
Морьтойгоо гайхуулаад байдаг монголчууд хэрэгцээндээ гадны улсаас морь худалдан авдаг болчихож. Өнгөрөгч даваа гаригаас Сүхбаатарын талбай, Бөмбөгөр худалдааны төв, Их дэлгүүр орчимд морьтой цагдаа шогшуулах болов. Баяр наадмаар л үзэгддэг морьтой цагдаа нар одоо энгийн өдрүүдэд ч эргүүлд гарахаар болжээ. Энэ удаа цагдаа нар морь, эмээл, хувцас хэрэглэлээ шинэчилсэн нь нүдэнд содон тусч байв. Морь унасан эргүүлийн цагдаа нарыг хэсэг ажиглаж саатлаа. Сүхбаатарын талбайн зүүн талд буюу “Central tower”-ийн ойролцоо нэг нь хонгор халзан, нөгөөх нь хүрэн зүсмийн морь унасан хоёр цагдаа нүдний шил, хувцас хэрэглэлээрээ ижилсэж, их л сүртэй явцгааж байх юм. Хэв журам сахиулах эргүүлийн цагдаа гэхээсээ гудамжаар холхих хүмүүсийн нүдийг “хужирлах” үзүүлэн ч гэмээр юм уу. Тэд гадаадын өндөр үнэтэй морь унаж, кобой малгай өмссөнөөрөө хэв журмыг сайн сахиулах уу, явган эргүүлээс ямар давуу талтай вэ гээд асуулт хөвөрнө. Дээрх ажлыг нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Хөдөлгөөнт эргүүлийн газраас санаачлан зохион байгуулж байгаа гэх. Цагдаагийнхан хотын төвд хэв журам сахиулах зорилгоор Буриад улсаас сайн үүлдрийн морьд, өөр хаанаас ч юм малгай, эмээл, бас урдаас нүдний шил худалдан авсан юм байх. Албан бус эх сурвалжийн мэдээллээр морьдын нэг бүрийн үнэ 10 орчим мянган доллар гэнэ. Хэрэв үнэн бол хурдан удмын морь авах мөнгө шүү дээ. Их мөнгө шүү. Морьдоо сургаж, номхруулах, эргүүлд гарах бэлтгэлээ хийх гээд нэлээд хугацаа зарцуулсан гэж байгаа. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зургаан морьтой эргүүл гарсан бол “Туул” гол дагуу морьтой цагдаа нар эргүүл хийж байгаа аж. Урин дулааны улиралд “Туул” гол орчмоор хэрэг зөрчил ихэсдэг учир морьтой цагдаа нар цулбуураа эргүүлээд, болдоггүй нөхдүүдийг болгоод өгөх бололтой. Харин камерын нэгдсэн систем, замын цагдаа, явган, машинт эргүүл цөм бүрдсэн хотын төвд ганган хээнцэр “том” морьтой цагдаагийн хэрэг бий юу. Гадаад дотоодын жуулчдад “Морьтой монгол”-ын сүрийг гайхуулах гэсэн бол бие жижиг ч гэлээ дэлхийн талыг туулсан монгол морьдоо “сонгох” байсан биз. Эх оронд нь хэдэн саяар тоологдох адуу байхад буурайгаа мэдэхгүй Буриадаас мөнгөтэй хүн шиг морьд авсныг гайхаад байна.
Төсвийн хөрөнгөөр санхүүждэг цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажилд техник хэрэгсэл, хангамж дутмагаас гар мухарддаг нь нууц биш. Адаглаад л хөдөлгөөнт эргүүлийнхний алаг тэрэгний 10 литр бензин хангалттай хүрэлцдэггүй. Үймээн самуун, зодоон цохион болох үед өмнөө барих хамгаалалтгүй эргүүлийн цагдаа нар зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй бий. Эдгээр асуудлыг бүгдийг нь нэг дор шийдвэрлэж чадахгүй юм аа гэхэд төсвийн мөнгийг тоомсог морь худалдан авахад зарцуулах ёсгүй. Үнэхээр морьтой эргүүл байх шаардлагатай бол монгол морьдоо сургах хэрэгтэй гэх хүн олонтаа таарав. Албан хаагчиддаа анхаарал бага хандуулдаг цагдаагийн удирдлагууд аягүй бол гадаадын ямбатай морьддоо тэндээс нь тэнгэрт хадсан үнээр тэжээл авч тансагласан ч байж мэдэх юм.
Монгол адуугаар эргүүл хийхээр ахиц гардаггүй, тоомсогоор хийвэл хэрэг буурдаг бол одоо яая гэхэв. Гаднаас аваад бай. Ер нь тэгээд энэ бизнесээс хэн гэдэг дарга нь хэдэн төгрөг завшсан юм бол доо, бүү мэд.
С.Отгон