
УИХ-ын гишүүн З.Энхболд, Р.Амаржаргал нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлд УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн үед гардаг зөрчлийг зохицуулахаар санал оруулжээ. Сонгуулийн дараа санал хураалт болон бусад асуудлаас үүдсэн багагүй маргаан дэгдэж, үймээн гарсан тохиолдол ч бий. Гэтэл хууль зөрчөөд байгаа этгээдэд ямар нэгэн хариуцлага тооцсон тохиолдол өнөөг хүртэл алга. Энэ нь санал өгөх зарчмын хэрэгжилтийг хууль зүйн хувьд бүрэн баталгаажуулж, хариуцлага тооцох аргыг хуульд тусгаагүй орхигдуулсантай холбоотой гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Сонгуулийн үеэр нэг сонгогч хэд хэдэн удаа санал өгөх явдал гарч байсан. Мөн сонгуульд оролцох боломжгүй, нас барсан, сонгуулийн үеэр гадаадад байсан, хүнд өвчтэй хүмүүсийн өмнөөс санал өгсөн тохиолдолд хэрхэн хариу тооцох талаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуульд тусгаагүй гэж УИХ-ын гишүүн З.Энхболд хэлсэн. Нөгөө талаар сонгуульд хууль бусаар санал өгөхийг сонгуульд оролцож буй улс төрийн нам болон нэр дэвшигч түүний сонгуулийн штабд ажиллаж байгаа хүмүүс санаатайгаар зохион байгуулах зэрэг сонгуулийн хууль зөрчих явдал газар авсан гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хэрэв сонгуулийн хууль зөрчсөн байвал тухайн тохиолдлыг хууль шүүхийн байгууллагад хандаж шалгуулах хэрэгтэй. Сүүлийн үед УИХ-ын гишүүн З.Энхболд телевизээр энэ тухай ихээхэн ярих болсон. Хэрэв тийм тохиолдол байвал шүүхээр шалгуулах хэрэгтэй” гэсэн юм.
Харин хуулийн төсөл санаачлагчид Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар сонгуулийн хууль зөрчиж байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэдэг болсноор сонгуулийг шударга явуулдаг болох, санал тооллогыг үнэн зөв явуулах нөхцөл бүрдэнэ гэсэн юм.
Энэ талаар Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ Хууль хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хууль шинээр санаачилах шалтгаан биш. Ямар нэг хуулийг ашиглаж, хэрэгжүүлж чадахгүй байж хууль шинээр батална гэх нь утгагүй” гэж шүүмжилсэн юм. Үүний дараагаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санал дүгнэлт хэлэх байсан боловч Ц.Нямдорж сайд түүнийг хуулиа уншиж байж ярь хэмээн үгийг нь таслав. Үүнээс үүдэн маргаан дэгдэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нар чи, би дээ тулж байнгын хорооны дарга Д.Одбаяр маргааныг зохицуулах гэсэн боловч Х.Тэмүүжин гишүүн “Наад том амтай, том толгойтой сайдаа эхлээд чимээгүй болго” гэснээр маргаан намжсан. Үргэлжлээд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва нар сонгуулийн үеэр гардаг маргааныг багцлан нэг мөсөн хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Харин хуулийн төсөл санаачлагч З.Энхболд гишүүн асуудлын шуурхай шийдээд явах нь зүйтэй гэсэн байр сууртай байлаа. Эцэст нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Эдгээрийг нэгтгээд тусдаа хуралдаан хиймээр санагдаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд, бусдын ятгалгад ороод хэдэн төгрөг аваад саналаа өгөх гээд явж байгаа иргэдийг шийтгэх нь зөв үү, үгүй юу гэдгийг бодох асуудал. Бусдын бичиг баримтаар хууль бусаар саналаа өгөх гээд оролдох үед нь таслан зогсоох ёстой хүмүүс нь сонгуулийн хорооны ажилтнууд. Ийм байдлыг таслан зогсоож чадаагүй ажилтнуудын өмнөөс сонгогчдыг шийтгэж болохгүй гэж бодож байна” гэлээ. Энэхүү хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй хэмээн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх нь дэмжсэн.
Үүний дараагаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн Тендерийн тухай хууль буюу “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаар хэлэлцсэн. Энэхүү хууль тогтоомжийг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Мөн гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг дээрх хуульд оруулахаар төсөл санаачилжээ. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан торгууль тавих хэрэггүй төрийн албан хаагчид торгууль төлөх мөнгөгүй. Түүний оронд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн санал гаргасан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.