Патрик Чан богино үзүүлбэрт тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Патрик Чан богино үзүүлбэрт тэргүүллээ

Канадын Онтарио мужийн Лондон хотноо насанд хүрэгчдийн уран гулгалтын ДАШТ энэ өдрүүдэд болж байна. Нийт 50 орны 200 орчим дэлхийн шилдэг гулгагчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын, бүжгийн хосын төрлүүдэд өрсөлдөж буй. Тэмцээний хосын болон эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр өнгөрсөн лхагва гаригт болсон бол эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр өнгөрсөн шөнө боллоо.

Эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт 34 тамирчин оролцсоноос 24 нь чөлөөт үзүүлбэрт оролцохоор болжээ. Богино үзүүлбэрийг сүүлийн хоёр жил ДАШТ-нд дараалан түрүүлээд буй Канадын Патрик Чан 98.37 оноогоор тэргүүлсэн бол Казакстаны Денис Тен 91.56, энэ жилийн дөрвөн тивийн аварга Канадын Кевин Рейнольдс 85.16 оноогоор удаалжээ. Мөн 2010 оны дэлхийн аварга, өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн Японы Дайсүкэ Такахаши 84,67 оноогоор дөрөвдүгээр байраар шалгарсан байна. Эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр өнөө шөнө болж аваргууд тодорно.

Энэ жилийн ДАШТ-ны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл олны анхаарлыг илүүтэй татаад буй. Хоёр жил тэмцээн уралдаанд оролцоогүй олимп, дэлхийн аварга Өмнөд Солонгосын нэрт уран гулгагч Ким Юүна эргэн ирж байна. Мөн дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Японы Мао Асада, өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Европ тивийн тэргүүн гулгагч Италийн Каролина Костнер нарын шилдгүүд оролцож байна.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж