Яг л ийм шалтгаан эмэгтэйчүүдийг гэмт хэргийн, хууль бус үйлдлийн хохирогчид болгодог байх нь. Судалгаа ч үүнийг нотлов. Уг нь хүйсийн харьцаа Монгол улсын хувьд бараг 50:50 хувьтай. Гэтэл Монгол Улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн хохирогчдын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Эсрэгээрээ гэмт хэрэг үйлдэгсдийн 70 илүү хувь нь эрэгтэйчүүд. Өөрөөр хэлбэл эмэгтэй болж төрснөөрөө хохирогч болох магадлал өндөрсөж буй хэрэг.
Өөр нэг тоон харьцааг харцгаая. Энэ бол 70:30. Тодруулбал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буюу хүний эрхийн уг зөрчлийг арилгахын тулд авч буй арга хэмжээний 70 хувь буюу дийлэнхи хэсэг нь “хохирогчдод” чиглэсэн байдаг. Харин “хүчирхийлэгч”-рүү үр нөлөөтэйгээр хандсан арга хэмжээ төдийлэн үгүй бөгөөд уг харьцааг хувиар авч үзвэл 70:30 орчим байгаа юм. Гэтэл эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт үйлдлийн учир шалтгаан хохирогчоос бараг хамаардаггүй бөгөөд “хүчирхийлэгчийн” санаа бодлоос шууд хамааралтай байдгаас нь авч үзвэл хэнд нь хандсан үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй байхыг тооцох учиртай.
Эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлөөр тэргүүлэгч Энэтхэг мэт орнуудад л хохирогчдоос шалтгаалдаг гэж үзэж “Энэ эмэгтэй өөрөө нимгэн хувцас өмсөж явсан нь хүчиндүүлэх сэдэл төрүүлсөн”, “Тэр оюутан охин өөрөө дотуур байрандаа очсон байх ёстой байтал гадуур явж байсан” гэх мэтээр буруутгасан жишээнүүд ч элбэгтэй.
Мөн хүний эрхийн зөрчил үйлдэгдэхэд “хохирогч”, “гэмт үйлдэл хийгч” байхын хамт, зайлшгүйгээр “нөхцөл байдал” нь бүрдсэн байдаг. Ихэнх тохиолдлуудад гэмт үйлдэл гаргахгүй байх боломж өөр бусдад байсан байж таардаг. Эхнэрээ зодож байхад нь найзыгаа салгаагүй, хулгай хийж байхыг харсан ч олуулаа явж байсан учраас айгаад хэлээгүй, хөрш айлынхныгаа зодолдож байхад нь цагдаа дуудалгүй орхисон гээд нөхцлийг нь бүрдүүлэхэд өөрөө л мэдэлгүйгээр оролцсон нь олон. Ийм нөхцөл бүрдэхэд зарим зан заншил, уламжлал, эрхийн тухай мэдлэг боловсролгүй байдал, ёс суртахуун, нийгмийн хүчин зүйлс нөлөөлсөөр л. “Шударга бус зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрснөөрөө өөрөө тэрхүү шударга бус зүйлд оролцож байна” гэдгийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй учир “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” хэмээн илжиг мэт өөрийгөө төсөөлөгчид, өөрсдийгөө зөвтгөсөөр.
Магадгүй дээрхи тоон харьцааг эсрэгээр нь 30:70 болговол эерэг үр дүн гарах биз. Гэхдээ 70 хувьтай байсан зүйлийг 30 хувь болгоно гэдэг нь хохирогчдод хандсан ажлыг багасгахын нэр биш. Хэрчмийг богино болгохын тулд тайрах биш, хажууд нь илүү урт хэрчмийг бий болгоход л хангалттай.
“Эмэгтэйчүүдийн эрхийн зөрчилд хэн буруутай вэ” гэх асуултанд хүн бүр өөрийнхөөрөө хариулах байх. Харин миний хувьд 70:30 ба “жороолоогүй илжигнүүд” буруутай гэж хариулна.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин