Ш.Батхишиг: Нөөцийн махны үнийг үүнээс илүү нэмэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.15-нд нийтлэгдсэн

Ш.Батхишиг: Нөөцийн махны үнийг үүнээс илүү нэмэхгүй

Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 9200 тонн, Дархан-Уул аймагт 1000 тонн, Эрдэнэт хотод 1016 тонныг бэлтгэсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 62 тонныг худалдаад байна. Нийслэлд 238 цэгээр нөөцийн махыг борлуулж байгаа бол цаашдаа 350 цэгээр худалдах ажээ. Энэ жилийн хувьд нөөцийн мах бэлтгэн нийлүүлж байгаа гурван компани 2-3 кг-аар жижиглэн савлан худалдах бөгөөд долдугаар сарын 15-ныг хүртэл тасралтгүй хангах талаар албаныхан мэдээллээ. Үнийн хувьд, нийслэлд жижиглэсэн 1 кг үхрийн мах- 5950 төгрөг, ямааны мах-4850 төгрөг, хонины мах-5750 төгрөгөөр тус тус борлуулах аж.

Махаа гулуузаар авахыг хүссэн иргэдэд зориулж амралтын өдрүүдээр “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Хар хорин” захуудаар хонь, ямааны гулууз, үхрийн өрөөл махыг 4400-5800 төгрөгөөр худалдах юм байна. Сануулахад, нөөцийн махтай холбоотой нийслэлийн хэрэглэгчдийн санал гомдлыг 88046551, 88046552, 88046553 дугаарын утсанд хүлээж авч байна.

Жилийн жилд л нөөцийн махыг худалдаанд гаргахыг Нийслэлийн захирагчийн албанаас зохион байгуулдаг байсан бол энэ удаад “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд болон хөндлөнгийн хяналт, шалгалтынхан хамтарч буйгаараа ялгарах тухай албаныхан онцолж байна.

Нийслэлийн нөөцийн мах нийлүүлэлтийг хариуцсан “Жаст Агро” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Батхишиг:

-Захуудаар сайн хайхад нөөцийн махтай ижил үнээр мах худалдаж авч байх юм. Нөөцийн мах гэсэн хэрнээ яагаад зах зээлийн үнэтэй ижлээр зарж байгаа вэ?

-Ижил үнэтэй зараагүй. Бид тооцож үзсэн. Зах зээлд ястай хонины мах 7300-7500 төгрөг, ямааны мах 5600 төгрөг байна. Нөөцийн мах тийм биш. Ер нь жил бүрийн хавар махны үнэ өсдөг шүү дээ. Зах зээлийн суурь үнэ, өртөг дээр л суурилж үнээ тогтоосон. Бид өөрсдөө өндөр үнэ амлаад байгаа биш. Малчдаас ирсэн үнэ дээр үйл ажиллагааныхаа зардлыг нэмээд баланс барих чиглэлээр хөтөлбөрт оролцож байна.

-Малчдаас хэдэн төгрөгөөр худалдаж авч байна вэ?

-Бид малчдаас эхлээд гайгүй үнээр авч байсан ч сүүлдээ нэмэгдсэн. Хонь 5300 төгрөг, ямаа 4300 төгрөг болж нэмэгдэж ирсэн. Ер нь ажиглаад байхад мах жилийн жилд хөлдөнгүүтээ үнэ нь өсдөг, нойтон байхдаа үнэ нь буурдаг шүү дээ. Дээрээс нь өнгөрсөн саруудад баяр ёслолын өдөр олон байсан болохоор эрэлт ихсэхээр үнэ дагаад өссөн байсан. 

-Цаашдаа үнэ нэмэх буулгах тал дээр ямар байр суурьтай байна?

-Энэ удаагийн нөөцийн мах бэлтгэлийг арай оройтож эхэлсэн. Засгийн газраас 11 дүгээр сарын сүүлч гэхэд шийдвэр, санхүүжилт бэлэн болж 12 дугаар сараас махаа татаж эхэлсэн. Ингээд цаг хугацаа шахамдуу болохоор ч тэр үү, үнийг ингэж л тогтоох боломжтой болсон. Зунаас малчид махаа боломжийн үнээр их нийлүүлж эхлэвэл үнэ дагаад л буурах боломжтой. Ямартай ч нөөцийн махын үнийг үүнээс илүү нэмэхгүй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Батжаргал:

-Энэ жилийн хувьд нөөцийн махны чанар сайн байгаа. Нөөцийн махтай холбоотой зөрчил, гомдол, санал байвал бидэнд тухайн худалдаж байгаа газрынх нь нэр, он сар өдөртэй нь шууд мэдээллэх хэрэгтэй. Ингээд бид нягталж үзээд зөрчилтэй нь тогтоогдвол тухайн газарт шалгалт хийсэн улсын байцаагчтай хариуцлага тооцох болно.

Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал С.Тойвгоо:

-Жил бүр л нөөцийн махыг авч амжихгүй байна гэж гомдол гардаг шүү дээ. Энэ тал дээр яах хэрэгтэй вэ?

-Төрийн дээд шатны байгууллагуудаас дүүрэг, хороодод нөөцийн махтай холбоотой бүх мэдээллийг сайтар тараахгүй бол дан ганц Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Жаст Агро” ХХК-ийн шугамаар түгээх нь зорилтот бүлэгт хүрэхэд хэцүү. Тиймээс хамгийн бага нэгж болох дүүрэг, хороодоос нь бодит судалгааг гаргаад зорилтот хэсэгтээ буюу орлого бага иргэдэд нөөцийн махаа хүргэх хэрэгтэй байна.

-Ийм судалгаа гаргах гэсээр байтал долдугаар сар гэхэд нөөцийн мах дуусчих байх даа?

-Үүнийг яаравчлуулах хэрэгтэй. Хэрэглэгчдийн байгууллагаас шахалт үзүүлнэ. Замаас нь бөөнөөр нь аваад дамлан зардаг байдал яавч байж болохгүй. Цаашдаа нөөцийн махыг бэлтгэн, нийлүүлэх, худалдах талаар бодлогын чанартай асуудлыг төр эргэж  харах ёстой. Өнөөдөр бид 50 сая малтай гэчихээд 2.8 сая хүнээ, тэр дундаа нийслэлчүүдийн хэрэгцээг хангах гэж, үнийг тогтворжуулах гэж нөөцийн мах чухал гээд яриад байгаа нь төрийн бодлогын алдаа. Тиймээс ирэх онд хямд махыг яаж нийлүүлэх вэ гэх гарцыг бодлогоор шийдэх ёстой.

Мөн орон нутагт худалдаалж буй нөөцийн махыг салбаруудыг танилцуулбал:

Дархан-Уул аймгийн нөөцийн махыг хариуцсан “Баатарууд тэнгэр” ХХК:

 Дархан-Уул аймагт 605 тонн үхрийн мах, 293 тонн хонины мах, 102 тонн ямааны мах нийт 1000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Худалдан борлуулахдаа Шарын гол сум, Хонгор сум, Дархан суманд нийт 100 мянган хүн амд хүргэхээр зорьж, 40 дэлгүүр, гурван захаар хүргэх төлөвлөгөөтэй. Одоогоор 20 дэлгүүр хоёр захаар үхрийн мах 5700 төгрөг, хонины мах 5500 төгрөг, ямааны махыг 4500 төгрөгөөр худалдаж байна.

 Дархан-Уул аймагт зарж буй нөөцийн махтай холбоотой санал, гомдлыг 99375370, 99105887 дугаар утсаар авч байгаа ажээ.

Орхон аймаг буюу Эрдэнэт хотын нөөцийн махыг хариуцсан “Эрдмийт” ХХК:

Орхон аймгийн хүн амын хэрэглээнд зориулж 1016 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд үүний 50 хувийг өөрийн үйлдвэртээ боловсруулсан. Ингэхдээ нийт 13 цэгээр борлуулахаас одоогийн байдлаар Эрдэнэт хотын “Бичил”, “Хүлэг”, “Даниста” хүнсний зах болон дэлгүүр гээд нийт 9  цэгээр 70.5 тонн нөөцийн махыг борлуулаад байна. Үхрийн мах 1кг нь 5900 төгрөг, хонины мах 5700 төгрөг, ямааны мах 4800 төгрөгөөр худалдаж байгаа ба 2-5 кг-аар хөрөөдөн савласан.

Орхон аймагт зарж буй нөөцийн махтай холбоотой санал, гомдлыг 98800017 дугаарын утсаар авч байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж