Компаниуд КВТ цахилгааныг 100 төгрөгөөр авна

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Компаниуд КВТ цахилгааныг 100 төгрөгөөр авна

Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөл өчигдөр өглөө хуралдаж төвийн бүсийн болон Дорнод бүсийн хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж, тарифыг ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх болсноо дуулгав. Үнийн зохицуулалттай холбогдуулан Эрчим хүчний зохицуулагчдын зөвлөлийн дарга Н.Мягмарсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Цахилгаан, дулааны үнийг нэмсэн нь хэрэглэгчдэд хамгийн хүндээр тусна. Зохицуулагчдын зөвлөл үүнийг тооцоолж үзсэн байлгүй. Тарифын өөрчлөлт тэдэнд хэр дарамт үзүүлэх вэ?

-Эрчим хүчний зохицуулах газар тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааг хэвийн найдвартай явуулах санхүүгийн эх үүсвэрийг тарифаар нь дамжуулан бүрдүүлэх зорилгоор бодит үндэслэл бүхий зардлын өсөлтийг тарифт нь тусган зохицуулж ирсэн. Өнгөрсөн оны есдүгээр сараас эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 40 компани хэрэглэгчдэд хүргэж буй цахилгаан, дулааны тарифаа нэмэгдүүлэх санал, тооцоог манай газарт ирүүлж байсан юм. Уг санал, тооцоотой танилцаж үзээд төв болон зүүн бүсийн хэрэглэгчдэд борлуулах цахилгаан дулааны үнийн зохицуулалт хийлээ.

Айл өрхийн хэрэглэгчдэд хүргэх цахилгаан, дулааны үнэ тухайн өрхөд төдийлөн хүнд дарамт учруулахгүй гэж зохицуулах зөвлөл үзсэн. Тодруулбал, цахилгааны үнэ кВт/ц тутамд дөрвөн төгрөгөөр, орон сууцны халаалт, халуун усны үнийг 12 хувиар тус тус нэмсэн байгаа. Айл өрхөд үзүүлэх ачааллыг хөнгөвчлөх зорилгоор шинэ тарифыг өвлийн их ачаалалтай үеийг өнгөрөөж байж мөрдүүлэх арга хэмжээ авсан. Мөн түүнчлэн айл өрхийн шөнийн цагаар хэрэглэх цахилгааны үнийг 52,4 хувь хөнгөлж байгаа.

-Аливаа хүнс, үйлчилгээний суурь үнэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна. Үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд мөрддөг тарифт ямар өөрчлөлт гарсан бэ?

-Одоогийн мөрдөж буй тарифаар бол уул уурхайн компаниуд кВт/ц цахилгааныг 79,80 төгрөгөөр авч байгаа. Энэ удаагийн тарифын зохицуулалтаар үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын ангиллыг нэмэгдүүлэн уул уурхайн олборлолт, боловсруулалт хийдэг аж ахуйн нэгж байгууллагад хүргэж буй цахилгааны үнийг бодит өртөгт нь ойртуулж 100 төгрөг болгосон. Уул, уурхайн олборлолт, боловсруулалт эрхэлдэг  аж ахуйн нэгжүүд нь бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр борлуулдаг, дотоодын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцид нөлөөлөхгүй тул эхний ээлжинд тэдний цахилгааны тарифыг бодит өртөгт нь ойртуулах арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.  Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй уул уурхайн үйлдвэрүүд дизель цахилгаан үүсгүүр ашиглан нэг кВт/ц цахилгааны өртөг дунджаар 500-600 төг/кВт/ц байдаг гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Харин бусад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны тарифыг 10.3 хувь нэмэгдүүлэн 88 төгрөгөөр тогтоосон. Ингэснээр хүнсний үйлдвэрүүдийн эцсийн бүтээгдэхүүний үнэд тийм ч их нөлөөтэй биш. Бид иргэдийн гол хэрэглээ болсон хүнсний үйлдвэрийнхэнд тооцоо судалгаа хийж үзсэн. Үүнд “Талх чихэр”, “Сүү”, “Мах импекс” болон “Алтан тариа” компанийг сонгон авч тооцоо хийсэн юм. Эрчим хүчний зардлын өсөлтөөс эдгээр компанийн нийт зардал 0.5-1.0 хувиар нэмэгдэхээр байна. Жишээлбэл, нэг ширхэг “Атар” талхыг үйлдвэрлэх өртөг 3-4 төгрөгөөр нэмэгдэж байгаа бол “Алтан тариа” үйлдвэрийн кг гурилд 4-6 төгрөгийн зардал нэмэгдэх тооцоо гарсан. Ингээд бодохоор үйлдвэрлэгчид далимдуулж бүтээгдэхүүний үнээ өөрчилчихгүй бол гурил, талхны үнэд тийм ч өндөр өсөлт гарахгүй.

-Үүнд хэн хяналт тавьж ажиллах вэ. Цахилгаан, дулааны үнийн өсөлтөөс шалтгаалаад гурил, талхны үнэ өсчих вий?

-Бид үнийн зохицуулалт хийхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө  газартай хамтран ажилласан байгаа. Үнийн хөөрөгдөлд дээрх газраас хяналт тавьж ажиллах болно.

-Уул уурхайн компаниуд цахилгааныг бодит өртгөөр яагаад хүргэж болохгүй байгаа юм бэ. Тэд амьжиргааны төвшин доогуур, өрхийн орлого тааруу иргэдийн авдаг үйлчилгээг авах бүлэг биш шүү дээ?

-Шууд 115 төгрөгт хүргэнэ гэдэг хэцүү л дээ. Бодит үнэд хүргэх шат дараатай арга хэмжээний дагуу бид уул уурхайнханд кВт/ц цахилгааныг  100 төгрөгөөр өгнө гэдэг үндсэндээ 25 хувь нэмэгдсэн үнэ юм.
 
-Цахилгааны тариф янз бүр байгаа. Бүгдэд нь өөрчлөлт оруулсан уу, эсвэл зарим хэсэгт нь ийм зохицуулалт хийсэн үү. Эмзэг бүлгийн хүмүүст хүргэдэг цахилгааны үнэд өөрчлөлт гарсан уу?

-Бүх тарифын үнийг нэмээгүй л дээ. Эмзэг бүлгийн айл өрхөд хүргэж буй тарифыг нэмэгдүүлэхгүй байхаар тогтсон. Мөн үйлдвэр аж ахуйн нэгжийн халаалтын үнийг нэмэгдүүлээгүй. Айл өрх, аж ахуйн нэгжийн шөнийн цагийн хөнгөлөлттэй тарифт өөрчлөлт ороогүй. Айл өрхийн шөнийн цагаар хэрэглэдэг цахилгаан кВт/ц  нь 40 төгрөг, үйлдвэр аж ахуйн нэгжийнх 46 төгрөг гэсэн тарифыг хэвээр нь мөрдөнө. Мөн нийтийн зориулалттай зам талбайн гэрэлтүүлэг, орон сууцны гэрэлтүүлгийн шөнийн тарифт өөрчлөлт гараагүй.

-Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компанид хүргэх эрчим хүчний үнэ хэвээрээ байх нь гэж ойлгож болох уу?

-Болно, “Цахилгаан тээвэр” ХК-ийн үнийг нэмэгдүүлэхгүй хуучин үнээр мөрдөх болсон. Тус компанид кВт/ц  цахилгааныг 49.2 төгрөгөөр борлуулдаг.

-Компаниуд байнга л алдагдалтай ажиллаж байна гэдэг. Тэд өөрсдөө бүсээ чангалж, үрэлгэн зардлаа хумьж болохгүй юу. Тарифт өөрчлөлт оруулсан нь тэд өөрсдийнхөө алдагдлыг иргэдийн нуруунд тохож байна?

-Эрчим хүчний салбарын нийт зардлын 80 гаруй хувийг зөвхөн  түлш, үндсэн хөрөнгийн элэгдэл, цалин гэсэн гурван төрлийн зардал эзэлдэг. Түлшний зардал өсөөд, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг зохих журмын дагуу  бүрэн хэмжээгээр нь тарифт тусгаж чадахгүй байгаагаас л гол  алдагдал үүсээд байгаа юм. 2010 онд гэхэд нийт алдагдлын дийлэнх нь элэгдлийн зардалтай холбоотой үүссэн байгаа. Бид зөвхөн тариф нэмэгдүүлэх чиглэл барихгүй ээ.

Эрчим хүчний салбарын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор үнэ тарифын зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ компаниудын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, зардлын менежментийг сайжруулахад чиглэсэн нэлээд арга хэмжээг 2011-2013 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны хувьд төвийн бүсийн компаниудын зардал бууруулах, үр ашгийг дээшлүүлэх арга замаар нийт 9.92 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг компаниуд өөрсдөө хариуцахаар болж байна. Манай газар 2006-2010 оны хүртэл хугацаанд гурван чиглэлээр нийт 26 удаа  гүйцэтгэлийн аудит хийж гарсан зөрчил, дутагдлуудыг арилгуулах арга хэмжээ авсан. Цаашид компаниудын үйл ажиллагааны зардлын менежментийг сайжруулах, тарифын орлогын зүй зохистой зарцуулалт, компанийн бараа материал, агуулахын үлдэгдэл, бараа, үйлчилгээ худалдан авалтын үр дүнд тавих гүйцэтгэлийн хяналтыг сайжруулна.

-Цахилгааны төлбөрөө төлдөггүй айл өрх, аж ахуйн нэгж зөндөө байдаг. Мөн цахилгаан хулгайлах нь гэр хорооллынхонд элбэг. Үүнийг зогсоохоор ямар ажил хийж байна вэ. Энэ бүхний цаана гарч буй алдагдлыг хэвийн төлбөрөө төлөөд явж буй бусдад нь нялзаагаад байгаа юм биш үү?

-Цахилгаан эрчим хүчийг хулгайлах, хэрэглэсэн цахилгааны төлбөрийг барагдуулахгүй байх зөрчил элбэг байсан. Цахилгаан эрчим хүчний энэхүү зүй бус алдагдлыг бууруулахад чиглэсэн техникийн нөхцөлийг сайжруулах,  төлбөр тооцооны  системийг боловсронгуй болгох, хэрэглэгчдээс төлбөрийг цаг тухайд нь авах зохион байгуулалтын олон талт ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Тухайлбал, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтаар нарийвчлал сайтай электрон тоолуураар хэрэглэгчдийг хангах, айл өрхийн тоолуурыг нэгдсэн щитэнд байрлуулж цоожтой болгох, төлбөрийг цаг хугацаанд нь төлүүлэхэд чиглэсэн хөшүүргийг хэрэгжүүлсэн төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх, хэрэглэгчдэд үйлчилгээг ойртуулан нэг цэгээс чирэгдэлгүй үйлчлэх зорилго бүхий ХҮТ /хэрэглэгчдэд үйлчлэх төв/-ийг дүүрэг бүрт нээн ажиллуулсан нь зохих үр дүнд хүрч байгаа. Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг шууд түдгэлзүүлж тасалдаг. Ер нь эрчим хүчний зүй бус алдагдлыг дорвитой бууруулж байгаа шүү. Үүний нэг жишээ нь УБЦТС ТӨХК-ийн цахилгаан түгээлтийн алдагдал 2004 он хүртэл 30 гаруй хувьтай байсан өнөөдөр 21,4 хувьд хүргэж бууруулсан. Өөрөөр хэлбэл, зүй бус алдагдлыг бууруулах олон арга хэмжээ авсны үр дүн гарч байнаа гэсэн үг. Тус компани 2010 онд орлогоо 99,9 хувь цуглуулсан.

-Цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулснаар, тодруулбал зарим тарифыг нэмэгдүүлснээр үйлдвэрлэгчдэд үүсэх алдагдал хэр хэмжээгээр буурч байна вэ?

-Мэдээж үнэ тариф нэмэгдүүлж байгаа юм чинь алдагдал буурнаа. Энэ оны эцэст 15 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарах  тооцоо байна. Бид аль болох бууруулах зорилт тавьж ажиллана. Мөн үнэ тарифын өөрчлөлт хийснээр 2011-2012 өвөлжилтөд бэлтгэл хангах, хэрэглэгчдийн найдвартай цахилгаанаар хангахад ахиц гарна. Өөрөөр хэлбэл, ирэх өвлийн бэлтгэлд мөнгө дутна гэсэн асуудал үүсэхгүй.

-Орон сууцууд хүйтэн байна, өмнөх өвлөө бодвол сэрүүхэн байна гэх мэт гомдол гардаг. Иргэдэд хүрэх цахилгаан, дулааны чанарт ахиц гарах уу?

-Тарифт өөрчлөлт оруулснаар бид үйлчилгээгээ сайжруулах ёстой, тасалдал буурах ёстой, энэ хариуцлагаа бид бүрэн хүлээнэ. Энэ өвлийн халаалтын тухайд миний хэлж чадах зүйл гэвэл дулааны станцууд горимоо маш сайн баримталж ажилласан гэдгийг онцолмоор байна. Өнгөрөгч өвлийн гаднах температур өмнөх жилийнхтэй харьцуулахад бага байлаа. Дулаан үйлдвэрлэлийн ачаалал өмнөх өвлөөс харьцангуй бага байсан.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж