Х.Болор-Эрдэнэ: Найзууд минь намайг сэрээв

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Х.Болор-Эрдэнэ: Найзууд минь намайг сэрээв

Саяхан болж өнгөрсөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэсэг найрагч залуус “Төгөлдөр гоо” яруу найргийн цэнгүүнээр бүсгүйчүүддээ бэлэг барьсан билээ. Харин өвөрмөц бэлэг авсан бүсгүйчүүд зүгээр суухгүй гэнэ. Энэ цагийн урлаг, утга зохиолд шинэ мэдрэмж, өвөрмөц өнгө төрхийг авчирч буй “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Би бид хоёр” зэрэг өгүүллэгийн номуудаараа уншигчдын танил болсон зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ тэргүүтэй долоон уран бүтээлч бүсгүй “Хаврын урилга”-аар хариу барихаар болсон байна. Ингээд зохиолч сэтгүүлч Х.Болор-Эрдэнэтэй тоглолтынх нь талаар ярилцлаа. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа хаврын  улирлыг “Даашинзтай хавар”  хэмээн нэрийджээ.

-Тоглолтын нэр өвөрмөц юм. Бусад тоглолтуудаас юугаар ялгарах вэ?

-Хаврын урилга” нэрний учир олон зүйлд бий. Бид хавар цагийг нүүдлийн шувуудаас түрүүлээд эх орондоо урин дуудаж байгаа юм. Мөн хайрын улирлыг энэ тоглолтоороо эхлүүлж байгаад билэгшээж байгаа. Мэдээж бусад тоглолтоос ялгаа их бий. Олонхи тоглолт дуу хуур болоод өнгөрдөг бол бидний тоглолт амьд яруу найраг, дуу хөгжим, жүжигчилсэн тоглолтууд үзүүлж болохоор яах аргагүй өвөрмөц л дөө. 

-Яруу найргаар дагнасан тоглолтыг та нарын үеийнхэн л эхлүүлж байна. Хүмүүст өгөхийг зорьж буй хамгийн гол зүйл юу вэ?

-Ер нь аливаа урлагийн суурь утга зохиол, яруу найраг байдаг. Түүнийг хүмүүс анзааралгүй өнгөрдөг байж магадгүй. Бид энэ тоглолтоороо эрчүүлээ хайрлах, эх орноо хайрлах “хайрын шигтгээ”-г хүмүүсийн сэтгэлд гүн суулгаж өгөхийг зорьж байгаа. Эмэгтэйчүүдийн баяраар “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн найрагч залуус маань эмэгтэйчүүддээ зориулсан “Төгөлдөр гоо” тоглолтоо амжилттай хийсэн. Түүний үргэлжлэл болгож энэ удаа найрагч бүсгүйчүүл маань ээлжит тоглолтоо олон түмэндээ өргөн барьж байгаа хэрэг.

-Таны хувьд өгүүллэг бичдэгийг тань л мэдэх юм байна. Тоглолтод өгүүллэгээ унших уу?

-Мэдээж уншина. Миний хувьд нэг ч удаа тайзан дээр гарч үзээгүй тул үнэндээ эмээж л байна. Гэсэн ч анд нөхдийнхөө ажлыг дэмжих үүднээс чадах зүйлээ хийнэ л гэж бодож байна. Тайзан дээрээс яруу найраг уншина гэдэг ямар амаргүй болохыг, найрагчид маань түүндээ ямар сүрхий авьяаслаг байдгийг би энэ удаад биеэрээ мэдэрч байна. Жирийн нэг хүний хийчих ажил биш юм билээ.

-Та нарын хувьд шинэ үеийн төлөөлөл болон гарч ирсэн. Тодорхой хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, танил уран бүтээлчид болж. Ер нь яг хэдийнээс нэг нэгнээ олж нөхөрлөв?

-Бид нэгнээ олж нөхөрлөөд багагүй хугацаа өнгөрч байна. Заримтай нь нэг ангид сурч байлаа. Сургуульд үерхэж явсан үеэс л нөхөрлөлийн суурь тавигдсан. Тиймээс бие биесээ олж цөхөх зүйл байсангүй ээ. Надад бол хүмүүс нэгдэж, хүчтэй байхдаа сайхан харагддаг. Тиймээс би үе тэнгийхнийхээ урилгыг баяртай хүлээн авсан.

-Таныг тэр бүр олны дунд орж, уралдаан тэмцээнээр яваад байдаггүй чимээгүйхэн хүн гэж боддог байлаа. Зохиол бүтээлүүдээс чинь ч иймэрхүү мэдрэмж харагд­даг. Гэтэл одоо найзуудтайгаа хав­рыг урьж байна?

-Би их зоригтой болоод байгаа. Надад урам хайрладаг уншигч, үе тэнгийн уран бүтээлч, найз нөхдөдөө баярладаг. Миний хувьд утга зохиолд хөл тавьснаас хойш арав гаруй жил болжээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд өөрийгөө болоогүй байна, хийж бүтээсэн юм бага байна гэж бодон нам жимхэн явдаг байлаа. Харин энэ хавар л анд нөхөд минь намайг сэрээчихлээ.

-Сайхан санагдаж байна. Найз нөхөд нэгнээ үргэлж сэрээж, сэтгэл дэх галыг нь асааж байх ёстой байх. Та нарыг нэгэн үеийн уран бүтээлчид гэхээсээ гадна сор болсон бүсгүйчүүд гэх хүн ч байдаг?

-Тийм шүү. Үнэндээ би тэднээсээ тэс өөр чиглэлээр бичдэг хүн. Өмнө нь шүлгүүдийг нь сонсоод, уншаад бахдаад л өнгөрдөг байсан бол одоо бүр биширч эхэлж байна. Хаанаас нь ундраад байдаг авьяас юм. Ямар ч цаг мөчид яруу сайхан үгсийн баялаг дүүрэн явдаг юм миний найзууд. Энэ найрагч охидынхоо дунд үнэндээ л балмагдаж сууна даа. Зөвхөн өөрийнхөө шүлгийг уншихаас гадна бусад олон яруу найрагчийн бүтээлийг цээжээр дуудан, дагаж уншиж чаддаг саруул ойтой бүсгүйчүүдээрээ бахархаад ханамгүй.

-“Төгөлдөр гоо” тоглолтын сэт­гэгдлээсээ хуваалцаач. Юугаараа онцлог байх вэ?

-”Төгөлдөр гоо” тоглолт бидний хувьд маш шинэлэг бөгөөд дотно дулаахан уур амьсгалтай сайхан тоглолт болсон. Нэгэнт нэг хамт олон болоод өндийж байгаа хүмүүсийн хувьд өөрсдөө тайзан дээр байгаа мэт догдолж, санаа зовж суусныг нуухгүй ээ. Гэсэн ч хөвгүүд маань үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн. Тиймээс охидод ч бодсон бодол бий. Нэгэнт загвар болгоод үзүүлчихсэн тэр тоглолтыг давтахгүй байхыг бодно.

Ч.БАТМАА

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж