&#34Сорил гэдэг нь хүний биеийн хөгжлийг хянах самбар&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

&#34Сорил гэдэг нь хүний биеийн хөгжлийг хянах самбар&#34

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 053 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил” авах ажил орон даяар эхэлж байна. Тэгвэл орон нутаг болон нийслэлийн биеийн тамир, спортын байгууллагын арга зүйч, багш, эмнэлгийн ажилтнуудыг оролцуулсан сургалт долоо хоногийн турш үргэлжилж байгаа бөгөөд өндөрлөх шатандаа орлоо. Энэ талаар Спортын бэлтгэлийн төвийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалагтай цөөн хором ярилцлаа.

-Гурван жилийн өмнө гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилт ямар шатандаа явна вэ. Энэ жилийн сургалтын гол зорилго нь юу вэ?

-Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу нийт хүн амын 27 хувийг сорилд хамруулаад байна. Өнгөрсөн жилээс эхлээд онлайн системд шилжсэн. Ингэснээр хүссэн хүн бүр регистрийн дугаараар орж сорилоо өгөөд эрүүл мэндийн зөвлөгөө авах боломжтой болсон. “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил”-ыг дөрөвдүгээр сард багтааж авах ёстой. Тиймээс онлайн системийг нэвтрүүлсэн. Харин энэ удаагийн сургалтад 21 аймаг болон хүчний болон биеийн тамирын байгууллагын сорил хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна. Сургалтад суусан арга зүйч нар ахлах мэргэжилтэн болох юм. Ингэснээрээ сайн дурын ажилчдыг өөрийнхөө удирдлагад ажиллуулах боломжтой. Ингэхгүй бол манай улсын нийт хүн ам 2.8 сая гэж бодоход нэг арга зүйчид 46 мянга гаруй иргэн ноогдож байгаа юм. Энэ бүхэнтэй ажиллана гэдэг тийм амар биш.

-Оролцогчдын идэвх, цар хүрээний хувьд өмнөхөөсөө хэр байна вэ?

-Өмнө нь бид бүсчилсэн сургалтыг зохион байгуулдаг байлаа. Харин энэ жилийн бүсийг сургалтыг дагнасан хэлбэрээр явуулах юм. Зөвхөн арга зүйч нар хамруулж байна. Эргээд энэ хүмүүс тухайн бүстээ очиж сургалтаа явуулах хариуцлага ноогдож байгаа учраас оролцогчдын идэвх маш сайн байгаа. Өмнө нь орон нутгийнхан хотод байгаа хэн нэгнээ төлөөлүүлдэг байсан нь өөрчлөгдсөн. Яагаад гэвэл тодорхой хэмжээний хариуцлага хүлээж байгаа гэсэн үүднээс сургалтад идэвхтэй хамрагдаж байна. Орон нутаг болон дүүргүүдээс 60 гаруй мэргэжилтэн сургалтад оролцлоо.

-Сорил гэдгийг монголчууд сайн ухаж ойлгохгүй байгаа. Тэгвэл сорил гэж яг юу вэ. Сорил өгөх нь ямар ач холбогдолтой юм бол?

-Сорил гэдэг нь нэг ёсондоо үзүүлэлт, мөн тухайн хүнийн бие бялдрын хөгжлийг хянах хяналтын самбар юм. Энэ бол маш амархан, энгийн зүйл шүү дээ. Заавал эмнэлэг, мэргэжлийн байгууллагад очих шаардлагагүй. Гэртээ ч сорил болдог.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж