“Даатгуулагчдын дансанд бодит мөнгө байхгүй”

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

“Даатгуулагчдын дансанд бодит мөнгө байхгүй”

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Дашдондог болон Мэдээлэл, тооцоолол сургалтын төвийн захирал Г.Хүрэлбаатар нар бидний асуултад ийнхүү хариуллаа.

-1960 оны нэгдүгээр сарын 1 болон 1-нээс хойш төрсөн бүх даатгуулагчид нэрийн  данс нээсэн. Даатгуулагчдын цалингаасаа төлж байгаа шимтгэл нэрийн дансанд хуримтлагдаж, хуримтлагдсан мөнгөнд хүү тооцогдож байгаа. Энэ мөнгө ирээдүйд тухайн даатгуулагчийн тэтгэвэрт зар­цуулагдана гэдэг. Гэтэл нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөө буцааж тэтгэвэр болгон авч ашиг шимийг нь хүртэж чадахгүй бол яах вэ. Өөрөөр хэлбэл, даатгуулагч шимтгэл төлж тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө нас барчихвал яах вэ. Манайд даатгуулагчдын бараг 50-60 хувь нь тэтгэвэр тогтоолгож чадалгүй нас бардаг гэсэн тоон мэдээг зарим эх сурвалж хэлэх юм билээ?

-Дэлхийд тэтгэврийн даатгалын гурав буюу түүнээс дээш тогтолцоо байгаа. Эхнийх нь нийгмийн даатгалын хуваарилалтын зарчим буюу орлогоороо зарлагаа нөхөх тогтолцоо. Хоёр дахь нь хагас хуримтлалын тогтолцоо, гурав дахь нь бүтэн хуримтлалын тогтолцоо гэж байдаг.

Хууль боловсруулахдаа Монгол Улс энэ гурван тогтолцооны нэг дэх буюу орлогоороо зарлагаа нөхөж явдаг эв санааны нэгдлийн тогтолцоог авсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өнөөдрийн залуучуудын төлсөн шимтгэлийн орлого өнөөдөр тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэврийн эх үүсвэрт зарцуулагдаж байгаа. Чиний, миний төлсөн мөнгө 70, 80 настай ахмадуудад тэтгэвэр болон очиж байгаа гэсэн үг.

Орлогоороо зарлагаа нөхдөг тогтолцоо учраас ямар нэг дансанд хуримтлал үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, хуваарилалтын тогтолцооны энэ зарчимаар шимтгэл төлж байгаад тэтгэвэр тогтоолгож чадалгүй барсан тохиолдолд төлсөн шимтгэлийг нь буцааж олгох тухай асуудал байхгүй. Тэтгэвэр тогтоолгоод нас барсан байлаа ч тэр үед тэтгэвэр тэгээд зогсоно гэсэн үг. Мөн үр хүүхдэдээ өвлүүлнэ гэсэн ойлголт байдаггүй. Таны яриад байгаа шиг даатгуулагч 55, 60 нас хүрэлгүй нас барвал үр хүүхдэд нь өвлүүлэх, эсвэл даатгуулагч амьд сэрүүндээ нэрийн дансан дахь мөнгөн хуримтлалаа банкинд барьцаалж орон сууц авах энэ тогтолцоо нь бүрэн хуримтлалын тогтолцоо юм. Энэ тогтолцоог өндөр хөгжилтэй орнуудад буюу санхүү, банкны зах зээл өндөр хөгжсөн орнууд хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, чиний шимтгэлд төлсөн мөнгө банкинд  хадгалагдаж байгаатай адилхан нийгмийн даатгалын санд мөнгөн хэлбэрээрээ байршаад хүү тооцогдож байдаг. Тэрийг яаж ашиглахаа тухайн иргэн өөрөө сонгох боломжтой байдаг юм билээ. 

-Та хуримтлал үүсэхгүй гэснээ тодорхой тайлбарлаж өгөхгүй юу. Хуулиараа нэрийн дансанд хуримтлал үүснэ, хуримтлагдсан мөнгөнд жил бүр хүү тооцно гэж байгаа. Нэрийн дансны мэдээлэх хуудас гэж бий шүү дээ. Энэ бүхэн хүмүүст “Надад нэрийн данс байгаа. Нэрийн дансанд миний төлсөн шимтгэл хуримтлагдаж байна. Энэ мөнгийг би тэтгэвэрт гараад авна” ойлголтыг бий болгоод байгаа шүү дээ?

-Бидний нэрийн данс гэж яриад байгаа зүйл бол хийсвэр тоо, тооцоолол, хийсвэрээр бүртгэдэг мөнгөн дүн юм. Үүнийг бодитой, дансанд бэлэн байгаа мөнгө гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр тэр мөнгө ахмадуудын тэтгэврийн эх үүсвэрт зарцуулагдаж байгаа учраас байхгүй юм.

-Тэгэхээр нэрийн дансанд хуримтлагдаж байгаа мөнгө, таны тайлбарлаж буйгаар хийсвэрээр бүртгэгдэж буй тэр мөнгөн дүнг 1960 оноос хойш төрсөн даатгуулагч тэтгэвэрт гараад сард хэдэн төгрөг авах вэ гэдгийг  тооцож гаргахын тулд л ашиглана гэсэн үг үү?

-Тиймээ, яг ингэж ойлгох хэрэгтэй. 1960 оны нэгдүгээр сарын 1 болон үүнээс хойш төрсөн даатгуулагч эрэгтэй бол 60 нас хүрээд 2020 оноос, эмэгтэй нь 55 нас  хүрээд 2015 оноос тэтгэвэрт гарна. 1960 оноос хойш төрсөн энэ хүмүүсийн тэтгэвэр авах аргачлалыг нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн дүнгээр тооцоолж сард хэдэн төгрөгийн  тэтгэвэр авах вэ гэдгийг тогтоох юм.  Өөрөөр хэлбэл, хэн хамгийн өндөр шимтгэл тасралтгүй төлнө тэр хүн тэтгэвэрт гараад авах мөнгө нь их байна гэсэн үг.

-Нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөнд жил бүр хүү тооцно гэж  хуульд байгаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллага тухайн жилд хэдэн хувийн хүү тооцохыг шийдвэрлэдэг. Гэтэл 2008 оноос хойш хүү тооцоогүй учраас нэрийн дансны мэдээлэх хуудас гаргаж өгөх боломжгүй гэж байсан. Яагаад 2009, 2010, 2011, 2012 онд хүү тооцоогүй юм бэ?

-Тооцоогүй биш, тооцсон. Хүүгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний сүүлийн гурван жилийн цалингийн өсөлтийн хувиар тооцож байгаа. Боддог тусгай томьёолол хуульд бий. Тухайлбал, 2008 онд 29 хувиар тооцсон санагдаж байна.

-2008 онд 18.7 хувиар тооцсон юм билээ?

-Тийм байна. 2008 онд 18.7  хувь, 2009 онд 29.8, 2010 онд 23.3 хувь, 2011 онд 29.5 хувиар тооцсон. 2012 оны тооцоо эцэслэж гараагүй, дунджаар 20 орчим хувиар тооцогдох байх. Энэ бол Монгол Улсын хэмжээнд байгаа хамгийн өндөр, банкны хадгаламжийн хүүнээс өндөр хувь.

-Бид өмнөх сурвалжлагаараа Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст очиход тэндхийнхэн “2008 оноос хойш нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөнд хүү тооцоогүй болохоор даатгуулагчдад 2009, 2010, 2011, 2012 онд таны дансанд төдөн төгрөг хуримтлагдсан” гэсэн мэдээлэл бүхий нэрийн дансны мэдээлэх хуудсыг гаргаж өгч чадахгүй гэсэн тайлбар хэлж байсан?

-Үгүй дээ, тийм байх учиргүй. 2011 он хүртэл хүү тооцчихсон. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 5.6 их наяд төгрөг бүртгэгдсэн байгаа. Нэрийн дансны мэдээлэх хуудсыг даатгуулагчдад онлайнаар хүргэж байгаа учраас цаасаар гаргаж өгөх боломжгүй байж болох юм. Хувь хүн регистрийн дугаараа оруулаад нэвтрэх юм бол нэрийн дансандаа хуримтлагдсан мөнгөн дүнгээ зөв байна уу, буруу байна уу гэдгийг өөрөө шалгах боломжтой.

-Онлайнаар үзэх боломжгүй байна билээ. Бид шалгасан. Манай уншигчид ч нэрийн дансаа онлайнаар шалгачихдаг тогтолцоог яагаад нэвтрүүлж болдоггүй юм бэ гэж асууж өгөөч гэж хүссэн?

-Нэрийн дансны мэдээлэх хуудсыг онлайнаар шалгаж болохгүй байгаа бол манай Мэдээлэл, тооцоолол сургалтын төвийн захирал Г.Хүрэлбаатараас тодруулчих. Би болно гэж л ойлгож байгаа.

-Тэтгэврийн даатгалын шимтгэл төлчихөөд бодитойгоор үр шимийг нь хүртэж чадахгүй бол цалингаас суутгуулж байгаа шимтгэлээ банкинд хадгалуулчихвал дээр биш үү гэсэн уншигч ч бий. Тэгэхээр даатгуулагчийг хохироохгүй зарчим, өөрөөр хэлбэл, таны ярьсан шиг бүрэн хуримтлалын тогтолцоонд яагаад шилжиж болохгүй байна вэ?

-Цалин авч л байгаа бол албан журмаар улсад шимтгэл төлнө. Хуулийг хэн нэг нь хүсэхгүй байна гээд хэрэгжүүлэхгүй гэсэн ойлголт байхгүй.

Харин өндөр цалинтай хүмүүс буюу хувийн хэвшилд ажиллаж  дөрөв, таван сая төгрөгийн цалин авч байгаа бол өөрийнхөө ирээдүйг бодоод нэмэлт арилжааны шинжтэй даатгалын тогтолцоонд шилжиж болно. Өөрөөр хэлбэл, арилжааны шинжтэй хувийн даатгалын байгууллагад даатгуулах тийм л тогтолцоонд иргэд сайн дураараа хамрагдах боломжтой гэсэн үг юм.

-Нэг уншигч нэрийн дансны мөнгийг ноёдын шатахуун, машин унаа авах мөнгөнд зарцуулж, хоосолж байна, өөрөөр хэлбэл, төсвийн цоорхойг нөхөж байна гэж ойлгодог. Угтаа бол бодитойгоор хадгалаад өсгөж байх ёстой биз дээ” гэж асуусан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Иргэд “Миний дансан дахь мөнгө байхгүй юм байна, би тэтгэвэр авахгүй юм байна” гэж ойлгож болохгүй. Таны төлсөн мөнгө өнөөдрийн ахмадуудын тэтгэвэрт очиж, таны маргаашийн тэтгэвэр ирээдүйд ажиллаж шимтгэл төлөх хүмүүсийн бүрдүүлэх хуримтлалаас гарна гэсэн үг. Эв санааны нэгдлийн зарчим гэж үүнийг л хэлээд байгаа юм. Нийгмийн даатгалын салбарт хариуцлагатай алба хашиж байгаа хүний хувьд хэлэхэд энэ мөнгөөр төсвийн цоорхой нөхдөг гэдэг асуудал огт байхгүй.

Г.Хүрэлбаатар: Зөвхөн бүртгэлтэй даатгуулагч л нэрийн дансны мэдээллээ онлайнаар авч болно

-Нэрийн дансны мэдээллээ даатгуулагчид онлайнаар авах, үзэх боломж байгаа юу?

-Бид нэрийн дансны мэдээллийг, мөн дээрээс нь шимтгэл төлж байгаа мэдээллийг манай вэб хуудсанд бүртгүүлсэн хэрэглэгч буюу даатгуулагчид регистрийн дугаараа оруулаад үзэх боломжийг бүрдүүлсэн байгаа.

-Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч нэрийн дансныхаа мэдээллийг үзэж болно гэсэн үг үү?

-Тиймээ, зөвхөн манай вэб хуудсанд бүртгүүлсэн хэрэглэгчид үзэж болно. Эсвэл ажил олгогч ажилтнуудынхаа мэйл хаягийг манайд өгсөн бол баталгаажсан хаягаар нь нэрийн дансны мэдээллийг хүргэх тогтолцоонд шилжиж, туршилтаар хэрэгжүүлж байна.

-Манай улсын хэмжээнд нийт хэчнээн мянган даатгуулагч байна. Энэ хүмүүсийн хэдэд нь нэрийн дансных нь тухай мэдээлэл онлайнаар хүрч байгаа вэ?

-Жилд цалин авч байгаа 600 мянган даатгуулагч байдаг гэсэн ойролцоо тооцоо гардаг. Дээр нь 100 мянга орчим хүн сайн дураараа даатгалд хамрагддаг. Нийтдээ 700 мянга орчим даатгуулагчийн 50-иас багагүй хувь нь нэрийн дансны мэдээллээ онлайнаар үзэж болж байгаа.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж