
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, МИАТ-ийн хэрэгт шалгах шаардлагатай гэдэг саналыг Улсын мөрдөн байцаах газраас гаргасныг прокурор дэмжиж, улмаар уг асуудлыг Цэцэд хүргүүлжээ. Энэ дагуу уг асуудлыг өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна.
Төрийн өмчит МИАТ компанийн удирдлагууд үйлчлүүлэгчдээсээ авч байсан даатгалын мөнгийг хувьд завшсан байж болзошгүй гэх сэжүүр илчлэгдэж, үүний ард албан тушаалтнуудын авлига , хээл хахуулийн гэмт хэрэг давхар сөхөгдөж болзошгүй болоод буй. Уг нь ТӨХ-ны даргаар ажиллаж байсных нь хувьд Д.Сугарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай гэдэг нь олон нийтэд ч ойлгомжтой зүйл юм. Тэр тусмаа энэ нь түүнийг гэмт хэрэгт буруутай гэж хэлж байгаа хэрэг огт биш.
Тухайн салбарыг удирдаж байсан хүний хувьд гэмт хэрэг үүдэж болзошгүй нөхцөл байдал хаана үүсч болохыг харж, хааж явах үүрэг, хариуцлага ТӨХ-ны дарга Д.Сугарт байсан. Энэ үүргээ гүйцэтгэж чадаагүй бол нэг хэрэг. Хэрэв мэдсэн ч гэмт хэргийг нуун далдалсан, өөрөө оролцсон байх юм бол асуудал бүр өөрөөр эргэх нь тодорхой. Гагцхүү энэ асуудалд ямар байдлаар хамаатай, цаашлаад буруутай эсэхээ тэрбээр хуулийн байгууллагаар шалгуулж, шүүхээр тогтоолгох нь алсдаа өөрт нь хэрэгтэй. Хэдийгээр энэ удаад Үндсэн хуулийн Цэц Д.Сугарын бүрэн эрхийг хадгалж, хуулийнхны шалгалтаас хамгаалж үлдсэн ч гэсэн нийгмийн шахалт, шаардлага тэр чигт үргэлжлэх нь гарцаагүй болов уу.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нь Монголын улс төр, нийгэм, эдийн засаг эрүүл саруулаар цааш хөгжих эсэхийг шийдэх хамгийн чухал үйл явц. Тэр дундаа эдийн засагт ажиглагдаж эхэлсэн их тэсрэлт, их мөнгөний урсгалыг хааш нь жолоодож, юунд хөрөнгө оруулалт болгох нь улс төрийн намуудаар дамжиж эрх мэдэл, албан тушаалд хүрч буй улстөрчдийн ёс зүйн үйлдлээс хамгийн ихээр хамаарна. Тэдгээр эрх мэдэлтнүүд улсын үйлдвэрийн газар, компанийг мөнгө угаах шат дамжлага болгож, ардаа байгаа бизнес, улс төрийн бүлэглэлээ санхүүжүүлдэг, нарийн ярьвал цөөнх хэдэн гэр бүлийг хөрөнгөжүүлдэг өнөөдрийн тогтолцоогоор цааш явах юм бол Монгол Улсад ирээдүй харагдахгүй. Үүнтэй тэмцэх нь албан тушаалтнуудын авлига, хээх хахуулийн гэмт хэргийг илрүүлэх, тэдэнтэй хариуцлага тооцохоос эхэлнэ гэдгийг хүн бүр ойлгож буй. УИХ, тэрчлэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал чухал. Гэхдээ үүнээс чухал эрх ашиг Монгол Улсад бий. Цаашид гэмт хэргийн мөрдөн байцаалт, илрүүлэлт өндөр албан тушаалтны эрх зүйн хэм хэмжээ, халдашгүй байдлын хана хэрэм мөргөөд нурж унадаг үзэгдэл энэ мэтчлэн гарсаар байх уу гэх асуудал ч тавигдаж болох юм. Эрх мэдэл авсан нам, хүчин улс төрийн хамгаалалт болгож, албан тушаалаа урвуулан ашигласан, аливаа гэмт хэргийн гэрч, оролцогч болсон өөрийн гишүүдээ дараагийн удаад хөндөшгүй, халдашгүй эрхтэй албан тушаалд томилох замаар авч үлддэг жишиг тогтох вий.
Гэмт хэрэгт буруутайг нь шүүх нотлоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний бүрэн эрх. Тийм учраас гэмт хэрэгт холбогдогч мэтээр ойлгогдоод д байгаагийнхаа хувьд Д.Сугар хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө харин ч нэр төртэйгээр олж авах эрхтэй. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд хуулиар олгогдсон халдашгүй байдлыг үндэслэн Цэцийн гишүүний зөвлөгөөн түүнийг хамгаалж үлдэх нь ч зүй. Харин тэрбээр иргэний хувьд эр зориг гаргаж, гэм буруугүй гэдгээ хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгох хэрэгтэй болов уу. Энэ нь эргээд Цэцийн нэр хүндэд ч хэрэгтэй юм.