
Малавийн Дээд шүүхээс тус улсын ерөнхийлөгч агсан Бингу ва Мутарикагийн дүү Петер Мутарика тэргүүтэй 11 сайдыг эх орноосоо урваж, ерөнхийлөгч Жойсе Бандаг албан үүргээ хүлээн авахад саад хийсэн хэрэгт буруутган шүүж эхэлсэн байна. Малавийн Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Петер Мутарика нь ерөнхийлөгч ахыгаа нас барсны дараа цэргийн хүчийг гартаа авч, үндсэн хуулийн эргэлт хийх замаар төрийн эрхийг гартаа авахыг оролдсон аж. Харин түүний энэхүү хуйвалдаанд хамссан хэргээр өмнөх болон одоогийн Засгийн газрын 11 сайд шүүгдэж байгаа юм байна. Мөн дээрх хэрэгтэй холбоотойгоор экс-ерөнхийлөгч Бингу ва Мутарикагийн зөвлөхөөр ажиллаж байсан Аллан Нтатад шүүхээр ялласан боловч тэрээр Их Британи улс руу зугтсан учраас шүүх хуралд өөрийн биеэр байлцаагүй аж.
Үүний зэрэгцээ өнгөрсөн даваа гаригт Петер Мутарика болон бусад 11 сайдыг эх орноосоо урвасан хэрэгт буруутган баривчилсны дараа ард иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал, цуглаан хийж цагдаа нартай мөргөлджээ. Үүний олон зуун хүн баривчлагдсан тухай ВВС мэдээлжээ.
Малавийн хуулиар эх орноосоо урвах нь эрүүгийн хэрэг учраас дээрх 12 хүний хэргийг Дээд шүүхэд хянан хэлэлцэж байгаа юм байна.
Малавийн Ерөнхийлөгч Жойс Банда нь өнгөрсөн дөрөвдүгээр сард өмнөх Ерөнхийлөгч Бингу ва Мутарикаг зүрхний шигдээсээр нас барсны дараагаас төрийн эрхийг барьж байгаа юм. Тэрээр Малавийн Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш улс төрийн шинэчлэлийн бодлого явуулж, Барууны донор орнуудтай харилцаа холбоогоо сайжруулаад байгаа билээ.
Б.АНХТУЯА