
Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга өрөөлд ухуулах нь байтугай өөрөө ч сайн судлаагүй “хоёр танхимт парламент”-ын асуудлыг Монголын улс төрд бас нэгэн “бөмбөг” болгон гаргаж тавилаа. Түүнийх нь араас мэдэх мэдэхгүй, ойлгох ойлгохгүй баахан нөхдүүд “Энэ чинь л парламентын тогтолцоог боловсронгуй болгох ганц зөв зам шүү дээ” хэмээн зэрэглээ хөөж эхлэв. Энэ асуудлыг арай өөр өнцгөөс харж байгаа Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Хоёр танхимт парламентын тухай асуудал өнөөдөртөө лав байхгүй. Хэн нэг хүн “Хоёр танхимтай больё” гээд хэлчихээр түүнийг тойрч гүйгээд байх шаардлага ч үгүй” хэмээн ундууцсан. Гэвч түүнээс олон нөхөд МАН-ын даргыг тойрч гүйгээд, зэрэглээ хөөгөөд байхаар энэ сэдвийг хөндөхөөс өөр аргагүй болж байна.
Зэрэглээтэй хөөцөлдөж буй нөхдүүдийн нэг танхимтай парламентаас татгалзах болсон шалтгаан нь сонгуулийг мөнгөөр хийдэг, санал худалдаж авдаг байдал, сонгуулиас үүдсэн хэрүүл маргаантай холбоотой гэнэ. Мөн хоёр танхимт парламентын давуу тал нь төлөөллийн ардчиллыг бий болгох, шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, парламентаас гарч буй шийдвэрт хяналт тавих боломжийг нээж өгч байгаа хэрэг хэмээн зөвтгөлөө. Юмыг яаж мэдэх вэ гээд хүч нэмэхийн тулд “Европын холбооноос бусад дэлхийн 51 орон хоёр танхимт парламенттай, ер нь Африк, Арабын улсууд л нэг танхимт парламенттай шүү дээ” гэж гөрдөв.
Эхэнд хэлсэн шалтгаан болох сонгуулийн маргааныг таслан зогсоох, иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд түлхэж буй мөнгөн амлалтыг хазаарлахын тулд сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөх асуудлыг намууд яриад удаж байгаа. Эрх барьж буй хоёр намын хийсэн тохиролцоогоор бол системийн өөрчлөлт хэзээ мөдгүй хийгдэхээр болж, УИХ дээр ажлын хэсэг хүртэл гарчихсан ажиллаж байгаа. Тэгээд ч өнгөрсөн баасан гаригт улс төрийн намуудын дарга нар “Мөнгөн амлалтаас татгалзах”-аар санамж бичиг үйлдэж, гарын үсэг зурсан нь ч нэг л “хулхи” шинжтэй харагдаад байна. Уг нь бол одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулиар /2007 оны арванхоёрдугаар сарын 26-нд нэмэлт өөрчлөлт оруулсан/ нэр дэвшигчид болон нам, эвсэл мөнгөн амлалт өгөхийг нэгэнт хориглочихсон юм шүү дээ. Уг хуулийн 37 дугаар зүйл буюу Сонгуулийн сурталчилгаа гэсэн хэсэгт “Нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй амлалт авах болон сонгогчийн саналыг худалдан авахад чиглэсэн бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн заасан байгаа. Үүнийгээ мөнгө амлах, тараахаас эхлээд урлагийн тоглолт хийх, шашны зан үйл, биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулах гээд нэг бүрчлэн нарийвчлаад заачихсан. Харин хуулийг дагаж мөрдсөн үү, үгүй юу гэдэг өөр асуудал.
Тухайлбал, одоо эрх баригч МАН-аас явуулж буй эх орны хишиг 1,5 сая төгрөгийг тараах ажиллагаа хэний, юуны үр дагавар билээ гэдгийг эргээд нэг саная. “Баян Монгол” хөтөлбөр буюу ашигт малтмалын ордуудаас иргэн бүрт нэг сая төгрөгийн хувьцаа эзэмшүүлэх бодлого бол Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт анхнаасаа туссан зүйл. Анхандаа МАХН-ын дарга нарын ойшоож үзээгүй энэ сэдэв, сурталчилгаа сонгогчдын дэмжлэгийг илт аваад эхлэхтэй зэрэг МАХН-ын дарга С.Баяр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг эцсийн байдлаар авах өдрийн өмнөхөн “Иргэн бүрт 1,5 сая төгрөг бэлнээр өгнө” гэсэн зарыг анх тарааж, түүндээ итгүүлэхийн тулд “1,5 сая төгрөг”-ийн батламжийг хэвлэн санал хураалтын урьд шөнө айл болгоны хашааг давуулан шидсэн билээ. Тэгээд ч баталсан хуулиа мөрддөггүй намын дарга нар санамж бичиг энэ тэр ийг үзэглээд засрах нь юу л бол. Тиймээс санамж бичгийн хоёр дахь хэсэг болох “парламентыг шинэчлэх, боловсронгуй болгох” тухай санаачилга илүү анхаарал татаж байна.
Тиймээс эхлээд МАН-ын даргыг төөрөлдүүлсэн “хоёр танхимтай парламент” гэж яг юу вэ гэдгээс асуултын хариуг хайх хэрэгтэй болж байна. Тухайлбал дэлхийн олон улс орнуудад загвар болж, “парламентуудын эх” хэмээн нэрлэгдсэн Британийн парламент хоёр танхимтай. Нийтийн (доод) танхим буюу төлөөлөгчдийн танхим нь бүх нийтийн шууд сонгуулиар сонгогддог, 600 гаруй депутаттай. Харин Лордын танхимыг сонгохгүй бөгөөд тэнд суух эрхийг угсаа залгамжлалаар буюу хатан хааны томилолтоор олж авдаг. Лордын танхим нь 1000 гаруй төлөөлөгчтэй. Харин парламентын гишүүн гэдэгт төлөөлөгчдийн танхимын гишүүдийг авч үзэх бөгөөд тэд л хууль тогтоох, өөрчлөх, хориг тавих, татвар ноогдуулах эрх мэдлийг эдэлдэг. Мөн орон нутгийн бүх удирдлага парламентын шийдвэрээр хөдөлдөг. Харин Лордуудын танхим нь Британийн шүүх тогтолцооны дээд байгууллага болдог байна.
Лордуудын танхим нь бүр XVIII-XIX зууны үе, Англи-Шотландын холбоо, Англи-Ирландын холбоо гэж байх үеэс уламжлагдаж, холбооны улсуудын язгууртнуудыг төлөөлөл болгон оруулж байсныг 1911 онд шинэчилж, парламент нь шийдвэр гарган Лордын танхимынхаа эрх мэдлийг хасчээ. Японы парламент мөн адил ийм бүтэцтэй. АНУ-ын Конгресс ч мөн адил. Сенатын дээд танхим нь 100 орчим гишүүнтэй, нэг гишүүн зургаан жилд нэг удаа сонгуульд ордог. Харин холбооны улсад багтдаг 51 муж улс тус бүрээс мажоритар жижиг тойргоос сонгогдож ирсэн 800 гаруй гишүүн хоёр жил тутамд сонгуульд ордог. Тэгэхээр Монгол шиг төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улсад хоёр танхимт парламент тохиромжтой гэдэг МАН-ын даргын үндэслэл худлаа болж байна. Харин ч манайх шиг төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улсын хувьд нэг танхимт парламент нь илүү тохиромжтой бөгөөд баруунд хэрэглэж буй хоёр танхимт парламентын энэ схемийг авна гэвэл ирээдүйд Монгол Улс аймаг аймгаараа хуваагдаад, жинхнээсээ “холбооны” улс болж магадгүй.
Хоёр дахь хувилбар буюу 1990 онд хэрэглэж байсан АИХ, УБХ-аас бүрдсэн Монголын анхны парламент. Энэ парламент шинэ Үндсэн хуулийг баталсан гавьяагаараа түүхэнд үлдсэн ч үндсэндээ хоёрхон жил л ажилласан юм. МАН-ын дарга болоод УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн дэвшүүлж буй энэ хувилбарыг аваад үзье. АИХ-ын 405 гишүүнийг сум тус бүрээс нэг, аймгуудаас арай олон тооны депутат сонгон баталдаг байв. Тэндээсээ УБХ-ын 56 гишүүнийг сонгосон аж. УБХ нь бодлогоо гаргаж, хууль тогтоомжтоо боловсруулаад АИХ-аараа батлуулдаг. Өөрөөр хэлбэл, АИХ буюу орон нутгийн төлөөлөл нь УБХ-аа хянадаг гэсэн үг. Гэхдээ АИХ нь байнгын бус ажиллагаатай, жилдээ нэг удаа хуралддаг, харин УБХ нь байнгын ажиллагаатай, хууль тогтоомж, бодлого боловсруулах ажлаа нугалдаг, одоогийнхоор бол Байнгын хороодынхтой адил үүрэгтэй байж. Гэтэл парламент гэж юу вэ? Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдлээр бол УИХ нь сонгогчдын төлөөллийн байгууллага бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих эрх мэдлийг эдэлдэг. Харин 1990 оны анхны парламентын үед АИХ нь УБХ-даа хяналт тавьдаг байж. Тэгээд парламентын хяналтын үүрэг хаачсан бэ, Засгийн газарт хэн хяналт тавих вэ?
Парламент бол сонгогчдын төлөөллийн байгууллага гэдгийг дээр хэлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт, хоёр танхимт парламентын тухай ярьж буй нөхдүүд ч “төлөөллийн ардчиллыг гүнзгийрүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” тухай ярьж байгаа. Хуучин АИХ-тай адил сум сумаас нэг нэг төлөөгч авчирч суулгаад дээд шатандаа буюу хууль тогтоогчиддоо хяналт тавих тухай. Гэвч сум гэдэг бол газар нутаг, засаг захиргааны нэгжийн төлөөлөл болохоос бус сонгогчийн буюу хүн амын төлөөлөл бус. Монголд 5000 хүнтэй ч сум бий, 70 мянган хүнтэй ч сум бий. Жишээ нь, Орхон аямгийн Баян-Өндөр сум буюу хуучнаар Эрдэнэт хот. Харин сонгогчийн төлөөлөл гэдэг нь хүн амын тоонд харьцуулсан, аль болох тэнцүү тооны хүн амыг төлөөлж байх тухай ойлголт. Тиймээс ч 2008 онд УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож, аймаг бүрийг нэг тойрог гэж үзээд, нийслэлийг 20 тойрогт хуваасан.
Үүнээс гадна, хамгийн гол нь ерэн оны анхны парламентынхаа тогтолцоо руу эргэж орсноор нөгөөх халдаж чаддаггүй Үндсэн хуулиндаа заачихсан сонгогчид өөрсдийн төлөөллөө шууд сонгох эрхэд шууд халдаж байгаа хэрэг юм. Сум, орон нутгаас нэг нэг хүнийг сонгоод явуулдаг, тэндээс нь арай дөнгүүр хэсэг нөхдийг нь дотроосоо дахин сонгоод тэднээр дамжуулан хууль тогтоох буюу төрийн эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэр ч байтугай сонгогчийн хагас дутуу ч болов сонгож буй тэр эрхэд нь ч гэсэн халдсан зарим санааг манай улстөрчдийн зүгээс цухалзуулаад байгаа. Ерөөсөө дандаа эрдэмтэд, мэргэжилтнүүд тэнд суух ёстой гэх мэтчилэн. Иргэд боловсролгүй, бүдүүлэг учраас сонголтоо зөв хийж чадахгүй байна гэж үзээд шууд томилоод оруулчихья гэнэ. Хэрвээ сонгогч мэдлэг боловсролгүй байвал мэдлэгтэй боловсролтой болгох нь төрийн үүрэг болохоос биш, сонгох эрхийг нь булааж авах эрх төрд байхгүй.
Эцэст нь асуухад тэдний дэмжээд байгаа энэ тогтолцоо хэн нэгэнд ашигтай байж чадах уу? Лав сонгогч болон парламентын төлөвшилд ашиггүй, харин эрх барьж буй МАН-д ашигтай байж магадгүй юм. Одоо сум баг бүрт засаглаж байгаа МАН-ын анхан шатны үүрийн дарга нарыг нэг нэгээр сонгож оруулж ирээд бодлогоо тулгадаг болж, тэр нь парламент бус МАН-ын бага хурлын үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг. Сонгогчийн төлөөллийн асуудал ч мөн энд хөндөгдөж байгаа. 5000 хүнтэй нэг суманд бодлогоо тулгах амархан уу, 50 мянган хүнтэй нэг аймагт бодлогоо тулгах амархан уу? гэдэг. Нэг ийм онол ч гэмээр зүйл байдаг, 5000 хүнтэй суманд ардчилал, зах зээл, эрх зүйт ёс гэж байхгүй. Сумын даргын гэр бүл хамаатан садныг тойрсон хэсэг л эрх мэдэлтэй, ажил албатай байж, бизнесээ хийдэг, тэнд шударга өрсөлдөөний тухай яриад хэрэггүй гэж. 30 мянган хүнтэй сууринд бол зах зээл байна, өрсөлдөөн байна, ардчилал ч бас тодорхой хэмжээгээр байна, гэхдээ эрсдэлтэй. Харин 50 мянган хүнтэй аймагт бол аль аль нь байна. Учир нь тэнд нэг даргын хамаатан садан байгаад олонхийг төлөөлж чадахгүй, нэг сумынхан гарч ирээд “манай сумынхан тэгж хүсч байна” гээд ярихад бусад сумынхан нь олонхи учраас “Чиний сум ямар хамаатай юм бэ” гээд босно. Эцсийн эцэст тэнд олонхийн эрх ашиг үйлчилнэ.
Хоёрдугаарт хэрвээ сум сумын төлөөллийг парламентад оруулж ирээд, нэг танхим болгоод асуудлыг хэлэлцүүлнэ гэвэл одоо яриад байгаа хүн амыг төвлөрүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөх тухай асуудал ч ор тас хаягдана гэсэн үг. Нөгөө л сумын сургуулийн дээвэр засах, худаг ус, хашаа барих тухай парламент дээр үргэлжилж, улам л эмх замбараагүй болж, сум бүр төсвөөс илүү их мөнгө саахын төлөө уралдаж, орон нутгийн бие даасан байдал энэ тэрийн тухай яриа ч үгүй болно. “Ерэн оны парламент илүү шударга байсан” гэж Э.Бат-Үүл гишүүн ярьдаг. Яагаад гэвэл тэр үеийн хүмүүс тийм байж. Харин өнөөдөр энэ их намчирхсан, нутгархаж талцсан, дээр нь төрийн эрх мэдлийг ашиглан мөнгөжсөн, түүнийгээ ашиглан илүү их эрх мэдэлтэй болож, байгалийн баялгаас илүү их ашиг хүртэхийг горилсон Монголын улс төрд 20 жилийн өмнөх парламентын хуучин бүтэц эерэг өөрчлөлт авчирах уу? Ёс суртахуунгүй улстөрчдөөс салахын тулд ёс суртахуунтай байхыг л албадахаас биш илүү олон ёс суртахуунгүй нөхдүүдээр солих ёстой юу.
Тэгэхээр МАН-ын даргын өөрөө өөртөө тавьсан бас нэг асуултаар энэ сэдвийг дуусгая. “Шуудхан хэлэхэд өнөөгийн нэг танхимтай 76 гишүүнтэй парламентаа энэ хэвээр үлдээгээд эрх мэдлийн хуваарилалтаа боловсронгуй болгох уу, эсхүл гишүүдийн тоо, танхимын зохион байгуулалтаа өөрчлөх үү? Парламентынхаа тогтолцоогоо урагшлуулах уу, ухраах уу?