
Менингококкт халдварын өвчлөлийн тархвар зүйн хэтийн төлөвөөр 2013-2014 онуудад бүх аймаг, хотод халдвар нэмэгдэн дэгдэлт хэлбэрээр гарах магадлалтай байгаа тул дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг даалгаж байна. Үүнд:
Нэг. Халдварт өвчин судлалын үндэсний төв/ Г.Сүрэнханд/-д даалгах нь:
-Менингококкт халдварын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, эмч нарт зориулсан аудио хурлыг 3 дугаар сарын 20-ны дотор зохион байгуулах,
-Менингококкт халдвар гарсан нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 1-2 хүүхдийн байгууллагыг сонгон хамар залгиурын үрэвсэл илрүүлэх үзлэг, шинжилгээг энэ оны 3 дугаар сарын 25-ны дотор зохион байгуулах,
-Менингококкт халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай“ Эрүүл мэндийн сайдын 2008 оны 37 тоот тушаалаар батлагдсан заавруудыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах,
-Менингококкт халдварын тандалтыг эрчимжүүлж, эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, шаардагдах эм, вакцин, оношлуурын хэрэгцээг тооцон нөөцлөх,
-Менингококт халдвараас сэргийлэх энгийн аргууд/ хоолой зайлах, хамар, залгиурыг цэвэрлэх, дархлаа сайжруулах… гм/, өвчний анхны шинж тэмдгүүдийн талаар хүн амд сурталчлах арга хэмжээг эрчимтэй зохион байгуулах.
Хоёр. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгах нь:
-Менингококкт халдварын мэдээлэл, тандалт, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг гарган бэлэн байдлыг хангах.
-Хүүхдийн байгууллагад хамар, залгиурын үрэвсэл илрүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах,
-Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч нарт менингококкт халдварын оношлогоо, эмчилгээний талаарх сургалтыг энэ оны 3 дугаар сард багтаан зохион байгуулах,
-Албан даалгаврын хэрэгжилтийг энэ оны 5 дугаар сарын 20-ны дотор гарган Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлэх.