
Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын өгсөн хариултаас үзвэл Гадаад харилцааны үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр боловсруулжээ. Тэр нь улс төрийн харилцааг ч эдийн засгийн өнцгөөс харна гэсэн үг биш гэдгийг сайд тайлбарлалаа. Сүүлийн үед гадаадаас зээл тусламж авна гэхээсээ илүүтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх талд ханддаг болсныг ч хэлэв. Гадаадад ажиллаж амьдарч, зорчиж буй Монгол Улсын иргэдийн тоо, тэдний үйлдэж, өртөж байгаа гэмт хэргийн тоо өссөн. Тэдэнд туслах санг байгуулж 2010, 2011 онд тус бүр 150 сая төгрөгийг төсөвт тусгасан. Гадаадад байгаа иргэдээс тусламж хүссэн өргөдлийг хэлэлцэх журам хатуу. Гадаадад нас барсан хүний шарилыг Монголд авчрах, хүндээр бэртэж гэмтээд асрах хүнгүй байгаа иргэнээ нааш нь татах гэх мэт тохиолдолд л хөрөнгө мөнгө гаргаж өгдөг аж. С.Оюун гишүүн гадаадад байгаа 100 гаруй мянган монголчуудад зовлон жаргал бишгүй байдаг тул төсөвт суулгах хөрөнгөө нэмбэл яасан юм бэ гэсэн санал хэлж байлаа.
Г.Занданшатар гишүүний хэлснээр транзит тээврийн асуудлаар Монгол Улс, ОХУ, БНХАУ хамтран 2005 онд гурван талт хэлэлцээрийн төслийг хэлэлцжээ. Хамтарсан хурлыг 2009 онд Оросын тал нутагтаа хийх санал гаргасан ч хийлгүй 2010 он хүргэсэн байна. Харин одоо болохоор Оросын Зам, тэврийн яам 2005 онд тохирсон гэрээг дахин задалж, нягталж үзнэ гэх болжээ. Түүнийг Монгол, Хятадын тал хүлээж авдаггүй юм байна. Ингээд Хятадад энэ оны нэгдүгээр сард экспертийн хурал хийхэд Оросын тал гэрээг задална гэсэн байр сууриа дахин тавьжээ. Энэ оны эхний хагаст ОХУ-д, хоёрдугаар хагаст Монголд дахин хурал хийх санал гараад буй аж. Ийнхүү транзит тээврийн шинэчлэлийн асуудал ОХУ-аас шалтгаалан сунжирч байгаа юм байна. Төмөр замын гэрээг шинэчлэх асуудал дээр ч Монгол, Оросын санал зөржээ. Оросын тал 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтаа эхэлж хийгээд 1949 оны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг бол Монголын тал гэрээг үндсээр нь шинэчилж байж хөрөнгө оруулалтаа шийдэж, хувь хэмжээг эргэж харж үзэх санал тавьсан байна. Засгийн газрын хурлаар уг асуудлыг хариуцсан ажлын хэсгийг шинэчилж ЗТБХБ-ын дэд сайдаар ахлуулжээ. Анхны хурлаа маргааш хийж төлөөлөгчдөө ОХУ руу явуулахаар болсон байна.
ОХУ-ын мэдлийн орон сууцны найман байрны маргаан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэмжээнд яригддаг. 2008 оны үеэс тэдгээр байрыг Монголд хүлээлгэн өгөх талаар нааштай яриа эхэлсэн ч оршин суугчид холбоо байгуулж зургаан байрны гэрчилгээг хүчингүй болгосноор байдал дахин буруугаар эргэжээ. Оросын тал гэрчилгээг сэргээхгүй бол Монголд шилжүүлэх боломжгүй гэж үзсэн байна.
Энэ үеэр гишүүн Э.Мөнх-Очир, Н.Ганбямба нар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ийм хариуцлагагүй хээлцэж болохгүй хэмээв. Хэтэрхий олон ажлын хэсэг гаргаж, маш сайн ажилласан гэсэн үнэлгээ өгч буй нь буруу, дөрвөн жилд 31 их наяд төгрөгийн үйл ажиллагаа явуулах хөтөлбөр байгуулсан. Тэр их хөрөнгийг яаж босгох вэ гэж тухайн үед ярьж байсан атал одоо бараг 99,99 хувийн биелэлттэй гэх нь холгүй байгааг тэд эсэргүүцэв.
Гишүүн О.Чулуунбат ОХУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах байгууламжийг Монголд байгуулахаар болсон талаар асуув. “Монголд пуужингийн довтолгооны аюул үнэхээр байгаа юм уу. Нөгөө хөрш, мөн гурав дахь гэгддэг хөршүүд үүнийг хэрхэн хүлээж авах бол” гэж тэрбээр асуусан юм. Батлан хамгаалахын сайд Л.Болд “Үүнийг зүүн Европын орнуудад НАТО-гийн байгуулсан шиг тийм төв мэтээр ойлгосон буруу мэдээлэл яваад байна. Баллистик пуужин энэ тэр биш. Эхний ээлжид зенит-пуужингийн цогцолбор, тоног төхөөрөмж, зэвсэглэл орж ирсэн. Улаанбаатарын агаарын орон зайг хамгаалах үүрэгтэй. Анги байгуулахад найман тэрбум төгрөг хэрэгтэй. Аливаа улс оронд том хот сууринаа хамгаалах шаардлага байдаг” гэсэн хариулт өглөө. Гишүүн Н.Ганбямба үүний цаана бизнес байгаа эсэхийг лавлаж байв. Батлан хамгаалахын сайдын тайлбарласнаар Оросын тал тоног төхөөрөмжийг үнэгүй өгчээ. Дэлхий нийтийн хэмжээнд аюулгүй байдлын нөхцөл өөрчлөгдсөн тул Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, стратегийн ордуудаа агаарын цохилтоос хамгаалах ёстой. Удахгүй гишүүдэд зэвсэглэл, төхөөрөмжийг танилцуулах юм байна.
Гишүүн Д.Тэрбишдагва гадаад айлчлалуудын үр дүн ямар байдгийг асуув. Энэ үеэр 2003 оноос хойш хэрэгжилгүй өдий хүрсэн БНХАУ-аас авах 300 сая ам.долларын зээлийн асуудал хөндөгдлөө. Мөн Монголын салхи баруун хойноос байдаг. Гэтэл хамгийн аюул тарих цэгүүд нийслэлийн баруун захад байрладаг нь газар хөдлөлт зэрэг болзошгүй аюулын үед илүү их гай дагуулах эрсдэлтэй тул үүнийг хэрхэхийг лавлаж байв.
Г.Занданшатар гишүүн “Хятадаас авах 300 сая ам.долларын зээлийг УИХ-аар хэлэлцсэн. Түүний 40 сая ам.долларыг мэдээллийн технологийн чиглэлээр ашиглах байсан ч өөрчлөгдсөн. Түүнээс болж Хятадын тал 260 сая ам.долларыг зогсоосон. Одоо 40 сая ам.долларыг зарцуулах шинэ хувилбар гаргахаар Засгийн газарт оруулж холбогдох газруудад танилцуулж байна. Ингэж эргэж буцах нь цаад талдаа ч төвөгтэй байдаг” гэлээ.
ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын хэлснээр газар хөдлөлтөөс сэргийлэх команд штабын сургуулийг энэ сарын 6-15-нд хийж буй. ШТС, өвсний фонд, хүнсний агуулах, хогийн цэг гээд ард иргэдэд аюул учруулж болох цэгүүд салхины дээд талд байрладгийг холбогдох байгууллагуудад анхааруулж байгаа юм байна.
Хуралдааны төгсгөлд Х.Наранхүү гишүүн гурван жил өнгөрөөд байхад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 70 хувьтай гэдэг сайн үзүүлэлт биш гэдгийг анхааруулсан юм.