20 тэрбум төгрөгийг эргүүлэн татаж хохирогчдын хохирлыг барагдуулах зэрэг асуудлыг ойрын өдрүүдэд хийхээр бэлдэж байгаа юм байна. Хохирогчид бидэнд бодит үр дүн хэрэгтэй гэж үзсэний улмаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан дэмжлэг хүсч өргөх бичиг барьж байгаагаа илэрхийллээ.