Япон улсын Эрүүл мэндийн сайд Норихиса Тамура 2013 оны 3 дугаар сарын 04-ны өдөр өөрийн улсад ажлын айлчлал хийж буй Монгол улсын Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбарт хоёр орны цаашдын хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцав.
Эрүүл мэндийн дэд сайд Япон улстай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, яаралтай түргэн тусламжийг боловсронгуй болгох, төгсөлтийн дараах сургалт зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, Монгол улс эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх гэж байгаатай холбогдуулан Япон улсын даатгалын тогтолцооноос туршлага судлан, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Манай улс буурай орнуудын тооноос хасагдаж дунд орлоготой орны тоонд орсонтой холбогдуулан тусламж гуйх биш харилцан туршлага солилцох сонирхолтой байгаа юм. Монгол улсад Дорнын анагаах ухаан сайн хөгжсөн тул Япон улстай энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн байна.
Япон улсын эрүүл мэндийн сайд Норихиса Тамура эдгээр саналуудыг нэн талархалтайгаар хүлээн авч, гурван сая хүн ам гэдэг бол шинэ бодлого хэрэгжүүлэхэд боломжийн тоо. Бидний зүгээс нарийн мэргэжлийн хүнээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, бодлогыг шинэчлэхэд бодлогын зөвлөмж, зөвлөгөө өгч туслахад бэлэн байна. Даатгалыг анхнаас нь сайн бодож байж хийх хэрэгтэй. Манай орны хувьд хүн ам их, наслалт урт учир санхүүгийн талаас зарим нэгэн бэрхшээлүүд тулгарч байсан. Даатгалын төлбөрийг бууруулах амархан, ихэсгэх хэцүү байдаг тул анхнаас нь тавих шимтгэлийн хэмжээг нарийн тооцоолох хэрэгтэй гэдгийг онцолж хэлэв.
Уулзалтын төгсгөлд Япон улсын зүгээс тус улсын даатгалын сангаас олгодог эм болон эмийн үнийн жагсаалтуудыг дэд сайдад өгч хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.