Хариуцлага алдсан компаниудыг хянаж ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Хариуцлага алдсан компаниудыг хянаж ажиллана

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
Д.Тэрбишдагва тэргүүтэй албаны хүмүүс Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны
нутаг дэвсгэрт байрлах Туул голын сав дагуух ашиглалтын лицензийг
цуцалж хаасан элс хайрганы карьерийн нөхцөл  байдалтай биечлэн очиж
танилцлаа. Ашигт малтмалын газраас олгосон элс, хайрга лицензийн
зөвшөөрлөөр энэхүү газарт Эрэл групп, Баярс констракшн, Эв од импекс, Ар
бадрах, Шүүхийн шийдвэр биелүүүлэх газар, Хэрэм зам, Туул сонгино усны
нөөц төсөл гэх зэрэг есөн компани 2002-2009 он хүртэл үйл ажиллагаа
явуулж байгаад  нөхөн сэргээлт хийлгүй газар шороог ухаж сэндийчэн хаяад
одсон байна. Эдгээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын тусгай
зөвшөөрлийг 2009 онд  цуцалж үйл ажиллагааг нь зогсоож  нөхөн сэргээлт
хийхийг  даалгасан байна. Нөхөн сэргээлт хийх үүрэг нь аж ахуйн
нэгжүүдэд өөрсдөд нь байдаг ч хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд нөхөн
сэргээлтээ хийх учиртай аж. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл ямар ч нөхөн
сэргээлт хийгээгүй улмаас 2011 онд  дөрвөн хүн, 2012 онд  гурван хүн 
унаж  нас барсан гэх эмгэнэлт мэдээг  дүүргийн удирдлагууд албаны
хүмүүст дуулгалаа.

Тиймээс тус дүүргийн иргэдийн нийтийн
хурлаас ажлын хэсэг гарч ажиллаж цүнхээл болон үлдэж ус дүүрсэн эдгээр
газруудад үнэлгээ хийлгэж дээрхи компаниудыг цагдаа шүүхийн байгууллагад
шилжүүлэхээ мэдэгдсэн. Цаашдаа дүүрэг тодорхой төсөв гаргаад УИХ-д
сонгогдсон тойргийн гишүүдтэйгээ хамтраад дээрхи газарт нөхөн
сэргээлтийг зөв зохистой ашиглаж Сонгинохайрхан уулынхаа зүүн энгэрт
ногоон байгууламж байгуулж аялал жуулчлалын бүс болгох төлөвлөгөөтэй
байгаагаа Дүүргийн орлогч дарга Ц.Төрхүү мэдэгдлээ. Энэ үеэр Шадар сайд
тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хор уршгийн торгуулийг нь тогтоож нөхөн
сэргээлт хийх арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсгийхэнд сануулж, 3
дугаар сарын 29-нөөс өмнө эргэн асуудлыг  танилцуулахыг  даалгалаа.

Мөн энэ үеэр жилийн жилд асуудал
үүсгэж, иргэдийн бухимдлыг багагүй төрүүлдэг  22-ын товчооноос цааших
 10,3  км авто замын ажил байдалтай Улсын баяр наадмын комиссын дарга
бөгөөд, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва танилцаж  ирэх долдугаар
сарын 1-нээс өмнө  дуусгаж ашиглалтад  оруулахыг  эрх бүхий хүмүүст нь 
үүрэг болголоо.

Эх сурвалж: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж