
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны гуравдугаар сард 94.1 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2011 оны гуравдугаар сард 145.9 сая ам.долларын мөн алдагдалтай гарсан гэх сөрөг үзүүлэлт ч гарчээ.
Чихэнд чимэгтэй нэгэн мэдээлэл нь хэрэглээний сагсан дахь үнийн индекс өнгөрсөн сараас буурсан явдал. Дээшээ, бүр дээшээ хэмээн баяртайгаар хөөрөгдөж явсан инфляци харьцангуй буурсан гэнэ. Өнгөрсөн сард инфляци 11 хувьтай байсан бол Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор бол 0.8 хувиар буурсан байна. Энэ үнэн бол монголчуудын амьдрал сайжрах боломжтой гэсэн үг. Учир нь инфляцийн өсөлт энгийн иргэдэд илүү хүндээр тусдаг, ялангуяа эмзэг бүлгийнхэнд илүү мэдрэгддэг хэмээн мэргэжилтнүүд тайлбарладаг. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний улиралд 422.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.5 тэрбум төгрөг буюу 7.2 хувиар өссөн байна. Үүнээс харахад манай аж үйлдвэрийн салбарт сэргэлт иржээ. Дээрх өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын алт, нүүрс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10.0-59.2 хувь өссөн нь голлон нөлөөлж. Харин архи, шар айраг,ундаа сүү, гурилан бүтээгдэхүүн, бетон зуурмаг, тэмээний ноосон хөнжил, хаалга, цонх, төмрийн хүдэр, цемент, зүсмэл материал зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл “бяцхан” өсөлттэй гарч. Энэ өсөлтийг л нэмэгдүүлж чадвал баялгийн хараалд нэрвэгдэхвий гэсэн эмзэглэл алга болох юм. Тэгэхгүйгээр аж үйлдвэрийн салбарын 60 хувийн өсөлтийг уул уурхай эзэлж байгаа тохиолдолд энэ хараалд идэгдэхгүй гэсэн баталгаа алга байна. Эдгээр тоо бүхнийг уншиж, ойлгоход хэцүү ч үүний цаана бидний идэх хоол, өмсөх хувцас, өнөөдрийн болон ирээдүйн амьдрал явж байгаа гэдгийг мартаж боломгүй учраас Үндэсний статистикийн тайланг мэдээг өнгийж харахаас өөр аргагүй юм.